АМЬДРАЛ ТӨГСГӨЛТЭЙ Ч ХАЙР МӨХӨШГҮЙ

2015 оны 11 сарын 11

Өдөр өдрийн нар манддагаараа мандаж, улаанбаатарчуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. 12 цаг 37 минут, гадаа 10 хэмийн хүйтэн. Хичээлээ тараад харьж яваа бололтой, саарал дүрэмт хувцастай хөвгүүд шуугилдаж, тор барьж, таяг тулсан эмээ хальтирчихгүйг хичээн аажуухан зам гарч, үсээ гялалзтал нь гельдсэн, хар пальто, дипломат цүнхтэй залуу утсаар хэн нэгэнтэй ажил ярин, хурдхан, хөнгөхөн алхална. Хэзээ ч дахин давтагдахгүйгээрээ гайхамшигтай ч он цагийн уртад бүдгэрсээр арилах жирийн нэг өдөр Цэдэнбалын хөшөөний орчимд иймэрхүү дүр зураг угтав.

Харин түүнээс 50 хүрэхгүй метрийн цаадах байшинд уур амьсгал тэс өөр. Хоёр талд хуваагдсан, эртний өстэй залуус хэн хэнээсээ илүү гарах гэсэн хүсэлдээ дарлуулж, үгэн мэсээр биенээ сийчсээр эцэст нь нэгнийхээ аминд хүрчихлээ. Тэднийг салгах гэж дундуур нь орсон залуугаас болж анхаарал нь сарнисан эр үхлийн шарх авсан юм. Улсын драмын эрдмийн театрт “Ромео, Жульетта” жүжгийн уран бүтээлчид бэлтгэлээ хийж буй нь энэ. Тэдний сургуулилалт 11.00 цагт эхлэхийг дуулаад ийн очиход Тибальт, Меркуцио хоёрын тулааны хэсэгтэй таарав. Хов хоосон, харанхуй танхимын голд Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар туслах найруулагчийнхаа хамт сууж, өөрийн хэсгээ хүлээж буй уран бүтээлчид болон жүжигчдийн ар гэрийнхэн лоожинд тухалжээ. Үзэгчдийн танхим руу орох гэхэд танил жүжигчин “Наранбаатар ахын нүдэнд битгий харагдаарай. Одоохондоо тайван байгаа ч уур нь хүрвэл хөөгөөд гаргаж мэднэ шүү” гэсээр лоожинд суухыг зөвлөв. Маргааш нээлтээ хийх гэж буй жүжгийн сургуулилалт жигдэрсэн үед очсон болохоор найруулагч тэдэнд ихийг зааж зөвлөхгүй, өнөөдүүл нь ч алдаа гаргахгүй байв. Хөрөнгө санхүүгээс шалтгаалсан уу, жүжгийн тавилттай холбоотой юу, энд нүсэр чимэглэл, тайз харагдсангүй. Өнгө өнгийн гэрэл, сүүдэр, чамин хувцас стиль жүжгийн гол чимэг аж. Үзэгдэл солигдоход тухайн орчныг арын хананд проектороор үзүүлж байв. Эргэдэг тайз ашиглан өөр өөр орон зайг харуулжээ. Тухайлбал, түгшүүрт ая хүнгэнэж, Ромео өөд болсон үнэнч найзынхаа өшөөг Тибальтаас авч буй дүр зураг харагдаж байснаа тайз эргэлдэхэд уянгын ая эгшиглэж нөгөө талд нь авааль нөхөр, дурлалт залуугаа мөрөөдөн суух Жульетта үзэгдэх жишээтэй. Төгс төгөлдөр хайрын бэлгэдэл гэгддэг Ромео, Жульеттагийн тухай кино ёоз ёозоороо, Монголын түүхэнд 1966, 1996 онд жүжгийг нь сонгодог хэлбэрээр, хоёр жилийн өмнө дуулалт маягаар тавьсан байхад яагаад найруулагч үүнийг сонгосон юм бол гэх бодол эрхгүй төрж байсан юм. Гэвч уг жүжгийн бэлтгэлийг үзээд “Урлагийн бүтээлийн үнэ цэнийн хэмжүүр бол мөнхөд шинээрээ байх явдал. Хүмүүс жүжгийг биш, сайн тавилтыг нь үзэх гэж театрт очдог. Зохиолыг нь гэртээ уншчихаж болно” гэх зэрэг Дундад зууны үеийн алдартнуудын хэлсэн үг санаанд оров. Сүүлийн үед цус сорогч, амьд үхдэлтэй кино Холливудын зах зээлд түрж, үзэгчид ч хошуурч байгаа. Найруулагч ч энэ шийдлийг бүтээлдээ шингээж, Ромео, Жульетта хоёроос бусдыг нь цус сорогчоор дүрсэлжээ. Жинхэнэ хайр ховордож, хосууд хэн хэнээсээ ашиг хонжоо харж нийлдэг болсон нь биенийхээ цусыг сорж буйгаас ялгаагүй мэт. Дүү Тибальтаа оршуулаад удаагүй байж охин Жульеттагаа баян гүн Паристай гэрлүүлэх гэж яарсан ноён, хатагтай Капулетти, мөнгө л өгч байвал үйлчл үүлэгч нь амиа хорлоно уу, байна уу өөрт нь падлийгүй эмийн санч зэргийн дүрээр өнөөгийн нийгмийн сүүдэртэй талыг харуулжээ. Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы жүжиглэлт эмийн санч гэхээсээ илбэчин, залилагчтай төстэй, хувцасных нь хормойд Монгол Улсын газрын зургийг дүрсэлсэн нь ч үүнийг батлав. 14-хөн настай, ариун цагаан охины дүрдээ уусаад тийм болчихсон уу, угийн хүүхдэрхүү зантай юу, найруулагч бусдад нь заавар өгч байх зуур О.Дөлгөөн сүүдрээрээ тоглож харагдах нь өхөөрдөм. “Өөрийнх нь жүжиглэх хэсэг түр зуур завсарлав уу, үгүй юү хоол эргүүлж, өрөө рүүгээ гүйчих гээд байх юм аа” гэж Наранбаатар түүнийг хайрлангуй өнгөөр зэмлэж байсан юм. Тус жүжгийн гол дүрд тоглож буй Б.Шинэбаяр, О.Дөлгөөн хоёрыг тайзнаас буухад ч Ромео, Жульетта гэж бусад нь дуудах аж. Тэд дүрдээ сайн тохирчээ. Дүрдээ ид ороод жүжиглэж байхад нь найруулагч “Мартаагүй дээрээ нэг юм хэлээтэхье” гэж зогсоож, эсвэл шууд “Энэ, тэр мөрнөөсөө эхлээд жүжиглэ дээ” гэхэд тэд түгдрэх ч үгүй байгаа нь жүжигчинд л байх ур чадвар гэмээр. “Жульеттагийн бөгжийг гэрэлтдэг болгох арга байна уу, зураачаас асуугаарай” гэж Наранбаатар арын албаныханд захив. Студи ангийнхан, шинэ, залуу жүжигчид голдуу оролцсон авангард, постмодерн жүжигт хотын захирагчид П.Цэрэндагва, Капулетти ноёнд Г.Эрдэнэбилэг, Монтеккид Г.Амгаланбаатар, Лоренцо ламтанд С.БолдЭрдэнэ, өрлөг эхэд Ж.Оюундарь, эмийн санчид Б.Жаргалсайхан тоглосноор уг бүтээлийг чимжээ. Жульеттаг хэсэг зуур амьсгал хураахад өрлөг эх нь төрсөн ээжээс нь хувь илүү гашуудав. Өрлөг эхчүүдийн амьдралын цор ганц зорилго нь өсгөж буй хүүхэд нь байдаг учир ийн шаналах нь арга ч үгүй биз. 1996 онд тавьсан жүжигт Жульеттагийн найзын дүрд тоглож байсан Ж.Оюундариас шинээр тавьж буй “Ромео, Жульетта”-гийн талаар, 23 үзэгдлийг 15 болгож цөөлсөн нь хэр оновчтой байгааг лавлахад “Нийгмээс шалтгаалж хүний зан араншин, байгаа байдал өөрчлөгддөг. Манай нийгэмд байгаа ядуурал, зовлонг ч жүжигтээ тусгасан. Дундад зууны үеийнхээс өөр. Нэг зохиолыг найруулагчид олон өнцгөөс ойлгодог нь энэ жүжгээс харагдана. “Саранхөхөө” жүжгийг анх хэдэн сар тоглож байгаад яваандаа, 10 хоног болж багассаар энэ үед гурван цаг тоглодог болсон. Нийгэм цаг үе өөр болсон учир үүнтэйгээ зохицуулж хасах нь зүйтэй. Хэдийгээр “Ромео, Жульетта”- гийн үзэгдлүүдийг цөөлсөн ч гол санаанаас нь далийгаагүй” гэв.

Ромеог цөллөгт байхад найз Бальтазар нь иржээ. Хоёр найз баяр баясгалантайгаар тэврэлдэн уулздаг ч дурлалт бүсгүй нь өөд болсон гачлант мэдээг Ромеод дуулгадаг. Энэ хэсгийг сургуулилж байхад Н.Наранбаатар Бальтазарт хандан “Чи Жульеттад хайртай байсан гэж бодоод жүжиглэж үз дээ. Бунхан руу авч явахыг нь би харсан гэж хэлэхдээ би хайртай байсан юм гэсэн өнгөөр илэрхийл” гэснээс эргэцүүлэхэд үзэгчид зүгээр л үйл явдал хөөж, тоомжиргүйхэн хандалгүй, жүжигчдийн амнаас гарах үг, өгүүлбэр, дууны өнгө, үйл хөдлөл бүрийг ажиглаж, дотроо ямархан нэгийг бодох ёстой мэт. Ийн сургуулилсаар 16.00 цагт завсарлав. Миний мэддэг Ромео, Жульеттагийн эмгэнэлт түүхэнд байхгүй сонин, содон шийдлээр уг бүтээл дүүрэн боловч тэр бүгдийг бичилгүй үлдээе. Өнөөх л улиг болсон жүжиг гэж уншигч та бүү эндүүрээрэй. Жүжгийн төгсгөл нь хүртэл бидний мэддэгээс, төсөөлснөөс тэс өөр. Амьдрал төгсгөлтэй ч хайр мөхөшгүй аж. Хайр сэтгэлийнхээ төлөө амиа золиосолдог нь ялагдал мэт харагдавч эцсийн дүндээ тэд ялагч нь байх юм даа. Хамаг ажил зуун задгай гэж тэвдэж явахад нь залуу жүжигчин Б.Шинэбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Таны хувьд хамгийн хүнд хэсэг нь аль байв?

-Дурлалын дээд цэг нь хуял тачаал. Хайрын дээд цэг нь хүүхэд. Дурлал насгүй. Түүний насыг хайр уртасгаж, дэлгэрүүлдэг. Хайрыг үндэс нь гэвэл мод, дараа нь ой болдог. Жульеттагийн тагт руу анх очдог хэсэг хүнд. Өстөн гэр бүлийн охиныг үдэшлэгийн үеэр харж, бие биедээ анхны харцаар дурладаг. Жульеттаг харахын тулд эрсдэл гаргаж байж өстний гэр рүү очдог. Жульетта надад хайртай болов уу, намайг хараад хэрхэн хүлээж авах бол гэж Ромео дотроо өчнөөн зүйл боддог учир энэ хэсэг их хэцүү.

-Энэ жүжгийн үг хэллэг их яруу тансаг. Таны бодлоор хамгийн гоё үг нь аль вэ?

-Бүх дурлагсдын нэрийн өмнөөс бид хоёрыг ивээлдээ аваач. Аврал зөвхөн хайранд байдаг. Алт мөнгө, нэр төр, юунд ч биш.

-Энэ жүжигт тоглох болсноор танд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Энэ дүрд сонгогдоход найруулагч “Жульеттатай яг хосууд шиг бай, ээнэгшин дас” гэсэн. Сургуулилалтын үеэр бэртэж гэмтсэн ч нэгэндээ бусдаас илүү анхаарал халамж тавьж байгаа. Ромеод тоглосноор ямар ч бухимдалгүй болж, хүн бүрт халуун дулааныг бэлэглэмээр, үнсээд авмаар ч юм шиг мэдрэмж төрж байна. Бие эерэг цэнэгээр дүүрсэн мэт санагдаж, сэтгэл санаа өөдрөг байна.

Б.Дөлгөөн

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.88 uzmeer sangdchla