МОНГОЛЫН АНХНЫ ХҮҮХЭЛДЭЙН КИНОГ ХЭН, ХЭРХЭН ЯАЖ БҮТЭЭСЭН БЭ

2015 оны 11 сарын 10

Тус хүүхэлдэйн киног хийж байх үед буюу 1975 онд П.Дашхүүгийн авсан зураг

Т.ГАЛСАН

(Ардын уран зохиолч)


Эрхэм уншигч та Оросын “Чамайг даа” киноны чоно, туулай, америк киноны Микки хулгана, Дональд нугас, цасан гүнж, долоон одойг юу эс андах вэ?

Харин Монголд анх хэн хэн, яаж хүүхэлдэйн кино бүтээснийг мэддэг үү? Мэддэггүй бол би хэлж өгье.

Тэр үед бол монгол киноны хөгжлийн оргил үе байлаа. Гурван До-гийн үе ч гэдэг.

Нэг дэх До: Үйлдвэрийн дарга Батын Донров. Хүн бүрт байгаа давуу тал, сайн чанарыг ажил үйлсэд дайчлан шавхаж чаддаг, улс төрийн хов живийг гөлөгний гийнаа шиг үл ойшоодог жинхэнэ эр хүн, хамт олны жинхэнэ удирдагч байлаа.

Хоёр дахь До: Р.Доржпалам. Урлагийн гавьяат зүтгэлтэн. Мэргэжил нь гартаа орсон профессор. Ардын журамт цэргийн дөрвөн хороон даргын нэг, халуун эх оронч Сумъяа бээсийн хүү учир улс төрийн шалтгаанаар хайр, шагнал түүнд олдох нь ховор.

“Тунгалаг Тамир”-ын найруулагчид төрийн шагнал эс олдсон гээд бод. Доржпалам бол “Монгол кино” үйлдвэрийн дэд жанжин буюу уран сайхны удирдаач. Дэлхийн киноны нэвтэрхий тольд орсон анхны монгол киночин.

Гурав дахь До: С.Дашдооров-ерөнхий ариутган шүүгч (редактор). Жилд зургаан уран сайхны кино, 30 орчим баримтат киноны зохиол, тайлбар бэлдэж, 45 орчуулгын киноны “бөөс” түүнэ.

Дээрх гурван До-гийн үед Монгол Улсад кино үүсэж хөгжсөний 40 жилийн ой тэмдэглэх ерөөл бүрддэг юм байна. Тэд тасаг, цех, хүн бүрт “Их ойдоо ямар бэлэг өргөх вэ” гэсэн санал асуулгын дэвтэр аялуулсан нь уран бүтээлч бүр нэгийг бодож, хоёрыг хайхад хүргэв.

Яг энэ үеэр манай диафильмийн цехийн зураач хөвүүд нэг орой ажил тарах үеэр “Цай уу” гэж дуудлаа. Ходоод бүлээсч сэтгэл хөөрсөн үеэр мөнөөх залуус:

-Галсан ах аа, Монгол Улсад байхгүй нэг кино бүтээж, их ойдоо өргөвөл ямар вэ гэж байна.

-Юу гэж чихэндээ үл итгэн асуусанд:

-Манайх уран сайхны кинотой. Баримтат кинотой. Өнгөт кинотой. Гэвч хүүхэлдэйн киногүй шүү дээ. Түүнийг цөмөөрөө элбэн бүтээе гэж байна. Санадаг л санаа аж.

-Тэгээд та нар надаас (би тасгийн дарга нь ухаантай) хүсэх юу байна гэсэнд

-Та зохиол бичиж өг! Бид бусдыг нь даая гэдэг байна. Шөнө нь би “Хургачин хүү” гэдэг зохиол татлаад, өглөө нь өнөөх өдөөгч дүү нартаа өглөө. Тэд “Хургачин хүү”-г ихэд сониучирхан уншиж үзсэнээ

-Сайхан зохиол байна. Гэвч... гэж байна.

-Юу нь болохгүй байна гэсэнд:

-Хөл нь дэндүү олон юм. Мянган хурганы 4000 хөл жойргонуулах, 2000 эвэр шооргонуулах, нэг мянган ам ангалзуулах амаргүй шүү дээ гэж мэргэжлийн жүжигчин, мэргэжлийн бус зураглаач Балданпүрэв, зураач Б.Жадамба Т.Отгонбаяр нар намайг сэнхрүүлэв.

-Хөл цөөтэй, болж өгвөл хөлгүй амьтантай зохиол бичих арга байна уу гэж (монгол маркийн нэрт зураач, одоо их Британид уран бүтээлээ туурвин хүний дайтай аж төрж суугаа) Тодын Отгонбаяр царайчлангуйхан гуйж байна.

Маргааш нь би “Өндөг” гэдэг зохиол бичиж авчирч өглөө. Тэд уншиж үзээд баяр хүргэн, байтлаа өвдөгт мөргөсөн төдийгүй:

-Энэ бол манай тасгийн нууц. Бид мультфильм хийж байгааг хэн ч мэдэх ёсгүй. Гэнэт л алмайруулаад өгнө гээд алгаа ташицгааж билээ.

Тэрхүү нууц киноны зохиол нь ямаршуухан агуулгатайг тодорхойхон өгүүлбээс, монгол дээл хувцастай өвгөн тэнгэрээр нисэж явна. Түүний доогуур монгол ахуй айл гэр, адуу мал, аж төрдөг төрөлх тосгон нь урсана. Нисдэг өвгөн нэгэн хашаанд буулаа. Ач хүү нь угтав. Өвгөний хоёр ханцуй тунталзан, түнхэлзэн хөдлөх аж.

-Энэ юу вэ гэж ач нь сониучирхахад:

-Шил иддэг

Шөл болдог

Үүрээр донгоддог

Өндөг гаргадаг тэр юу вэ?

гэж өвөө нь оньсого таалгав. Ач хүү янз янзаар хэд буудав.

Өвөө нь:

-Таавал чамд өгнө гэлээ.

Ач:

-Тахиа гэв. Өвөө нь ханцуйгаа сэгсэрсэнд хоёр тахиа донгодонгоо газардлаа.

Маргааш өглөө хүү үзвээс тахиа нь өндөглөжээ. Нөгөөдөр нь ангаахай..., төдхөн дэгдээхэй болов. Жаал хүү” шувуу өндөглөдөг. Өндөг нь ангаахай, дэгдээхэй, улмаар шувуу болдгийг” мэджээ.

Тэрбээр голын эргээр явж байтал хоёр том хөх өндөг байна. Түүнийг авчран тахиандаа даруулав. Гэтэл тэр нь тахиа бус, чүүчийсэн өндөр хөлтэй тогоруу болчихжээ.

Хөөрч баяссан хөвүүн нуурын захаас хоёр хул шарга өндөг авчирч дарууллаа. Гэтэл тэр нь тахиа ч бус, тогоруу ч биш, алцар балцар гүйсэн нугас болчих нь бүр ч урамтай бөгөөд хачирхалтай.

Олон зүйл шувуутай болсондоо омогшин гайхуулагч хөвүүн хадны ангалаас ногоон бидэртэй хэдэн өндөг олж авчран тахиандаа даруулав.

Өглөө сэрээд үзвэл бүх шувуу үхжээ. Харин хуруун чинээ гурван могой өөр рүү нь мурилзан, толгойгоо цоролзуулан хэлээ гялалзуулан айсуй. Бат хэмээх энэ шувуучин хүү бол зохиолч миний бодлоор америк Барби охин шиг сайн сайхныг мөрөөдөгч монгол хүү билээ. Зохиолын агуулга товчдоо ийм.

Манай хамтлаг “нууц ажил”-даа шамдан орлоо. Хүүхдүүд өдөр нь төлөвлөгөөт ажлаа хийнэ. Ажил тарсаны дараа үүдээ тас цоожлоод мультфильмийнхээ зургийг зурж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зургаар хөдлөх анхны хүүхэлдэйн кино бүтээх нууц ажилдаа шамдана. Тийнхүү өдөр шөнөгүй зурсаар 1000 гаруй зураг бэлэн боллоо.

Гэтэл нууцаа ганц нэг хүнд задлалгүй болохгүйд хүрлээ. Учир нь, бидэнд зураглаач хэрэгтэй аж. Одоо Монгол Улсын төрийн шагналтан болсон Л.Шаравдорж хэзээний юм юманд адтай хүн. Түүнд нууцаа задлан гуйв. Шаравдорж зургийг нь авч өглөө. Түүний ам бол Төвбанкны авдрын цоож.

Зургаа угаалгахын учир өнгөтийн мэргэжилтэн П.Дашхүүд “нууцаа” алдлаа. Тэгээд цөмөөрөө мөнөөх “анхдагч” киногоо үзэв. Харамсалтай нь зураг огт хөдөлсөнгүй.

“Хүн төрөлхтний хийж чадсан бүхнийг монгол хүн хийх л болно доо!” гэж тэд аазгайтаж байна. Бид туршлага судлах хэрэгтэйг тооцов. Тэр үед бид юм бүхнийг “ах” нараасаа сурдаг, ховор бүхнийг Зөвлөлтөөс олж авдаг байсныг хэн яахин мартана. Бид ч Зөвлөлтийн соёлын “Ленин” клубээс нэг хүүхэлдэйн кино гуйж авлаа. Хүүхдүүд тэр зургийг уйгагүй судалснаар зургаа хөдөлгөөнд оруулах нууцын анхны мэдэгдэхүүнтэй болжээ. “Өрнийн хүн заалгаж байж сурдаг. Дорнын хүн, тэр дундаа монгол хүн үзчихвэл л сурчихдаг” гэж орос мэргэжилтний хэлсэн үг оргүй ч биш бололтой. Урьд нь нэгэнт гол дүрүүдийнхээ хөргийг бүтээчихсэн манай гурван зураач сарын дотор “хөдөлгөөний” 9000 зураг таталгажээ. Балданпүрэв маань авгайнхаа өвөрт жарган хонох бус, ажлынхаа өрөөнд зовж хоносон нь цөөнгүй.

 

Олон зургийг хөдөлгөөнд оруулах нь жүжигчнийг загнан уйлуулахаас дутуугүй бэрх ажил. Гэтэл уран бүтээлдээ улайрсан түүнийг (авгай нь хардаагүй байхад) албан газар бүрт байдаг хүн-хүнстэнгүүд хардсан удаатай. “Нөхөр Балданпүрэв ямар санаагаар, ямар зураг нууцлан аваад байна вэ” гэж махан хошуу, усан шүлс урсгасан ч гайтай. Энэ мэт ил далд ганг гаталсаар...

Ажилд маань амт шимт орсоор... Ахиад л дэлгэцэнд гаргаж үзлээ. Урай! Хурай! Зураг хөдөлж эхлэв.

Гайхалтай нь, манай гол баатар Батын гавал нь түнхэлзэн хөдлөх төдийгүй нүд нь урагшаа англи дуран шиг сунах аж. Инээдтэй нь Бат ямагт ухран явж байлаа. Би дарс буудуулав. Энэ бол хүүхдүүдийн зурсан зураг анх хөдөлж эхэлсний баяр! Гэвч бас л нууц задлахаас өөр аргагүй болов. Бид кино зургийн мэргэжлийн профессор О.Мягмар, П.Цогзол нарыг урин авчирч “нууц бүтээлээ” үзүүлэн зөвлөгөө гуйлаа.

-Будгийн ширхэг том байна. Тэр дэлгэцэнд (хэдэн мянга дахин томорч) гарахдаа жиг ургуулаад байгаа бололтой.

-Дүрсээ эсрэг тийш нь эвлүүлэн угсар... гэх мэтийг зөвлөн “нууц задлахгүй” гэж андгайлаад шавь нартаа баяр хүргэн бийр, будаг, зургийн цаасаар хандив өргөв.

Зохиолч миний бие ажил тарсан хойно шаазан вааранд будаг нухах ажилтай болов. Зураач нар маань амралтын өдөр, амрагийн болзоо бүгдийг огоорон өдөр шөнөгүй зургаа зурсаар нэг мэдэхэд 18.000 зурагтай боллоо. Бид киноныхоо хөгжим чимэглэлийг тэр үед нэр сууд гараагүй нэгэн хөгжмийн зохиолчид захиаллаа. Учир нь би гэдэг хүн алдрыг бус авьяасыг хүндэлдэг “муу” зантай. Тэрхүү авьяастан гэж шилсэн хүн маань хожим “Зулай цагаан Алтай” тэргүүт эх орны сүрлэг сайхан, хан гарьдын жигүүргэнт дууллуудаараа урлагийн гавьяат зүтгэлтэн болсон тохитой Чойгивын сахилгагүй хүү Сангидорж болой.

Зураглаач сайн, үйлдвэрийн бүх шат дамжлага шуурхай хойно доо, дуутай хөгжимтэй, яриа хөөрөөтэй, эхэндээ “Монгол кино үйлдвэрийн 40 жилийн ойд” гэсэн хүндэтгэлийн үгтэй ганц бүлэг хүүхэлдэйн кино дэлгэцийн бүтээл болох нь тэр ээ!

Гурван До манай бүтээлийг яаж угтсан нь мэдээж. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандраа гуай хүүхэлдэйгээр хөдөлгөдөг анхны мультфильмийг бүтээсэн гавьяатай. Харин зураг хөдөлгөж хийсэн анхны мультфильмийг зураач Б.Жадамба, Т.Отгонбаяр хослол зургийн монгол талдаа ганц мэргэжилтэн Балданпүрэв нар санаачилж, ахмад бид туслан дэмжин гаргаснаа өнөө ч дурсахад бахтай.

Харин Соёлын яамны зарим түшмэл:

-Энд нэг л далд утга байна. Хүний сайхан санаа, ажил үйлсийг устгаж дуусгадаг тэр “могой” манай сайхан нийгэмд бий гэж үү? Тэр хэн бэ хэмээн эрүү есөн шүүлэг тулгаж батлалгүй буцаасан удаатай. Гэвч Б.Донров дарга биднийг өрөөндөө хүндэтгэлтэйгээр урин цайлж, дайлж баяр хүргээд:

-Тайлбарыг нь ялигүй засчих. “Тайзан дээр өлгөөтэй байсан буу жүжгийн эцэст заавал дуугарах ёстой” гэж Антон Павлович Чехов хэлээ биз дээ? Эхэнд байсан өвөөгөө эцэст нэг гаргачих л даа!

-Хүү минь, хүүтэй минь адилхан дүү нар минь, аливаа зүйлийг хийхдээ мэддэг хүнээс, аав, ээжээсээ, багшаасаа асууж бай гээд л хэлүүлчих. Тэгээд л болох нь тэр гэж зөвлөж билээ.

Бас нэг хөгтэй явдал болов. Юу гэвэл, бид тэр цагийн хууль ёсоор “Өндөг” киногоо батлуулах болов. Хянахдаа гарамгай главлит, дагалдахдаа даамай дарга нар маань:

-Найруулагч нь хэн бэ? Найруулагчгүй кино байх ёсгүй гэж гэдийлээ.

Нээрээ ч бид орон тоо ч үгүй, төсөв зардал ч үгүйгээр хүүхэлдэйн кино бүтээх нь бүтээчихжээ. Тэр үед үйлдвэрийн намын үүрийн даргаар Балбарын Дашдорж хэмээх зөв төв хүн ажилладаг төдийгүй тэрбээр баримтат киноны мэргэжлийн аварга найруулагч байв. Б.Дашдорж намайг дагуулан явж Сэлэнгэ, Орхон, Туулын сав дагуух олон сангийн аж ахуй үзүүлж, “Атрын эзэд” бүрэн хэмжээний баримтат киноны зохиолыг албадан бичүүлсэнээс хойш бусад найруулагчид муу нэртээс айн цэрвэхээ болж, би зохиолын захиалгад дарагдах болсноо яахин мартах билээ.

-Найруулагч нь уу? Дашдорж аварга... гээд гүжирдчихлээ. Түүний нэр хүнд, алба тушаал нь шинэ бүтээлээ батлуулахад хэрэг болсныг ч нуугаад яахав.

Балбарын Дашдорж дуу, чимэглэлээр бичил киногоо тордож дутууг гүйцээснээр 160 баримтат кино бүтээсэн нөр хичээнгүй найруулагч маань ганц уран сайхны бүтээлтэй болсон нь “Өндөг” хэмээх хүүхэлдэйн кино билээ.

Монголын анхны зурган кино ингэж тээглэж, хөглөж, дооглогдож явж бүтсэн бөгөөд тэр нь уран сайхны чадвараар өнөөдрийн Боролдой Мягмар, гавьяат Мөрөнгуа нарын хүүхэлдэйн кинонд хүрээгүй байж мэднэ. Гэхдээ л Монголын анхны зургаар хөдлөгч хүүхэлдэйн кино тийнхүү бүтэж, бяцхан үзэгчдээ бага ч гэлээ баярлуулсан юм шүү!

Магадгүй, маргааш Монголын “Өндөг” хүүхэлдэйн киног Япон, Орос, Хятад, Америкийн уран бүтээлчид шинэчлэн бүтээхийг хэн мэдлээ. Дангааршиж уйдсан хорвоо, даяаршин урагшилж байгаа давшингуй хөгжлийн эрин шүү дээ.

“Монголын шилдэг нийтлэл”

цувралын 16 дугаар боть

(Дэд ботийн 269-275 дугаар нүүр)

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.2 Аргагүй л монгол хүн, монгол сэтгэлгээ, бүтээлч ахмадууд байна. Даанч би үзээгүй юм. хаанаас олж үзэж болох бол
66.181.184.135 МонголынАнхнын хүүхэлдээ
66.181.184.135 Амьдрал