Э.Доржсүрэн: БИ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ГЭЖ ХИЧЭЭЖ ЯВНА

2015 оны 11 сарын 10

Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг эзлэхээр зорьж яваа залуу уран бүтээлч Э.Доржсүрэн “Алтан намар-2015” наадмын шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан. 2002 онд 14-хөн настайдаа найрал хөгжимд зориулсан анхны бүтээлээ туурвин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хамгийн залуу хөгжмийн зохиолч болсон түүнтэй ярилцлаа.

Тэрбээр 2014 онд “Black box” театрын “Ширэнгэд”, “Сандлууд”, “Хүн хүний хайр” жүжгийн хөгжмөөр Монголын урлагт шинэ өнгө төрх оруулсан уран бүтээлчээр шалгаран “Гоо марал” цом хүртжээ.

Мөн онд Францын кино наадмаас “Миний нэрийг дуудаач” баримтат киноны хөгжмөөр шилдэг уран бүтээлчээр шалгарч байсан юм.

-“Алтан намар-2015” хөгжмийн их наадмын шилдэг бүтээлийн эзнээр шалгарсанд баяр хүргэе. “Рапсоди” бүтээлээ өөр хөгжмийн наадмуудад сойж байв уу?

-Төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээл л дээ. Би анх удаа энэ төрлийн наадамд оролцлоо. Шагнал авна гэж төсөөлөөгүй. Энэ жилийн хамгийн бахархалтай үйл явдал боллоо.

-Хэр дуншиж төрсөн бүтээл вэ?

-Нэг их удаан нухаагүй ээ. Би ер нь нэг зүйл дээр удаан суудаггүй муу зантай.

-Та Монголд жааз хөгжмийн урсгалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ тухайгаа яриач?

-2014 оны намраас GMUB төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөгжмийн уран бүтээлчдийн хүсэж байсан боломж гэж харж байна. Манайд жааз хамтлаг, уран бүтээлчид байдаг ч төдийлөн хангалттай биш.

Энэхүү төсөл нь Монголд анх удаа мэргэжлийн жааз хөгжмийн суурийг тавьж байгаа юм. Шотланд, Австри, Герман, АНУ, Бразил зэрэг гадаадын 20 гаруй зочин багш ирж, өөр чиглэл, мэргэжлээр хичээл заасан.

-Та хөгжмийн боловсрол, төгөлдөр хуурч мэргэжлийг хаана эзэмшсэн бэ?

-Би Хөгжим бүжгийн коллежийн бүтээгдэхүүн. Энэ сургуулиа төгөлдөр хуурч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.

-Ямар төрлийн уран бүтээлд дуртай вэ?

-Дан ганц хөгжим бүтээгчид ч биш, сонсогчдын хувьд ч аль нэг төрөлд хайрцаглагдчихсан мэт санагддаг. Зарим нь сонсож байгаа хөгжмөө төдийлөн сайн ойлгодоггүй, мэдэрдэггүй. Уран бүтээлчдийн хувьд энэ нь байж болохгүй асуудал.

Би таалагдсан хөгжмөө л сонсдог. Харин хөгжим бичихдээ, тоглохдоо аль болох өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг. Би залуу хүн. Өөрийгөө олох гэж хичээж явна. Би юунд илүү их хүсэл тэмүүлэлтэй, надаас ямар аялгуу гарч болохоор байна вэ гэдгээ мэдрэхийг хичээж байна.

Ингэж чадвал хүмүүс миний уран бүтээлийг сонсоод өөр хэн нэгнийхтэй андуурахгүй, Дооноо гэдэг хүнийх гэдгийг мэддэг болно гэж найддаг.

-Таны өвөө “Манан будан”, “Зүрхний хилэн” гээд олон түүхэн роман бичсэн алдартай зохиолч Ж.Пүрэв. Урлагийн мэргэжил сонгоход гэр бүлийн нөлөө байсан уу?

-Манай удамд хөгжмийн хүн байгаагүй. Тийм ч болохоор намайг хөгжмөөс хол байлгах гэж их оролдсон. Гэхдээ би хүсэл, сонирхлоо орхиогүй. Өөрийнхөө хамгийн дуртай, сайхан гэж бодсон зүйлээ хийж яваадаа баяртай байдаг.

Надад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол миний багш Г.Пүрэвдорж. Би Б.Шарав, Н.Жанцанноров, Г.Пүрэвдорж гэсэн гурван сайхан багшийн гарын шавь шүү дээ.

-Багш нарынх нь уран бүтээлийн онцлог таныхад шингэж байна уу?

-Шингэх хандлага ажиглагддаг. Гэхдээ би өөрийнхөөрөө, давтагдашгүй уран бүтээл л хийх ёстой. Миний хамгийн том эрлийн үзүүр л тэр.

-Төгөлдөр хуурын ард суухад, хөгжмөө тоглох үед ямар мэдрэмж төрдөг бол?

-Өөрөө өөртэйгөө ярих хамгийн сайхан боломж. Би юуг мэдэрч байна, би юу хүсэж байна вэ гэдгээ хөгжимтэйгөө ярилцдаг.

-Тоглоход сэтгэл сэргэдэг аяз байдаг уу?

-Яг тэр энэ гээд онцлоод хэлэх юм байхгүй ээ. Надад таалагддаг, миний шүтдэг хөгжим бүхэн тэр таашаалыг өгч байдаг болохоор. Тэр бүтээлүүдийг сонсох бүрт өөр өөр мэдрэмж төрдөг.

-Уран бүтээлч хүн бүр онгодын тухай ярьдаг. Ямар үед таны онгод ордог вэ?

-Онгод байдагт итгэдэг. Гараас юу ч гарахгүй үе ч бий. Гэтэл заримдаа урсаад л, хөврөөд л байна. Гудамжаар алхаж байхад, шүршүүрт орж байхад ч аялгуу ороод ирэх үе байна.

Ялангуяа шөнө унтахын өмнө их гоё аялгуунууд орж ирнэ. Тэр үед аль болох мартахгүйг хичээдэг. Гар утас, компьютертаа бичээд авчихдаг.

-Төгөлдөр хуурт зориулсан бүтээлийг өөрөө зохион, өөрөө тоглож цомог гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ цомог хэзээ бэлэн болох вэ?

-Нуулгүй хэлэхэд цомгийн ажил эхлээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Миний ажиллах хурд нэлээд удаан байгаатай холбоотой. Цомгийн эхний хоёр хөгжим цацагдсан. Дараагийнх нь бичлэгт ороход бэлэн болсон.

Ер нь залуу уран бүтээлч бие даан цомог гаргахад их хүнд байдаг юм байна. Уран бүтээлчдийн бүтээлийг бүтээгдэхүүн болгож, нийтэд сурталчилдаг компани, студиуд олшроосой гэж хүсэж байна.

-Та Монголын хөгжмийн ертөнц хөгжлийн ямар шатандаа явж байна гэж хардаг вэ?

-Их хурдтайгаар хөгжиж байгаа гэж боддог. Зөв голдрилдоо орж байгаа. Гэхдээ манайд өөрийн үндэсний шинж чанарыг агуулсан хөгжим, дуунууд цөөн бүтэж байгаа юм шиг санагддаг. Энэ төрлийн уран бүтээл түлхүү байвал бид илүү хөгжих байх.

-Таны уран бүтээлд үндэсний хэв шинжийг тусгасан уран бүтээл хэр олон байдаг бол?

-Аль болох тусгахыг хичээдэг. Монгол хүний сэтгэхүйгээр бүтсэн бүтээл учраас шинэлэг өнгө төрх, аялгуу бичихийг хичээдэг дээ.

-Монголын хөгжмийн зохиолчид дэлхийн тавцанд өрсөлдөхөд ур чадварын хувьд гологдохгүй. Харин гүүр л хэрэгтэй юм шиг. Энэ гүүр нь юу байх ёстой юм бэ?

-Урлаг маань хэтэрхий зах зээлийн системд шилжээд байна уу даа л гэж хардаг. Гадаадын зах зээлд байгаа хөгжмийг бид энд хийчихээд тийшээ гаргана гэхэд хэцүү л дээ. Яах аргагүй гүүр хэрэгтэй. Тэр нь өөрсдийн онцлогийг илүү тусгасан, чансаатай байх ёстой.

Ингэж чадвал бидэнд болохгүй зүйл байхгүй. Би урлаг, уран бүтээлийг галт тэрэгний зүтгүүртэй зүйрлэмээр байна. Бид нийгмийг шинэ зүйл рүү хөтөлж явах ёстой. Авьяас чадвараас гадна мэдлэг боловсрол нийлж байж сайн уран бүтээл төрөх болов уу гэж боддог.

Зарим хөгжмийг сонсоход үнэхээр мэдлэгтэй хүн бичсэн болов уу гэж бодогдохоор байдаг шүү дээ.

-Хүндэлж явдаг чансаатай уран бүтээлчээ нэрлэ гэвэл хэн байх бол?

-Надад байнга сонсдог жагсаалт гэж байдаггүй. Би шинэ хөгжим сонсох дуртай. Хамгийн гоё нь энэ гэхээс илүү аль болох бүх уран бүтээлчээс гоёыг нь ялгаж авах гэж хичээдэг.

-Зарим хөгжимчин, ялангуяа жааз хөгжимд дурлагчид электро хөгжмийг ойшоодоггүй юм шиг санагддаг. Харин таны хувьд?

-Электро хөгжим гоё шүү дээ. Би чихэнд чимэгтэй, өөртөө таалагдсан бүхнийг л сонсдог. Оршин байгаа бүх л хөгжмийн урсгалыг сонсохыг хичээдэг. Ингэж байж би тэр дундаас өөрийн өнгө төрхийг олно шүү дээ. Харин одоо сонгодог, жааз хөгжимд түлхүү орж байна.

-Хөгжмийн продюсерууд манайд дутмаг. Энэ орон зайг хэрхэн нөхөх ёстой бол?

-Манайд продюсерууд байна. Гэхдээ уран бүтээлчид, продюсерын баг бүрэн утгаараа хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Өрсөлдөөн бага. Ингэхээр уран бүтээлчид хурцлагдах зүйл гарахгүй шүү дээ.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

-Би өдөр бүр өөрийнхөө дуртай, дурласан зүйлийг хийхийг хичээдэг. Өөрийнхөө хийж буй зүйл, байгаа орчныг сонирхолтой байлгах дуртай.

-Шинэ бүтээлээ хүмүүст хүргэхийн өмнө тэдэнд таалагдахгүй байх вий гэсэн айдас байдаг уу?

-Уран бүтээлч бүхэнд энэ айдас байдаг байх. Би ийм мундаг юм хийчихлээ, ийм том амжилтад хүрлээ гэж бардахаас илүү даруу байхыг хичээдэг. Ямар нэг зүйл бүтээж л байгаа юм хойно үнэлэгдээсэй гэж хүсэлгүй яах вэ. Авьяас, чадвараа гаргаж хийсэн зүйлийг минь эцсийн эцэст үзэгч, сонсогчид л шүүнэ шүү дээ.

-Бүтээл нь гараас гарахгүй, санаснаар нь бүтэхгүй байх үед сэтгэлээр унадаг уу?

-Энэ зүйлийг хийх нь надад таашаал өгдөг учраас сэтгэлээр унах нь бага. Үнэхээр хийх гээд ч явахгүй байвал би тэр зүйлийг түр орхичихдог. Бусад ажлаа амжуулж байгаад, тэрийг өөр нэг тохиромжтой үед нь үргэлжлүүлдэг.

-Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг бараг л таны хоёр дахь аав гэлцдэг юм билээ?

-Тийм шүү. Намайг ээжийнхээ хэвлийд байх үеэс л бид танилцсан. Аав, ээжийн минь дотнын найз л даа. Намайг дөнгөж мөлхөж сурч байх үед бичлэг хийж хадгалсан байдаг. Гурван нас хүрэх үеэс өвөр дээрээ суулгаж байгаад л хөгжим тоглож өгдөг байлаа.

Хөгжим бүжгийн коллежид анх хөтлөн оруулж, урлагт уруу татсан. Бие даагаад уран бүтээлээ хийж байгаа энэ үед ч үргэлж дэмждэг.

-Таныг амьд хөгжмийн хамтлагийн гишүүн байсан гэж сонссон. Энэ тухайгаа яриач?

-Дунд ангид байхдаа амьд хөгжим, хамтлагийн уран бүтээлд их дурласан. 2002 онд Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болсны дараа “Бага насны хүүхэд хөгжим бичиж байна” гээд л хүмүүс янз бүрээр ярьсан.

Анхны найрал хөгжимд зориулсан бүтээлээ би 14 настайдаа бичсэн юм. Тэр үед надад Голландын консерваторт суралцах боломж гарсан л даа. Гэтэл би хамтлагтаа хоргодоод яваагүй. Хамтлаг минь надад тийм л үнэ цэнэтэй байсан.

-Алдсан боломжийнхоо араас харамсаж байв уу?

-Үгүй ээ. Тэгээгүй бол би одоогийнх шигээ амьдарч чадаа ч уу, үгүй ч үү. Би өнөөдрийг хүртэл туулсан амьдралдаа харамсаж байгаагүй.

-Одоо Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа гэсэн. Багшийн ажил хэцүү байна уу?

-Хамгийн сайхан ажил юм. Мэддэг, чаддаг зүйлээ бусдад заах сайхан. Бас өөрийн мэдлэгээ бататгах боломж олгодог юм байна. Сурагчдаасаа суралцах зүйл ч их юм.

-Хэр хатуу багш вэ?

-Хүүхдүүд маань хичээлдээ сонирхолтой, дуртай болохоор хатуурхах шаардлага алга.

-Орчин үеийн технологийн дэвшлийг хөгжимтэй хослуулсан бүтээл хийнэ гэж байсан. Тэр ажил нь хэр ахицтай байгаа вэ?

-Ipad, гар утсаар хөгжим тоглуулах, элекро чиглэлийн DJ-тэй хамтарсан шоу маягийн үзүүлбэрүүдийг хийж эхэлж байна. 2016 оноос олон нийтэд үзүүлэх санаатай байна. Энэ чиглэлээр дагнасан цомог гаргах санаа ч бий.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.94.131 Amjilt xusie
202.131.238.218 Уран бүтээлч хүний ухаалаг ярилцлага байна. Хөгжимдөө ууссан, жаргаж байгаа нь мэдрэгдлээ. Улам их амжилт хүсье!