Цагдаа нар СЭЖИГТНҮҮДЭД эрүү шүүлт тулгасаар байна

2015 оны 11 сарын 10

Хуулийн байгууллагын алба хаагчид гэрч, сэжигтнээс байцаалт, мэдүүлэг авахдаа зүй бусаар харилцаж, биед нь гэмтэл учруулах тохиолдол цөөрөхгүй байгаа аж.

Жилд дунджаар 700-800 гомдол Хүний эрхийн үндэсний комисст очдог бөгөөд үүний 70 орчим хувь нь эрүү шүүлттэй холбоотой байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд хүлээн авсан 710 гомдлын 330 нь ШШГЕГ-ын харьяа хорих анги, цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, хохирогч нараас гаргасан гомдол байжээ.

Тэднээс 32 гомдлын эзэд нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай байсан учраас гомдлыг ЦЕГ болон УЕП-ын газарт хүргүүлсэн аж.

Цөөн хэдэн жишээ дурдъя

• Энэ оны хоёрдугаар сард АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэрэгтэй холбогдуулан нэгэн дэлгүүрийн эзэн Пүрэвсүрэнг шалгахдаа, эхнэртэй нь хамт ажилладаг Б.Отгонцэцэг, Г.Дэлгэрцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан аж.

Гэтэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тэдэнтэй зүй бусаар харьцаж “Үнэнээ хэлэхгүй бол хорилоо. Хүүхдүүдийг чинь асрамжийн газарт өгнө” гэх зэргээр дарамталж, зоддог байсан аж.

Энэ талаар хохирогчид “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөнд хандсан байдаг юм.

• Иргэн Б өнгөрсөн хоёрдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа ХЭҮК-т гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо “2014 оны есдүгээр сард хэсгийн төлөөлөгч А, Г нар цагдаагийн хэсгийн байранд цахилгаан бороохойгоор цохиулж, “Ясыг чинь цайтал Ганцхудагт суулгана” гэж сүрдүүлэн, хийгээгүй хэрэг хүлээлгэсэн” гэжээ.

• 2014 оны хоёрдугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар гомдол гаргажээ.

Гомдлыг шалгахад дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор цахилгаан бороохойгоор гарын хурууны өндөг рүү нь, резинэн бороохойгоор толгой руу нь цохисон байж.

Мөн хэрэгт холбогдогч О-гийн булчинд цахилгаан бороохойгоор цохиулж, түр саатуулах өрөөнд зургаа хоног хорьсон нь тодорхой болжээ.

• Булган аймгийн нэгэн сумын төлөөлөгч М сэжигтэнг сумын уурын зуухны байранд 19 хоног хорьж, хууль бусаар эрүүдэн шүүжээ.

Татан буугдсан УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны статистикаас үзвэл тус албанд ирж байсан гэмт хэргийн шинжтэй бүх гомдол, мэдээллийн 90 гаруй хувь нь цагдаагийн алба хаагчтай холбоотой байжээ.

Гэвч энэ төрлийн хэргүүдийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн ч цөөн хэдэд нь арга хэмжээ авч, бусдыг нь “Тогтоогдоогүй” гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

Тухайлбал, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 оны хооронд эрүү шүүлт тулгасан гэх 12 үйлдэлд гурван удаа эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүргүүлсэн боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Б-ийн гаргасан гомдлоор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт энэ асуудлыг шилжүүлсэн ч “Эрүү шүүлт тулгасан үйлдэл нотлогдоогүй” хэмээн мөн л хэргийг хаажээ.

Мөн Булган аймгийн нэгэн сумын төлөөлөгч М-ын хэргийг “Гомдол гаргагч өөрийн хүсэлтээр уурын зууханд хоносон” гээд хаасан аж. Ийнхүү эрүү шүүлт тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгодгоос үүдэн “Эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн цагдаа нар ял завшиж байгаа” гэсэн яриа гарах болсон байна.

Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Бямбадоржоос тодруулахад “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 2014 оны нэгдүгээр сард татан буулгаж, төсөв, эд хөрөнгийг нь АТГ-т шилжүүлсэн. Гэтэл үүний дараа хүнийг хууль бусаар байцаах, эрүүдэн шүүх хэрэг ихсэж байгаа.

Ялангуяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд нэмэгдсэн. Үүнийг буцаан сэргээх гэхээр АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шигээр хүлээн авдаг. Үнэндээ эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч нар хариуцахаар болж байгаа.

Тэгэхээр мөр зэрэгцэн ажиллаж буй хүмүүс, нэг ангийн төгсөгчид бие биеэ шалгах нөхцөл үүсэхээр ашиг сонирхлын зөрчил гарч байна” гэв.

Мөн үүнээс гадна гэмт хэрэг гарсан газраас өөр газар шилжүүлэн хорих явдлыг эрүү шүүлтийн нэг гэж үздэг аж. Манай улсад дуулиан, шуугиан ихтэй хэрэгт холбогдогсдыг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Цагдан хорих байранд аваачиж хорьдог хууль бус ажиллагаа нэлээд гарах болжээ.

Үүнээс үүдэн зарим аймагт яллагдагчдыг сэлгүүлэн хорих явдал газар авч байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан шалгалт хийхэд Увс аймгийн иргэн Ц гэгч эмэгтэйг Баян-Өлгий аймгийн Цагдан хорих төвд шилжүүлэн хорьсон байжээ.

ШШГЕГ-аас гаргасан судалгаагаар 2013 онд 157, 2014 онд 119 сэжигтэн, яллагдагчийг Цагдан хорих байр сэлгүүлэн хорьсон аж.

Энэ мэтээр хуулийн байгууллагын алба хаагч гэрч, хохирогчдын биед хүнд гэмтэл учруулах, дур мэдэн цагдан хорих ангийг өөрчлөх тохиолдол олон гарсан ч үүнийг шалгаж тогтоох, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин дутмаг байгаа талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хэлсэн юм.

Тэрбээр “НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын гэрээ, конвенцтэй шүүгчээс эхлээд хуулийн байгууллагын алба хаагчид бүгд танилцах ёстой. Гэвч тэнд гэрээ, конвенцыг сөхөж ч харахгүй байна. Тиймээс бид сургалт зохион байгуулж, үүнийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэж байв.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 sejigten hunii neriig nuutsaldaggui baij, iim hereg hiisen tsagdaagiin neriig bas butneer ni bichih heregtei baijee.
172.101.82.153 hereg ilruulsen gedeg neriidleer tsol nemdeg yum bol terniig ni zogsooh heregtei yum bna.
172.101.82.153 hereg ilruulsen gedeg neriidleer tsol nemdeg yum bol terniig ni zogsooh heregtei yum bna.
182.160.32.183 Tsagdaa nar ugaasaa bugd nowshnuud hiigeegui hereg huleelgeed tsol nemehee l bodno hunii amidral tedend padgui