П.ТУНГАЛАГ: АФРИК ТИВ, АРАБЫН ОРНУУД БОЛОН АНУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮД МАШ ДАЙЧИН

2015 оны 11 сарын 10

МҮОХ-ны ажилтан П.Тунгалаг спортын эмэгтэйчүүдийнхээ оюуныг цэнэглэх ээлжит сургалтыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад тун завгүй явна. Энэ удаагийн сургалт урьд жилүүдэд болж байсан семинаруудаас нэлээн онцлогтой.

Тодруулбал, ОУОХ-ны итгэмжлэгдсэн мэргэжилтэн, хур туршлагатай Габриела Мюллер Мендоса сургалт удирдах юм. Сургалт нь англи хэл дээр, орчуулгагүйгээр явагдахаараа онцлог. Томоохон хэмжээний ийм сургалтыг Улаанбаатарт зохион байгуулж, спортын салбарын зүтгэлтнүүдээ оролцуулахыг тэр “Спорт ба эмэгтэйчүүд” комисстой амьдралаа холбосон цагаасаа мөрөөдсөөр иржээ.

Тамирчин бүсгүйчүүд, спортын салбарт ажилладаг эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлээсэй хэмээн боддог, боломж л гарвал дэмжихийг хүсдэг энэ бүсгүй 2015 оны зургадугаар сард ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнтэй ийн ярилцлаа.

-Энэ удаагийн сургалт спортын салбар дахь эмэгтэйчүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих хүрээнд болох юм байна. Сургалтыг удирдах мэргэжилтэн маань хэр туршлагатай хүн бэ? Та түүний зохион байгуулсан сургалтад оролцож байв уу?

-Ирэх арванхоёрдугаар сарын 9-11-нд Улаанбаатар хотноо ОУОХ-ны дэмжлэгтэйгээр “Спортын эмэгтэйчүүдийн “Манлайлал ба нөлөөлөл” сэдвээр ОУОХ-ны албан ёсны итгэмжлэгдсэн мэргэжилтэн Габриала Мело Мендоза ирж, сургалтыг удирдан явуулах юм.

Спортын байгууллагууд, холбоодод гүйцэтгэх болон шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэйчүүдэд сургалтын үүд хаалга нээлттэй. Хамгийн гол шалгуур англи хэлний мэдлэг. Учир нь хичээл англи хэл дээр, ямар ч орчуулгагүйгээр болно. Ингэснээр тухайн оролцогчийн хэлний мэдлэгийн түвшин ахиж, мэдээллийг шууд хүлээн авах бүрэн боломжтой, цаг хугацааг ч хэмнэнэ.

Монгол эмэгтэйчүүд дэндүү даруухан, иймд өөрийгөө нээх боломжийг олгож буйгаараа давуу талтай. Өндөр зэрэглэлийн менежментийн мэргэжилтэн манай урилгыг хүлээн авч, бүсгүйчүүдийн маань оюуныг цэнэглэх гэж байгаа нь нэр төрийн хэрэг.

Хатагтай Мендоза бол “Powerful Change” хэмээх менежментийн зөвлөх компанийг тэргүүлдэг. Миний мэдэхийн 2007 онд Тайландад сургалт зохион байгуулж байсан. 2015 оны нэгдүгээр сард Камбожид болсон ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” сургалтыг АНУ, Африк тивд удирдсан хүн.

Ер нь энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулдаг туршлагатай мэргэжилтэн. Шинэ оны өмнө холбоодын ажил ихэнх нь жигдэрч, тэмцээн уралдаан багатай энэ үеийг зориуд сонгож, арванхоёрдугаар сарын 9-11-нд сургалтаа зохион байгуулахаар болсон юм.

-Хичээлийн урьдчилсан хөтөлбөрүүд гарсан л байх...

-Манай спортын байгууллагын эмэгтэйчүүд ямар хэмжээнд байгаатай сургалтаа уялдуулах нь мэдээж.

Бид энэ талаарх мэдээллийг урьдчилан түүнд явуулсан. Эмэгтэйчүүдийн төлөөлөл яг юу хүсэж байна вэ, тухайн байгууллагад хэрхэн манлайлагч болох вэ, амжилтад хүргэх ямар боломж байдаг вэ, орчин үеийн даяарчлагдсан нийгэмд эмэгтэй хүний байр суурь ямар байна гэсэн цогц асуудал ч багтана.

Цаашлаад харилцан ярианы чадварыг дээшлүүлэх, биеийн хөгжил, оюуны ядаргаанаас хэрхэн гарах зэрэг орчин үеийн салбарын хөндөгдсөн асуудлаар сургалтаа удирдана.

Сургалтын гурван өдрийн урьдчилсан хөтөлбөр гарсан. Хичээл өглөө 08.30-аас эхэлж, 17.30 хүртэл үргэлжилнэ. Мэдээж үдийн цай, хоолны завсарлагатай.

-Англи хэл дээр, орчуулгагүйгээр үргэлжлэх хичээлийг оролцогчид ямар ч бэрхшээлгүйгээр ойлгоно гэдэгт та итгэлтэй байна уу?

-Өнөөдөр спортын салбар, холбоодын хувьд англи хэлээр дундаас дээд түвшинд мэргэшсэн хүн ховор байгаа нь үнэн. Ярианы чадвар сайн ч, харилцагч хүнийхээ яриаг сайн ойлгох нь чухал. Энэ талаар манай комисс чухалчлан ярилцаж шийдсэн.

Сургалтад оролцох англи хэлтэй хүмүүсээ шигшин сонгоод эртнээс бэлтгэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ ямар ч бэрхшээл гарахгүй, цаашдын хөгжилд ч хэрэгтэй.

-Энэ сургалтыг зохион байгуулсны дараа “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын хийх дараагийн ажил юу вэ?

-Манай комисс ирэх оны гуравдугаар сард эрдэм шинжилгээний бага хурал хийхээр төлөвлөж байна.

-Та энэ жил ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүнээр сонгогдсон. Арваннэгдүгээр сард дээрх комиссоос тусгай хурал зохион байгуулах тухай www.olympic.org сайтад мэдээлсэн байна билээ. Тус хуралд оролцох уу?

-Тийм ээ. Энэ сарын 10-12-нд Швейцарийн Лозанн хотноо ОУОХ-ны салбар комиссын хуралдаануудтай. ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүдийн нэрсийн жагсаалтыг харахад ихэнх нь ОУОХ-ны гишүүд, үлдсэнийг нь бусад ҮОХ-д, олон улсын спортын холбоодын төлөөллөөс багтсан байдаг юм билээ.

Энэ удаагийн хурлын хөтөлбөр гарсан. ОУОХ-ноос “Спорт ба эмэгтэйчүүд”-ийн чиглэлээр хийсэн ажлын тайлан, стратеги хөтөлбөр, Олимпийн эв санааны нэгдлээс эмэгтэйчүүдэд зориулан хэрэгжүүлсэн төслүүдийн тайланг хэлэлцэнэ.

НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал зэрэг нэр бүхий хүмүүс мэдээлэл хийнэ. Мөн ОУОХ-ны эмэгтэйчүүдийн шагнал буюу дэлхийн хэмжээний болон таван тив тус бүрт олгодог цомын шагнал гардуулах ёслол болно.

-Дээрх нэр хүндтэй шагналын эзнээр Ази тивээс УИХ-ын гишүүн Д.Арвин тодорч байсан санагдах юм. Энэ жил манайхаас тивийн шагналыг авах боломж хэр байгаа бол?

-МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс энэ шагналд спортын холбоодоос ирүүлсэн тодорхойлолтыг жил бүр нэр дэвшүүлдэг. 2009 онд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, УИХ-ын гишүүн Д.Арвин Ази тивийн цомын эзэн болсон юм. 2015 онд ч бид спортын зүтгэлтнүүдээсээ нэр дэвшүүлсэн. Энэ сарын 10-ны өдрүүдэд л хариу нь тодорхой болно доо.

-“Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос бүсгүйчүүдийнхээ дунд олон чухал үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жил та ОУОХ-ны салбар комиссын гишүүн боллоо. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийн тань үр дүн гарч байгаад баяртай байгаа нь мэдээж...

-МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын ажил бол миний хийх ёстой л ажил. ОУОХ-ны салбар комисст сонгогдсон нь нэр хүндийн хэрэг. Тухайн ҮОХ, эх орондоо олимпизмийн үйл хэргийг хэрхэн дэлгэрүүлж байгаа нь гол нөлөөлсөн болов уу.

МҮОХ-ноос ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисст намайг тодорхойлсныг тухайн үедээ мэдээгүй л дээ. Удирдлагууд маань зөвшилцөөд миний тодорхойлолтыг явуулсан юм билээ. 2015 оны зургадугаар сарын 1-нд ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ах над руу утсаар яриад “Тунгаа нэрээ харав уу.

ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүнээр батлагдчихсан байна. Баяр хүргэе” гэж хэлсэн. Энэ мэдээг сонсоод маш их баярласан. Мэдээж бахархалтай, нөгөө талаасаа асар их хариуцлагатай ажил. Спортын эмэгтэйчүүдээ хөгжүүлэхийн төлөө улам ихийг хийх хүсэл тэмүүллийг нэмсэн нь хамгийн үнэ цэнэтэй.

-Ажилдаа нэвтрүүлмээр олон шинэлэг санааг бусад орнуудын “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын үйл хэргээс олж хардаг л байх...

-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед Азийн наадам болон олимпод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал чухал байна. Үүний үр дүнд дундад Ази болон Арабын орнуудын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал эрс өөрчлөгдсөн.

Тэд шашны ёс заншлаа баримтлан гэртээ суудаг, харьцангуй хаалттай нийгмээс спорт, олимпизмийн хөдөлгөөний нөлөөгөөр эрх чөлөөтэй нийгэм рүү шилжиж байна. Дээрх орнууд аливаа наадамд эмэгтэй тамирчдаа түлхүү бэлтгэх, хурал зөвлөгөөнд эмэгтэй төлөөллөө заавал оролцуулдаг болсон.

Хувь хүний зүгээс ажиглавал Африк тивийн орнууд болон Араб, АНУ-ын бүсгүйчүүд маш дайчин санагддаг.

Тухайлбал Африк тивийн эмэгтэйчүүдийн спортын наадам, Арабын орнуудын эмэгтэйчүүдийн спортын наадам зохиогддог боллоо. Энэ удаагийн сургалт ч арай шинэлэг болох болов уу гэж найдаж байна.

-Тэгвэл Монгол Улсын “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын үйл ажиллагаанд та ямар дүгнэлт өгөх вэ?

-Энэ ажлыг хариуцаж байгаагийн хувьд өөртөө дүгнэлт өгөх нь өрөөсгөл. Ямартай ч манай спортын байгууллага, удирдах байгуулагууд спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үйл ажиллагаа зохих байр суурь эзлэх ёстойг ойлгосон гэж бодож байна.

Саяхан бид энэ чиглэлийн уулзалтыг МЧБХ-ны эмэгтэйчүүдийн шигшээ багтай хийсэн. Ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар зэрэг багш нар маань эмэгтэй тамирчдаа дагуулж ирээд бидэнтэй нээлттэй ярилцаж зөвлөмж авсан.

Тус холбоонд “Спорт ба эмэгтэйчүүд”-ийн зөвлөл байх ёстойг тэд ойлгосон. Шатар, жүдо зэрэг спортын холбоо ийм зөвлөлтэй.

-Та “Спорт ба эмэгтэйчүүд” комисстой амьдралаа холбоно гэж төсөөлж байв уу?

-Үгүй дээ. МҮОХ “Спорт ба эмэгтэйчүүд” комисстой байх зайлшгүй хэрэгтэй гэсэн мэдээллийг буудлагын дасгалжуулагч Б.Алтанцэцэг багш 2000 онд Францад болсон ОУОХ-ны дэлхийн бага чуулганд оролцож ирээд анх өгсөн юм билээ. 2001 онд МҮОХ тусгай комисстой болж, зохицуулагчаар нь намайг томилсон тухай Ерөнхийлөгчийн тушаал гарсан.

Манай комисс байгуулагдсан цагаасаа дотооддоо үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ чиглэлээр гадаадын хурал зөвлөгөөнд сууж, сурсан зүйлээр эндээ сургалт семинар зохион байгуулж ирлээ. Гэхдээ энэ ажлыг хариуцаж байгаа гээд өөрөө явах биш бусдыгаа, аль болох олон хүмүүс оролцуулахыг илүүд үздэг.

Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг даа. Нэг нь ч гэсэн гадны мэргэжилтнүүдийн сайхан лекцийг сонсоосой, эмэгтэйчүүд маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэж их хүсдэг. Энэ жил Камбожид болсон хуралд гурван төлөөлөгч явсан.

2009 онд бас гурвуулаа оролцож байсан юм. Ингээд бодохоор гадаадын сургалт, хуралд дээд тал нь гурван хүн оролцож байжээ.

-Гурав гэдэг бол миний хувьд чамлалттай тоо шиг санагдаж байна...

-Зохион байгуулагч талаас нэг хүний зардлыг даах тийм хуралд ихэвчлэн бид явдаг юм. Хоёр дахь хүн гараад ирэхээр зардлаа хувиараа гаргах болно. Манай нөхцөлд санхүү хүнд, хуралд суух хүний зардлыг гаргах хэцүү шүү дээ.

Бусад орныхныг харахад 4-5-уулаа ирнэ. Ямар асуудлаар ярилцахаа хоорондоо зөвлөөд сайхан л даа. Хэзээ нэгэн цагт Монголоос гадаадын сургалт, хурал зөвлөгөөнд олуулаа оролцож, сургалтыг удирдаж, туршлага судлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй явдаг.

-Комиссын ажлын талаар хоёулаа хангалттай ярилцлаа. Харин одоо П.Тунгалаг хэмээх бие хүний талаар сонирхмоор байна. Та яагаад спорт, олимпизмтой амьдралаа холбохоор шийдсэн юм бэ? Спортод дур сонирхолтой байдал тань энэ зам руу хөтөлсөн юм уу?

-Харин ийм л болчихлоо (инээв). Арван жилийн сурагч байхдаа спортоор хичээллэж байсан. Тухайн үедээ ангийнхаа нэлээн өндөрдүү нуруутай охидын тоонд ордог байсан учраас биеийн тамирын багш маань сагсан бөмбөгийн секцэнд сонгож авсан юм.

Улмаар “Хөдөлмөр” нийгэмлэгт Н.Юнгээ багшийн удирдлагад бэлтгэл хийж байлаа. Гэхдээ спортын секцэнд нийтийн жишгээр хамрагдсан хэрэг. Спортыг улаан хообий гэх нь ч юу юм, өөрийнхөө хэмжээнд сонирхдог.

-Их сургуулиа төгсөөд л та МҮОХ-нд ажилд орсон хэрэг үү?

- МҮОХ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө хувийн хэвшилд хүч сорьж үзсэн. Тухайн үед цалин дажгүй боловч өөрийгөө хөгжүүлэх тал дээр хангалтгүй байсан учраас ажлаасаа гарсан юм. Бараг хоёр сар гэртээ суусан даа.

Улмаар зарын дагуу МҮОХ-нд хандаад ажилд орж билээ. Гэхдээ гадаад хэл мэдэх өөр, ажлын туршлага гэж агуу зүйл байдаг юм билээ.

-Ажлын хүндээс шантарч бэрхшээж байв уу?

-Шантрах үе гарна. Спортын талаар өргөн мэдлэг байсангүй. Шинэ ажил эхлэхэд мэдэхгүй зүйл их гардаг шүү дээ. Хэцүү бүхнийг яаж давж туулахаа дотроо их боддог байсан.

Миний ажил сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой сайхан ажил. Би ганцаараа биш, багаараа ажилладаг. Олон хүний дэмээр өдий зэрэгтэй яваа.

-Таны хувьд Азийн наадам, Зүүн Азийн наадам, олимпийн ар талд ажилласан. Энэ бол асар хариуцлагатай ажил шүү.

-Xамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог Азийн наадмын үеэр хамгийн их ачаалалтай ажилладаг. Оролцогчдын эхний бүртгэл 1000 гаруй хүн. Тэднээс шигшиж, 200-300 хүний дунд эргэлдэнэ. Янз бүрийн асуудал их гарна. Эрх авч оролцдог учраас олимп харьцангуй ачаалал багатай.

Зуны олимп гэхэд 50-60 хүний дунд эргэлдэнэ. Харин өвлийн олимп харьцангуй ачаалал бага. Ер нь хүний харилцаа гэж тусдаа шинжлэх ухаан байна аа.

-Таны ажиллаж байсан наадмуудаас аль нь зохион байгуулалтын хувьд хамгийн их таалагдсан бэ?

-“Хонконг 2009” Зүүн Азийн наадам. Хонконг газар нутаг багатай ч гэсэн наадмын үеэр элдэв хүндрэл учраагүй. Барилга байгууламжийн ашиглалт, зохион байгуулалт, хүмүүсийн боловсролтой холбоотой байх. Ямар ч үед бидний хамгийн сайн туслах тухайн наадмын сайн дурын ажилтнууд байдаг.

Тэдний хүчийг зөв ашигалавал асуудал хялбар шийдэгддэг л дээ. “Хонконг-2009”-т сайн дурын найман ажилтантайгаа бид маш сайн ойлголцож, элдэв асуудал гараагүй.

-Наадмуудын ар талд ажиллах нь хэцүү ч гэсэн нэр төрийн хэрэг. Тиймээс таныг би азтай хүн гэж тодорхойлох гээд байна л даа...

-Азтай нь ч юу юм. Энэ бол миний хариуцсан ажил. Наадам, эсвэл хурал зөвлөгөөнд “Би явъя” гэж хэзээ ч хэлж байгаагүй. МҮОХ-ны ажлын төлөвлөгөөгөөр хэн ямар наадамд ажиллах, ямар хурал зөвлөгөөнд оролцох нь тодорхой гарчихдаг. Тиймээс хийх ажил тодорхой байдаг.

-Та завтай үедээ спортоор хичээллэдэг үү?

-Долоо хоногт нэг удаа найзуудтайгаа Богд уул руу алхдаг болоод байгаа. Ширээний теннис тоглоно. Спортоор хичээллэх нь миний долоо хоногийн ажлын төлөвлөгөөнд багтдаг.

-Ярилцлага маань дуусах дөхөж байна. Та манай сониноор дамжуулан уншигчдад маань хандаж юу хэлмээр байна вэ?

-“Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос шийдвэрлэхийг хүсдэг ч, шийдэж чаддаггүй асуудлууд байдаг. Боломж хийгээд эрх мэдэл нь байвал олон эмэгтэйчүүдийн хувь заяаг эргүүлэх юмсан гэж мөрөөддөг. Зарим тамирчинг манай комисст хандахад хувийн зүгээс зөвлөгөө өгөөд гаргах нь ч бий.

Эмэгтэй тамирчдаа харахад спортыг амьдралаа болгон, өөрийгөө золиослоод байх шиг санагддаг. Тиймээс спортын хажуугаар өөрийгөө хөгжүүлээсэй, мэдлэг боловсролдоо байнга анхаараасай гэж их хүсдэг.

Мөн спортын байгууллагууд, холбоод үйл ажиллагаандаа эмэгтэй төлөөллөө дэмжин оролцуулаасай. Ямар ч багт эмэгтэй хүний үүрэг чухал байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД