Цагдаад гар хүрсэн Бааварыг өршөөв

2015 оны 11 сарын 05

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өчигдрийн шүүх хурлаар “Айс топ” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, “Дижитал”-ын Баавар буюу Ш.Батбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтнууд, тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, Д.Манлайжаргалд нэг жил зургаан сар хорих ял оноож, 2014 оны аравдугаар сард танхайрсан хэрэгт шийтгүүлсэн өмнөх тогтоолоор ногдуулсан ялаас хоёр жилийг дээр нь нэмж, чанга дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сар хорихоор шийдвэрлэсэн. Харин М.Бадрахад гурван сар нэг хоног баривчлах ял шийтгэжээ.

Ш.Батбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

Улсын дээд шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт оноосон ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Түүнчлэн анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.10 дахь хэсэгт “Эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор ногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оноосон нэг жил зургаан сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхлэхийг үүрэг болгов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД