Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхлэхийг үүрэг болгов

2015 оны 11 сарын 05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа өчигдөр төв цэвэрлэх байгууламжид хийв. Тус уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох яамдын төлөөлөл оролцсон.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд Засгийн газар нийслэлийг дэмжиж, хамтарч ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ирэх оны нэгдүгээр сард бэлэн болгох гэнэ. Францын “Артелла вил энд транспорт” компани ТЭЗҮ-ийг хийж буйг Ерөнхий сайд сайшаасан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яамны удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар болсон бөгөөд хоёр үндсэн зорилготой ажиллана.

Тодруулбал, шинэ байгууламж барих, түүнийг ашиглалтад орох хүртэлх 3-5 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм. 2016 оны төсөвт үүнд зориулж, 8.1 тэрбум төгрөг тусгаад буй.

Тус үйлдвэрийг барьж байгуулах санхүүгийн ямар эх үүсвэр, боломж байгааг судалж, ажил хэрэг болгохыг нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа ч хугацаа алдахгүй байхыг анхаарууллаа.

Мөн шинэ байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын түвшинд судалж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД