Заяагийн цаад ЭЗЭД

2015 оны 11 сарын 05

“Батзаяагийн” гэх хэргийн сэжиг, таамаг нийгэмд дуулиан тарьж байна. Биеийн тамирын багш мэргэжилтэй, бие хамгаалах урлагаар хичээллэдэг, “Женко” Х.Баттулгын бие хамгаалагчаар олон жил ажилласан Б.Батзаяа.

Дотнын хүмүүс нь түүнийг “Заяа” хэмээн товч нэрээр нь дууддаг. Ердөө долоон жилийн өмнө түүнд одоо сэжиглэгдээд байгаа шиг их хэмжээний мөнгө завших боломж байгаагүй. Б.Батзаяа 2008-2012 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирлаар, мөн 2012-2014 онд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллав.

Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал салбарт нөлөө бүхий, олны танил нэгэн болж хувирсан долоон жил түүний намтарт бичигджээ.

Гэвч төрийн өндөр алба хашиж, хариуцлагатай ажил эрхэлж байх хугацаандаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэв. Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчлан саатуулж, шалгаж эхлээд байгаа.

Заяагаа албан тушаалын шатаар амжилттай өгсөхөд тусалсан анд нөхөд нь ч хэвлэлийнхэнд “байцаалт” өгөөд эхэлжээ.

Х.БАТТУЛГА: ТЭР БОЛ А.ГАНСҮХ САЙДЫН ҮЕД ХИЙГДСЭН АЖИЛ

-Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой асуудлаар Та юу хэлэх вэ. Танаас болж буруутгагдлаа гэх байр суурь голлож байна?

-Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй.

-Чингис бондоос 260 гаруй сая ам.доллар зарцуулсан ч төмөр замд юу ч хийгээгүй гэх?

-Тэр бол А.Гансүх сайдын үед хийгдсэн ажил.

-Өнөөдрийг хүртэл хэр хэмжээний ажил хийгдсэн юм бэ?

-М.Зоригт сайдаас наадахаа тодруул.

-Таны үед төмөр зам барихаар болж, далангийн ажил явсан шүү дээ?

-Намайг Зам тээврийн сайд байхад Засгийн газрын тогтоол гарсан, УИХ-ын шийдвэр гарсан. Төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн, мөнгө өгөөгүй.

Баялгийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа. Хэн нь баялгийг барьж, эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна.

-Б.Батзаяаг Та буруугүй гэж бодож байна уу, эсвэл?

-Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна.

“Өнөөдөр” сонин. 2015.11.03

Х.БАТТУЛГА: АЖИЛ ХАРИУЦСАН ХҮМҮҮСИЙНХ НЬ ЯРИЛЦЛАГЫГ УНШИЖ БАЙСАН

-Төмөр замд оруулсан гэх 200 сая ам.долларыг Б.Батзаяа та нар нийлээд хувьдаа хусчихсан юм биш үү. Энэ мөнгө хаана байна вэ. Яг 200 сая долларын ажил тэнд хийгдсэн үү?

-Миний судалсан гэх юм уу, сонссоноор А.Гансүх Зам тээврийн сайд байхад бондын мөнгөнөөс 400 саяыг шийдвэрлэж, 200 саяыг нь авч компаниуд нь ажлаа хийчихсэн гэдэг юм. Засгийн газар, АН-ын бүлэг дээр ч тэгж танилцуулдаг байсан. Ажил хариуцсан хүмүүсийнх нь тийм ярилцлагыг уншиж байсан. Одоо ажлаа хийсэн компаниудыг цагдан хориод шалгаж байх шиг байна. Шалгалтын дүнд хэн, юу хийсэн нь нотлогдоод ирнэ биз.

Itoim.mn 2015.04.11

А.ГАНСҮХ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” БОЛ ТӨХ-НД ХАРЬЯАЛАГДДАГ

-Та хамт ажиллаж байсан хүнийхээ хувьд Б.Батзаяаг ийм хэрэгт холбогдсон байх магадлалтай гэж үзэж байна уу?

-Зам, тээврийн яам бол салбарынхаа бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. “Монголын төмөр зам” компани бол төмөр зам барих үйл ажиллагааг удирдаж байсан.

Энэ компани Төрийн өмчийн хороонд харьяалагддаг, тэнд ажлаа танилцуулдаг байгууллага. ЗТЯ бодлого хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжил, арга зүйнх нь хувьд удирддаг.

Намайг сайд байх үед манай Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. ЗТЯ-наас гарч байсан тушаал, шийдвэр, бодлогын бичиг баримт гээд бүх зүйл хуулийн дагуу явж байсан.

“Ардын эрх” 2015.11.04

Эдгээр байр сууриас харахад нэг нь нөгөөгөө өмгөөлж хамгаалаад байгаа, аль эсвэл нэг нь нөгөөгөөсөө зугтаж, бултаад ч байх шиг олон өнцөг уншигдаж байна. Төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг, төмөр замын бүтээн байгуулалтыг хянах ажлын хэсгийг ахалсан Ч.Ганбат мэдүүлэг өгөх нь бүү хэл, Сингапурт бүгчихээд байна.

Бидэнд 2011 оны нэгдүгээр сарын 20- нд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхийн албан тасалгаанд 45 минут үргэлжилсэн Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл олдов.

Эндээс Б.Батзаяагийн ажлын ерөнхий боловч дүр зураг харагдана. Тэрбээр сайдын зүгээс өгсөн үүрэг, сайдын байгуулсан Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн дагуу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг боловсруулах болон зөвлөх компаниудад мөнгө гарган өгч, газар шорооны ажлыг эхлүүлжээ.

Б.Батзаяа бол зөвхөн гүйцэтгэгч. Түүнд бие даан шийдвэр гаргах эрх хуулиараа ч байхгүй.

(ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ)

Б.Батзаяа (“МТЗ” ТӨХК-ийн захирал):

-Сүүлийн хурлаас хойш гэрээний нөхцлөө тохироод “МкКинсей” компанитай гэрээ байгуулсан. Банкнаас зээл авах асуудлыг шийдэж, зээлийн гэрээгээ байгуулаад, зөвлөхүүдэд төлөх 50 хувиа төлсөн.

Зөвлөхүүд өнөөдрөөс албан ёсоор ажлаа эхэлж байна. Өнөөдөр 120 хоногийн тоолуур эхэллээ.

Х.Баттулга сайд өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээлэл хийсэн. 22-нд газар шорооны ажлын эхлэл болгож нээлтийн ажиллагаа хийх гэж байна.

А.Гансүх (Дэд сайд):

-Ямар компаниуд газар шорооны ажлыг эхэлж байна?

Б.Батзаяа:

-Сайншанд дээрээс эхлэлийн цэгээ гаргаад хоёр компани эхний ээлжинд 22-нд ажлаа эхэлнэ гэж байгаа. Сайншандаас Тавантолгойн чиглэлд шууд Цагаансуварга руу “Ийст рэйлвэйз” компани, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын охин компани Баруун-Урт, Чойбалсан чиглэлд УБТЗ-ын замын анги гарч байгаа.

... Тэрбээр сайдын зүгээс өгсөн үүрэг, сайдын байгуулсан Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн дагуу УхаахудагГашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг боловсруулах болон зөвлөх компаниудад мөнгө гарган өгч, газар шорооны ажлыг эхл үүлжээ ...

А.Гансүх: -“Монголын төмөр зам” энэ хоёр компанитай захиалагчийн гэрээ хийсэн үү?

Т.Батболд (Төмөр замын газрын дарга):

-Өчигдөр Эдийн засгийн байнгын хороон дээр нэгдүгээрт, санхүүжилтийн журам, хоёрдугаарт, уралдаант шалгаруулалтын журам дээр хууль зөрчсөн гэж яригдсан.

Тэгээд бид өчигдөр орой сууж байгаад дөрвөн гэрээг яаралтай байгуулахгүй бол болохгүй нь гэж ярьж тохирсон. Батзаяа захирал мэдэж байгаа.

А.Гансүх:

-Процедурын хувьд гаргасан алдаануудаа ойрын хугацаанд яаралтай залруулах хэрэгтэй.

Ажлын хэсгийн эл хурлаас шийдвэрлэсэн нь:

1. “МТЗ” ТӨХК ТУЗ-өөр шийдвэр гаргуулж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулах- “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа

2. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг хэрэгжүүлэх талаар Төмөр замын газар, “МТЗ” хооронд гэрээ байгуулах- ТЗГ-ын дарга Г.Батболд, “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа.

А.Гансүх гарын үсэг зурсан энэ хурлын тэмдэглэл саяхан болж өнгөрсөн нэгэн шүүх хуралд “МТЗ” ТӨХК-ийн хувьд давж заалдах эрхгүйгээр ялагдах баримт болжээ. Юу гэвэл, “Халхын төмөр зам” ХХК “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд 267 км төмөр замын суурь бүтэц барих ажилд гүйцэтгэгчээр оролцсон үндэсний 35 компанийн нэг аж.

Тус компани 5.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө авч чадаагүйн улмаас “МТЗ” ТӨХК-иас 7.2 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ. “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих ажлыг тендэргүйгээр авсан “Самсунг Си Ти” компанид санхүүжилтийн хөрөнгө шилжиж байсан тул гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсийг солонгосууд төлөх үүрэгтэй.

Гэвч шүүх дээр “Самсунг Си Ти” компани биш, “МТЗ” ТӨХК ялагдсан шалтгаан нь дээрх баримт болсон байна.

Ж.НЯМСАЙХАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.3.70 olon jiliin umnuh yavdal davtagdah ni dee
202.70.37.122 Ireh jiliin songuuliar ene 76-g undseer ni solih yumsan
202.21.124.134 jenko l idchiheed odoo uheh geed guigeed bga um bish uu, ardchilsan nam ireh songuulid yalay gevel naad baliar buus huursnuudaa tseverleerei, turiin tolgoid garsan
103.242.47.98 yostoi butehgui ee ed nar ashigtai ajil yor hiihgui yumaa dandaa ashiggui yum hiihiin chadahgui bol Battulga Gansuh metiin durakuud zailj zai tavij ogch mongoliin tor bolood ard tumend tus bolooch neg tiimerhuu yum bolohoor busadruugaa chihne neg gaigui yum bolohoor ooroo hiisen met yarina. AN tor barij baigaa uyed avilgal huivaldaan tasrahgui ee terend n ard tumen zolios bolj bna
202.21.118.98 гадны гар хөл бологсод
49.0.160.77 мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийх ёстой Хүний гар хөл болно гэдэг бол, нэгдүгээрт тэнэг, хоёрдугаарт шуналтай гэдгийг л харуулж байна
202.9.40.226 Батзаяа.бол.ямар .нэгэн.зүйл.хийр
183.81.169.22 Мэдлэг боловсролдоо таарсан ажил хийж сурах хэрэгтэй хэн нэгний гар хол болох ийм аюултай одоо улс торчид уснаас хуурай гарна туунд хамаг хэргээ чихээд гарч ирэхэд хэдэн тогрог огох байлгуй
202.9.42.100 Төмөр зам барьж чадах бүрэн чадвар байгаа шүү. Ийм мөнгөөр 500 км зам торохгүй барина шүү. Мэргэжлийн хүмүүсээр бодлого бариулаад ээ.
122.201.26.238 Залуу хүмүүсийн нурууг ч хугалж байна даа энэ төр засаг...
43.242.242.59 сэтгэгдэл ордоггүй байнаш дээ,хэ хэ
43.242.242.59 Төрөөс мөнгө нь ажлын гүйцэтгэлээр саадгүй орно гэж хичнээн олон компани ажил гүйцэтгээд өнөөдрийг хүртэл мангөө авч чадахгүй дампуурахад хүрч Шүүх-д дуудагдаад явж байна гэтэл энэ хэд мөнгий нь аль хэдийн авчихсан байдаг.Нээрээ арй дэндүү юмаа,хариуцлага
59.153.114.216 mongolchuud uursduu l zamaa barix xeregtei chadbar baigaa