Н.Халиун: Дуу бол хөг аялгуугаар илэрхийлж, үгээр баяжуулсан амьдралын хэллэг

2015 оны 11 сарын 04

Олон арван хит дууны хөгжмийн зохиолч, “Сонор рекордс”-ыг үүсгэн байгуулагч Н.Халиун. Тайзан дээр гараад дуулж хуурддаггүй тул түүнийг тэр бүр хүн танихгүй. Харин урлагийнхан андахгүй.

Түүний авьяас удам дамжжээ. Тэрбээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, Б.Наранбаатарын хүү. Н.Халиун анхны бие даасан “Халиуны ертөнц” тоглолтоо энэ сарын 13, 14-нд толилуулна.

-Та Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавиад 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд яагаад бие даасан тоглолт хийгээгүй юм бэ?

-1993 оноос энэ тогоонд чанагдаж явна. Анх “Хар чоно” рок хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Үүний дараа “Хөх тэнгэр” хамтлагт орсон. Миний уран бүтээлүүд тоглолт хийх хэмжээнд хүрээгүй гэж л өөрийгөө чамлаад явсан юм. Би хөгжим зохиохоосоо илүү хөгжмийн найруулгын ажил хийдэг байсан шүү дээ. рт

-1993 оноос хойш бараг бүх хамтлаг, дуучидтай та хамтран ажилласан байх аа.

-Дуучин гэж нэрлэгдэж яваа олонх уран бүтээлчтэй ажиллаж үзсэн. Шинээр гарч байгаа зарим хүүхэдтэй л ажиллаагүй. Монголын рок попын нийт уран бүтээлчдийн 80 хувь орчимтой нь ажилласан даа.

-Уншигчдад дууны найруулгын ажил яаж хийгддэг нь сонирхолтой байх. Дуу гэдэг зөвхөн ая, шүлэг байгаад бүтчихгүй шүү дээ?

-Дууны шүлэг, ая зохиогдсоны дараа, дуучин дуугаа дуулахаас өмнө би ажлаа хийнэ шүү дээ. Хөгжмийг нь гоё болгож найруулна. Дуучныг дуугаа дуулахад л бэлэн болгох ёстой. Зарим үед эхлээд дуучинтайгаа ажиллах тохиолдол байдаг.

-Оюутан байхдаа “Аяс” гэж хамтлагтай байсан. Энэ хамтлагт байхдаа “Танилцъя охин” дуугаа зохиосон гэсэн. Энэ тухай яриач?

-Тийм шүү. Цахилгаан хөгжмийн “Аяс” хамтлаг гэж байлаа. Хамтлаг тарсны дараа ч уран бүтээлийн холбоотой байсан л даа. Манай хамтлагт Л.Байзда байлаа. “Танилцъя охин” дууны үгийг тэрбээр бичсэн. Аяыг нь би зохиосон. Анхны дуу маань тухайн үедээ хит болж байлаа.


-Та “Сонор” студийг 1996 онд үүсгэн байгуулсан. Хүмүүс таныг “Сонор”-ын Халиун гэдэг. Монголын анхны дуу бичлэгийн студийн түүхийг сонирхуулаач?

-Дуучин Б.Дашдондог бид хоёр “Хөх тэнгэр” хамтлагаас гарсны дараачаас дуу бичлэгийн ажлыг илүү сонирхож эхэлсэн юм. Тэр үед “Бодь интернэшнл” компанийн М.Зоригт биднийг дэмжиж, студи байгуулах ажил эхэлсэн юм.

Мөн энэ үед Э.Бат-Үүл ах дэмжсэн. Өөрөө дуу хөгжимд дуртай, дуу бичлэг сонирхдог байсан хүн шүү дээ. Ингэж л 1996 онд студиэ байгуулсан. Студидээ нэр өгч чадалгүй хэсэг явсан л даа. “Сонор” гэдэг нэрийг манай Б.Дашдондог өгсөн юм.

-“Сонор” студи хамгийн анх ямар уран бүтээлчтэй хамтарч ажилласан бэ?

-Студиэ байгуулахаас өмнө би “Камертон”, “Хар сарнай” хамтлагтай хамтарч ажилладаг байсан л даа. Студи байгуулсаны дараа ч хамгийн түрүүнд энэ хоёр хамтлагийн уран бүтээл дээр ажилласан. Эхлээд “Камертон” дууны бичлэгээ хийлгэсэн.

Дараа нь “Хар сарнай”. Бичлэгийн ажил дууссаны дараа хоёулангийнх нь цомгийг Германд хэвлүүлэхээр явуулсан. Хэвлэлтээс “Хар сарнай”-н цомог түрүүлж, “Камертон”-ых араас нь ирсэн. Энэ хоёр хамтлагийнхны дунд одоо ч аль нь анхдагч вэ гэдэг нөхөрсөг маргаан өрнөдөг.

Монголын рок попын түүхэнд анх удаа “Сонор” студи энэ хоёр хамтлагийн “18” нас, “Бүтээнэ сөнөөнө” цомгийн бичлэгийн эрхийг худалдан авч байсан. Тухайн үед 1.5 сая төгрөгөөр авч байлаа.

-Одоо дуу бичлэгийн студи борооны дараах мөөг шиг л болж. Студи, дуу бичлэгийн чанарт тавих стандарт гэж байдаг уу?

-Би шүүмж, магтаалыг тэнцүүлэхийг хүсэж явдаг. Шүүмжлэлтэй хандах зүйл байдаг. Шүүмжгүйгээр урлаг хөгжихгүй. Бараг л уран бүтээлч болгон хувийн студитэй болж. Биднийг уран бүтээлээ дөнгөж эхэлж байх үед бичлэгийн стандарт байсан.

Бид хуурцагнаас цомог руу шилжих үед студиэ байгуулсан шүү дээ. Одоо бүх зүйл дижитал буюу тоон системд шилжсэн. Энэ нь бичлэгийн цэвэр, бохир дуугаралт гэдэг зүйлийг үгүй болгосон л доо. Тийм болохоор оюун санаа, хийж байгаа бүтээлийнхээ хийцээр хоорондоо ялгарах ёстой.

Түүнээс биш бичлэгийн чанарын тухай асуудал хөндөгдөхөө больсон.

-Та урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Лувсанжамц, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Б.Норолхоо нарын ач хүү. Тэгэхээр урлагтай их ойр өссөн байж таарна?

-Өвөө, эмээ минь зураг урлалын талын хүмүүс шүү дээ. Намайг бага байхад эмээ, өвөөгийнд маань тэр үеийн бүх л мундаг зураач орж, гардаг байв. Тэр хүмүүсийг хараад л анх урлагт татагдаж байлаа. Гэхдээ миний сонирхол зураг урлалаас хөгжим рүү огцом эргэсэн.


-Хөгжмийн мэргэжил рүү урвахад аав тань нөлөөлсөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Аав минь хөгжмийн зохиолч хүн. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулсан хүний хажууд өссөн учир нөлөө байсан.

-Та “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хамгийн үнэнч сонсогч нь байж, ааваараа бахархаж явдаг байх?

-Хүн бүрийн оюун санаанаас гарч буй зүйл өөр. Аав минь хэцүү цаг үед орчин үеийн, хөнгөн хөгжмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр гавьяаг нь үнэлж, бахархаж явдаг.

Аавынхаа ардын хөгжим, тэр дундаа ятга хөгжимд зориулж бичсэн бүтээлүүдэд дуртай. Аавын хөгжмийг сонсоход цаанаа л нэг дулаахан мэдрэмж төрдөг юм.

-Аав тань таны уран бүтээлүүдэд шүүмж хэлдэг биз дээ?

-Хэлнэ шүү. Гэхдээ шүүмжлэхээсээ илүү урам өгдөг.

-Аавтайгаа загасчилж амардаг юм билээ. Хоёулхнаа цагийг өнгөрүүлэх нэг арга уу?

-Аав маань байгальд их сонирхолтой, хөдөө явах дуртай. Би дуурайчихсан шиг байгаа юм. Зав гарах л юм бол хотоос гараад явчихдаг. Ойд, голын эрэгт очих дуртай. Загасчлах нь аав бид хоёрын хувьд ан агнуур биш, амралт болдог юм. Голын чимээ сонсож, урсгалыг нь харж, байгальтай харьцах нь сайхан амралт шүү.

-Энэ үед аав, хүү хоёрт дотно ярилцах боломж ч гардаг байх?

-Хүн амьдрал зохиохоор эцэг эхээсээ өөрийн мэдэлгүй холдчихдог юм байна. Тийм болохоор аавтайгаа хамт зугаалах нь амьдралын тухай, дуу хөгжмийн тухай ярилцах нэг боломж л доо. Аавтайгаа хамт өнгөрүүлэх хором бүр надад маш үнэтэй.

-Хувь уран бүтээлч Н.Халиуны дотоод ертөнцийг зохиосон дуунуудаас нь сонсож болно. Үүнийг үгээр илэрхийлбэл?

-Миний дотор миний хөгжим л нуугдана. Би хүнд таалагдах гэж биш, өөртөө таалагдах уран бүтээлийг хийх ёстой. Ийм л зарчимтай. Миний бүтээсэн тэр зүйл хүнд таалагдвал би хийж чаджээ гэж ойлгодог. Миний дотроос хайр дурлал, эрх чөлөө бүгд илэрнэ.

-Та хэчнээн дуу зохиосон бэ. Тоолж үзэв үү?

-Сайн, муу нийлээд 100 нэлээд гарах байх. Тоглолтоо хийх гээд судалгаа хийж үзлээ л дээ. Миний дуунуудын талаас илүү хувь нь хит болсон байдаг юм байна.

Хүнд дурсамж болж үлдэх дуунууд бичихсэн гэж хүсдэг. Гоё шүлэг үнэхээр их хөглөдөг. Шууд л ая нь ороод ирнэ шүү дээ.

-Дуу бүхэн түүхтэй. Та хамгийн амархан болоод хамгийн удаан “дуншиж” бүтсэн дуунуудаа нэрлээч?

-“Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу хамгийн хурдан төрсөн. Яруу найрагч Ш.Гүрбазар ах санал тавьсан юм. Ах тэр дор нь эхний дөрвөн мөртөө бичээд, ая нь ч надад шууд ороод ирсэн. 30 минутын дотор л бүтсэн дуу.

Дуучнаа ч тэр өдрөө сонгож, Э.Минжинсороор дуулуулсан. Б.Дашдондог бид хоёр хамтран “White album” цомог гаргасан. Энэ цомгийн “Яагаад ч юм бэ” гэж дуу бүтэх гэж нэлээд удсан шүү.

-Таныг дуулж байхыг хараагүй юм байна.

-Өөрөө өөртөө л дуулна даа. Хөгжмийн зохиолчид дуучин байх албагүй. Гэхдээ өөрийнхөө зохиосон дууг ямар ч дуучнаас илүү дуулж чаддаг. Дуучны хэмжээнд биш ч гэлээ өөрийн бүтээлийг мэдэрч чаддаг болохоор тэр.

Студид дуугаа хийж байхдаа, дуучинд дуугаа ойлгуулахдаа дуулж өгнө. Нээрээ дуучин Т.Ариунаагийн “Одноос зүүгдсэн залуу нас” дуунд хоолой хийж үзсэн юм байна.

-Та уран бүтээлчидтэй маш дотно харилцаатай байдаг. Уран бүтээлээ завсарласан, орхисон хамтлаг, дуучдад харамсах тохиолдол байдаг уу?

-Харамсдаг шүү. Үнэхээр авьяастай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байгаад нь харамсдаг. “В” продакшнаас гараагаа эхэлсэн Эгшиглэн, Маралжингоо гээд залуу дуучид байдаг шүү дээ.

Үнэхээр чадалтай хоолойтой, мундаг дуучид уран бүтээлээ хийлгүй алга болчихлоо.

-Алтан үеийн дуунууд одоо ч хүмүүсийн аманд аялагддаг. Гэтэл сүүлийн үед дуунууд тэгтлээ хүмүүсийн чихэнд хоногшихоо больчихож. Энэ юутай холбоотой вэ?

-Үүнд гурван хүчин зүйл хэлмээр санагддаг юм. Нэгдүгээрт, үзэгчдийн сэтгэхүй, хүлээж авах байдал өөр болсон. Дууг зүрхэндээ биш, хэрэглээ маягаар хүлээж авдаг болж. Хоёрдугаарт, тэр алтан үеийнхний дуунууд чанар, зохиомжийн хувьд өндөр түвшинд байсан.

Дууны үг хэллэг, аялгууны тансаг байдал, бичлэг, дуучдын ур чадвар маш сайн байсан. Тухайн үед гарч байсан сайн дуу болгон хит болдог байсан. Гуравдугаарт, бидний мэдээллийн суваг маш цөөхөн байсан. Одоо бол яаж л бол яаж дууг олж сонсож болохоор болж.

Өдөрт маш олон дуу шинээр гарч байна. Одоо сайн дуу хийсэн ч тэр үеийнх шиг хүмүүст хүрч чадахгүй байгаа нь мэдээллийн шуурганд өртөж байгаагийн илрэл. Сайн дуу хийж, тэр дуунд сурталчилгаа хийхгүй л бол хүнд хүргэхэд хэцүү болоод байгаа юм.

-Дэлхийн зах зээлд өрсөлдөхөд манай уран бүтээлчдэд юу дутагдаж байгаа вэ. Ур чадвараас илүү сурталчилгаа, мэргэжлийн продюсерын багийн ажил чухал уу?

-Сайн бүтээлийг худалддаг менежментийн бүтэц ажиллах ёстой. Хамгийн том жишээ нь “Ганнам стайл” дуу байна шүү дээ. Тэр дууг дэлхий дахинд яаж тарааж ажиллаж байгааг хар л даа. Үнэхээр алт шиг бүтээл манайд зөндөө бий.

Харамсалтай нь, тэдгээрийг сурталчлах, худалдах продюсерын баг алга. Н.Норовбанзад, Н.Жанцанноров, Б.Шарав гуайн бүтээлүүдийг дэлхийд сурталчилсан тохиолдол бий. Гэхдээ дандаа гадаадын продакшны менежер, продюсер ажилласан байдаг.

-Ямар үед гоё аялгуу санаанд тань буудаг вэ?

-Уран бүтээлчдэд улирал их нөлөөлдөг байх. Би намарт их дуртай. “Номин талст”-ын “Хайртай байсныг чинь мэдсэнгүй”, “Камертон”-ы “Чиний үг” гэх зэрэг миний хит болсон ихэнх дуунууд намар зохиогдсон. Бас байгаа орчноосоо их мэдрэмж авдаг.

Яагаад ч юм гадаадад явж байхад олон дуу төрсөн байдаг. Тайван, сайхан мэдрэмж төрүүлсэн газарт шинэ санаа ундраад л байна шүү дээ.

-Та төгөлдөр хуураас гадна нэлээд олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог юм байна лээ?

-Би Багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги төгссөн. Бидэнд үндсэн гурван хөгжмөөр тоглодог байх шаардлага тавьдаг байсан юм. Тэнд би төгөлдөр хуур, морин хуур, баян хуур хөгжим тоглож сурсан.

Сүүлд дууны найруулгын ажил хийдэг болсноосоо хойш гитар, бөмбөр сурсан. Гэхдээ хөгжимчидтэй яаж харьцуулах билээ. Өөрийнхөө хэмжээнд л тоглоно.

-Тун удахгүй анхны тоглолтоо хүргэх гэж байна. Хит дуунуудаасаа шилэхэд хэцүү байв уу?

-Тоглолтод хүмүүс мэддэг дуугаа л сонсох гэж ирдэг. Тийм учраас хүмүүст хоногшсон дуунуудыг сонгох ёстой. Миний зохиосон, продюсерээр ажилласан, дууны найруулгыг нь хийсэн дуунууд эгшиглэнэ.

Тоглолтын найруулгыг “On’n off” продакшны найруулагч С.Ононбат, сурталчилгаа, зохион байгуулалтыг “Bro’s records”-ын продюсер М.Болд, хөгжимчдийн бэлтгэл, найруулгыг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх хариуцан ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
109.129.190.214 Hiij buteesen hug ayaguutai tanii uran buteel urgelj bidnii baharhaliig turuulj bdg shuu tanid amjilt husie
109.129.190.214 Hiij buteesen hug ayaguutai tanii uran buteel urgelj bidnii baharhaliig turuulj bdg shuu tanid amjilt husie
109.129.190.214 Hiij buteesen hug ayaguutai tanii uran buteel urgelj bidnii baharhaliig turuulj bdg shuu tanid amjilt husie
109.129.190.214 Hiij buteesen hug ayaguutai tanii uran buteel urgelj bidnii baharhaliig turuulj bdg shuu tanid amjilt husie
94.226.154.123 Haliundaa uran buteeliin amjilt husey...Turnhout Belgium
94.226.154.123 Ih mørøn dølgøøn erdemt hun daruu gej ...uneheer daruuhan hun yumaa...ødii olon jil øøriigøø boloogui gej bodoj l yavdag...
94.226.154.123 On jil tsag hugazaag hugjimiin hug ayalguugaar amisgalj udii olon 23 ni jiliin uran buteeliin tani toglolt mongoliin ard tumenii setgel sergeesen saikhan bolno gedegt itgeltei baina amjilt husie Таны хариулт ...
  • 2015 оны 11 сарын 05
94.226.154.123 Turnhout Belgium
  • 2015 оны 11 сарын 05
150.129.140.28 Haliun daa amjilt husiye
112.72.11.101 naiziin togloltond amjilt husie bayar hurgie
59.153.114.154 bayar hurgie.mundag avyastai daruuhan zaluu.togloltond ni amjilt husie
89.93.74.194 Amjilt husie
202.9.40.159 Nuugmal aviyaslag tanii togloltiig xundetgen uzex bno goe bolox n oilgomjtoi .tanid amjilt ...
202.9.40.159 Togloltond amjilt xusie