Хүмүүжигчдийг баасан гаригаас суллаж эхэлнэ

2015 оны 11 сарын 04

УИХ-ын чуулган Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр орон нутгийн шүүхүүдийн шүүгчидтэй цахим хурал хийж, хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өглөө. Учир нь хууль хэрэглэхэд зарим нэг ойлгомжгүй асуудал гарч байгаа аж.

Энэ талаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригоос тодрууллаа.

-Иргэнд учирсан хохирлыг хэрхэн төлүүлөхийг орон нутгийн шүүхүүд лавлаж байна. Яаж шийдвэрлэх юм бэ?

-Хэрэгтэн гэм буруугаа хүлээгээд, учруулсан хохирлоо төлнө гэсэн хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирол барагдуулна гэснийг дурдан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй байлгах юм.

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-ийг хэрэглэж, тухайн хүний хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирлын асуудлыг төлнө гэснийг нь тэмдэглэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй зарлана гэсэн үг.

Харин гэм буруугүй хэмээн хэргийнхээ талаар маргасан тохиолдолд эхлээд хэрэгтнийг гэм буруутайд тооцно. Үүний дараа хохирлыг хэрхэх вэ гэдгийг шийднэ.

-Гэм буруутайг нь тогтоосны дараа өршөөлд хамруулна гэсэн үг үү?

-Шүүх хуралдаанаас өмнө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд шилжүүлээгүй хэргийг гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулна гэсэн тохиолдолд уг хуулийн 7.1-ээр хэрэгсэхгүй болно гэсэн асуудлыг ярьж байгаа.

Гэтэл шууд 7.1-ийг хэрэглэхэд шударга бус байдал үүснэ, шүүх эрх мэдлийн эрх хэмжээнд халдаж байна гэсэн. Бид үүнийг хүлээж авах боломжгүй байна гэсэн хариугаа Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн.

-Өршөөлийн хуулийг нэг удаа хэрэглэх ёстой. Хоёр ялтай хүнийг ямар байдлаар өршөөлд хамруулах вэ гэдгийг бас лавлаж байна?

-Удаа дараа хулгай хийж, онц их хэмжээний хохирол учруулсан буюу 145.4-т зааснаар 10-15 жилийн хорих ял шийтгэдэг зүйл анги бий.

Урьд нь булаах юм уу, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээд ялтай байх хугацаандаа бусдын эд зүйлсийг хулгайлсан байвал энэ зүйл анги руу орж байгаа. Өршөөл үзүүлэх хуульд ялтай байдлын аль нэгийг нь өршөөнө.

-Ямар зүйл ангиар ял шийтгүүлсэн ялтныг өршөөлд хагас хамруулах юм бэ?

-Аливаа гэмт хэрэгт хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн ангилал байдаг. Эрүүгийн хуульд 460 гаруй гэмт хэрэг байдаг гэж үздэг. Үүнээс 265 нь хүндэвтэр хэрэг байдаг юм. Өршөөлд хүндэвтэр нь хэргүүдийн тавынх нь ялаас хагасыг нь өршөөхөөр байгаа.

Тухайлбал, 181.2-оор ял шийтгүүлсэн этгээд хуулийн үйлчлэлд хамаарагдана. Энэ мэт хагас хамрагдах таван хэрэгт биеэр эдэлсэн болон өршөөлд хамруулах хугацааг ялаас хасч үлдсэн хугацааг магадлангаар шийдвэрлэнэ.

Ялтнуудын материалыг Улсын дээд шүүхэд пүрэв гаригт багтаан хүргүүлэх гэнэ. Үүний дараагаар баасан гаригаас эхлэн тэднийг суллах ажлыг эхлүүлэх аж.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД