Улаанбаатарын агаар дахь тоосонцор байж болох хэмжээнээс тав дахин их байна

2015 оны 11 сарын 04

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн II үе шатны хүрээнд нийслэлийн тоосонцроос үүдэлтэй агаарын бохирдолд хийсэн хэмжилт, шинжилгээний үр дүнгийн талаар ЖАЙКА-гийн төслийн мэргэжилтэн Мизохата Акира өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатарын агаарын тоосонцроос гурван улирал дараалан дээж авч, шинжилсэн. Уг дээжний бүтэц найрлагыг судалж, юунаас болж үүссэнийг тодрууллаа. Дутуу шатсан нүүрснээс их хэмжээгээр тоосонцор гарч байна. Цаашдаа тоосонцор хэрхэн өөрчлөгдөж буйг улирал тутам судалж, нарийн тооцоо хийнэ” гэсэн юм.

Тус төслийг нийслэлийн Агаарын чанарын алба (НАЧА) болон ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн мэргэжилтнүүд хамтран өнгөрсөн оноос хийж буй. Уг судалгаа 2017 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж.

Судалгаагаар нийслэлийн агаар дахь тоосонцор стандарт хэмжээнээс тав, авто машинаас үүссэн тоосонцор Япон улсын стандартаас 20 дахин их байжээ. НАЧА-ны дарга Ч.Батсайхан “Энэ онд нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жилээс буурсан ч аюултай зэрэглэлд байгаа. Хүний биед хамгийн хор нөлөө ихтэй нь бүдүүн, нарийн ширхэгтэй тоосонцор юм.

Бид ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран агаарын бохирдлыг судалж, шинжлэхээс гадна Сөүл хотын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтарч тоосонцрын бодит байдлыг нарийвчлан тогтоох судалгаа хийнэ.

Ингэснээр иргэдийг үнэн зөв мэдээллээр хангаж, төрөөс оновчтой зөв шийдвэр гаргахад нөлөөлөх юм” гэв. Түүнчлэн тус өдөр ЖАЙКА-гийн төслийн мэргэжилтэн Мизохата Акира агаарын бохирдолд байх PM10, PM2.5 бодисын найрлагын бүтцийн талаар мэргэжилтнүүдэд семинар хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.89.2 судлах гэсээр байтал иргэд хохирч гүйцлээ үхэх нь зхээд,өвчилөх нь өвчлөөд дууслаа.