З.ЭНХЗОРИГ: БИ АЗТАЙ ХҮН

2015 оны 11 сарын 03

Бээжингийн олимпийн нээлтийн үеэр

Дохагийн Азийн наадмын боксын 57 кг-д мөнгөн медаль хүртэхдээ Зоригтбаатарын Энхзориг 19-хөн настай байлаа. Хагас шигшээд Казахстаны нэрт боксчин, дэлхийн аварга Галиб Жафаровыг ядах зүйлгүй ялахад нь түүнийг ирээдүйд олимп, дэлхийн тавцанд алдраа дуурсгана хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн нь дамжиггүй.

Гэхдээ 19 настай хүүгийн сайхь амжилтад боксын мэргэжилтнүүд огтхон ч гайхаагүй юм. Учир нь Энхзориг 2004 оны боксын залуучуудын ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч өөрийнхөө ямар хэмжээний тамирчин гэдгээ харуулаад байсан хэрэг. Үүнээс хойш манайхан дээрх тэмцээнээс өнөөг хүртэл медаль хүртэж амжаагүй л байна.

Хэрэв Энхзоригийн од нь гийсэн бол олимп, ДАШТ-ээс медаль хүртэх нь байтугай аваргалах боломж байсныг ч үгүйсгэмгүй. “Бээжин-2008” олимпийн медаль ойрхон байсан ч аз дутсан юм. Кубын боксчинтой оноо тэнцэх тэрхэн үед илүү оноо авах гэж дайрч ороод л алдаа гаргасан гашуун түүхтэй.

Хэрэв тухайн үед хүлээсэн л бол туслах оноогоор илүү явсан манай тамирчны талд ялалт ирэх байв. Гэхдээ З.Энхзориг зорилгоосоо огтхон ч буцаагүй. Лондоны олимпод оролцож чадаагүй ч, “Рио-2016” олимп хүртэлх ДАШТ-үүдэд хүч сорьж амжаагүй ч ялалтын оргилд хүрэх хүслээ умарталгүй бэлтгэлээ хийж байна.

Гэмтлийн улмаас тэр их спортоос хэсэг хугацаанд хөндий байсан. Харин одоо эрчимтэй бэлтгэлдээ шилжиж, ирэх оны УАШТ-д өндөр амжилт гаргахыг нэн тэргүүний зорилгоо болгожээ.

-Тамирчин хүний гол дайсан бол гэмтэл. Гэмтлээ эдгээхийн тулд та тэмцээнд төдийлэн оролцож амжихгүй байх шиг санагдлаа...

-2014 оноос жил гаруй тэмцээн уралдаанаас хол байлаа. Эмчилгээ хийлгэж, хажуугаар нь хөнгөн бэлтгэл хийх жишээтэй. 2014 оны УАШТ-д ч оролцоогүй. Харин энэ жил жин өгсөж ороод Түвшинбатад хожигдсон. Энэ жилээс би 69 кг-д тоглож байгаа.

-Бээжингийн олимпийн 57 кг-д өрсөлдөж байсан бол одоо жин нэлээд өгсдөг болж. Жиндээ дасахад тодорхой хугацаа, бас тэмцээнд оролцох хэрэгтэй гэлээ. Өөрийгөө 69 кг-д амжилт гаргана гэж бодож байна уу?

-Тийм ээ, жиндээ дасахад өөрчлөлт гарна, тэмцээнд аль болох олон удаа оролцох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Арванхоёрдугаар сард “Монгол туургатан” боксын тэмцээнд хүч сорино. 69 кг-д тоглож, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Яг хэзээ гэмтэл авсан юм бэ? Эсвэл таны мөрний гэмтэл сэдэрчихсэн юм уу?

-Эрдэнэтэд бэлтгэл хийж байгаад хүзүүндээ гэмтэл авсан юм. Саяны ДАШТ-ий өмнө нэмж гэмтээгээд эмчилгээ хийлгэж байна.


-Манай боксчид тив, ДАШТ-д оролцож, олимпийн өмнөх өнгөө шинжлээ. Шигшээ багийн тамирчид тэмцээнд явж байхад өөрөө гэрээ сахиад үлдэх хүсэх зүйл биш л болов уу?

-Гэмтэл авахгүй байж гэмээнэ, тамирчин хүссэн амжилтдаа хүрдэг. Энэ бичигдээгүй хуулийг л би сайтар ойлгож байна. Олон тэмцээнд оролцож, амжилт гаргаж явсан үе надад бий. Сүүлийн жилүүдэд амарч, эмчилгээ хийлгэх шаардлага тулгарсан.

Найз нар маань тив, дэлхийн тэмцээнд оролцохоор явахад нь амжилт гаргаасай хэмээн залбираад л үлддэг. Гэмтлээ эдгээсэн бол энэ хэдтэйгээ хамт яваа даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

-Залгамж халаа тамирчдаа харж суухад ямар бодол төрдөг вэ? Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарын ид гарч ирсэн үе одоо Монголын бокст үгүйлэгдэж байна гэж шүүмжилдэг хүмүүс ч бий шүү дээ...

-2008 оноос хойш боксоор шимтэн хичээллэгч хүүхдүүд олширсон. Заалаар дүүрэн хүүхэд бэлтгэл хийж байна. Тэдний дундаас сайн тамирчин төрнө гэдэгт эргэлздэггүй. Үүнд хугацаа хэрэгтэй болов уу.

-Та хэдэн насандаа тамирчин болох замд эргэлт буцалтгүй орсон юм бэ?

-12-тойдоо боксоор хичээллэсэн. Үеийнхэнтэйгээ зодолддог дүрсгүй хүүхэд байсан болохоор ч тэр үү, ах маань энэ спортоор хичээллэхийг зөвлөсөн юм. Би ч дуртай хүлээж авсан. Хүдэрбаатар багш минь надад боксын цагаан толгой заасан.

Тухайн үед тамирчин болох хүсэлтэй олон хүүхэд Хүдэрээ багшид хандсан ч тэднээс би л ганцаараа үлдсэн юм. Түүний удирдлагад хоёр жил орчим хичээллээд гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багшийн удирдлагад шилжсэн.

Үүнээс хойш өнөөг хүртэл Ганзориг багштайгаа холбоотой ажиллаж байна.

-Боксын бээлий өмсөөд бэлтгэл хийж байхад сайхан мэдрэмж төрдөг байв уу?

-Мэдээж төрнө. Дээр үеийн куба хар бээлий зааланд 2-3 л байсан болов уу. Түүнийг өмсөөд бэлтгэл хийхээр тамирчин болсон юм шиг л сайхан санагдана.

-Ганзориг багшийн удирдлагад очихдоо тэмцээнд оролцож амжсан байсан уу?

-2000 оны “Олимпийн гараа” тэмцээнээс алтан медаль авсан байсан.

-Гэр бүлийнхэн тань их дэмждэг байсан нь мэдээж?

-Эхэлж хичээллэхэд эмээ, ээж хоёр маань дургүйцсэн. Харин тэмцээнд оролцож, медаль аваад ирэхэд дэмждэг болсон.

-Гадаадын тэмцээний гараагаа ямар медалиар эхлэв?

-ОХУ-ын Читад 2003 онд болсон ОУТ-д Ганзориг, Сайнбаяр багш нарынхаа хамт оролцож билээ. Тамирчдаас П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, бид хэд явсан юм. Гэтэл зохион байгуулагчид насанд хүрэгчдийн тэмцээнд 16-тай хүүхэд оруулахгүй гээд намайг хасах шахсан.

Багш нар маань хөөцөлдөж байж оролцуулаад 51 кг-д би өрсөлдөгчдөө бүгдийг нь хожин алтан медаль хүртсэн. Миний анх оролцсон дотоод, гадаадын аль аль тэмцээний амжилт алтан медалиар эхэлсэнд их урамшсан.

Бокст өдий хүртэл үнэнч зүтгэх итгэлийг дээрх тэмцээнд хайрласан гэж боддог.

-Таны амжилт ялалтыг эргэцүүлэн бодоход 2006-2008 он оргил амжилтын жил байжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Дохагийн Азийн наадамд хүч сорихдоо 19 настай Энхзориг аваргын төлөө өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Тэр үед нас бага байж дээ. Азийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд багтаад их баярлаж билээ. Тэмцээндээ ч сайн оролцож, мөнгөн медалийн төлөө Казахстаны шилдэг боксчин, дэлхийн аварга Галид Жафаровтой таарсан.

Тухайн үед түүнийг дэлхийн аварга гэж мэдээгүй. Ялалт байгуулаад дэвжээнээс буухад минь багш нар “Дэлхийн аваргыг ялсанд чинь баяр хүргэе” гэж хэлээд үнссэн.

-Азийн наадмын аварга цолыг боксчдоос анх Отгондалай хүртсэн. Уг нь 2014 оноос өмнө тивийн “олимп”-ийн аваргатай болох боломж манайханд байсан. Тэр түүхийг эхлүүлэх боломж танд гарсан шүү дээ...

-Тийм ээ. Уг нь түрүүлэх хүсэл их байсан. Гэсэн ч аваргын төлөө Афины олимпийн хүрэл медальт, Узбекистаны боксчинтой тоглоод оноогоор хожигдсон юм. Гэхдээ би мөнгөн медалиа чамладаггүй юм шүү.

-Афины олимпийн жил та залуучуудын ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан. Манай залуучууд одоо хүртэл дээрх тэмцээнээс медаль хүртээгүй л байна...

-Тийм ээ. Цаашид манай боксчдоос залуучуудын дэлхийн аварга төрнө гэдэгт би итгэлтэй явдаг. 2004 онд Жэжүд болсон залуучуудын ДАШТ-д Түвшинбат, Төрбат бид гурав Мөнхжаргал багшийн хамт оролцоод би гуравдугаар байр эзэлж, манай хоёр медалийн төлөө тоглож байлаа.

-“Бээжин-2008”-аас медаль хүртэх, тэр байтугай аваргын төлөө тоглох тамирчнаар таныг гадаадын сайтууд ч нэрлэж байсан. Та тухайн үед яагаад гоомой алдаа гаргачихсан юм бэ? Уг нь Кубын боксчноос туслах оноогоор илүү явсан шүү дээ?

-Олимпийн медаль надад ойрхон байсан нь үнэн. Дэндүү гэнэн байж дээ. Зайнаас тоглож байгаад л ялдаг газар өөрөө урагш ороод нэг оноо алдчихсан. Хэдхэн секунд тэсчихсэн бол гэж одоо ч боддог юм.

ХСИС-ийг төгссөний дараа

-Харамсалтай ялагдсаныхаа дараа хамгийн түрүүнд ямар үйлдэл хийсэн бэ?

-Нүдэнд цийлэгнэсэн нулимсаа арчсан. Нэгэнт өнгөрсөн зүйлийг яалтай ч билээ. Өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүй шүү дээ.

-Зарим тэмцээнд таны од гүйдэггүй. Тиймээс таныг азгүй тамирчин гэж би боддог юм...

-Илэн далангүй хэлж байх шив. Энэ үгийг би нэг бус хүнээс сонсож байлаа. Гэхдээ би азгүй хүн биш шүү. Хичээллэсэн спортоороо ямар нэгэн хэмжээгээр амжилт гаргасан. Гэхдээ том амжилт гэж хэлэхгүй л дээ.

-Бээжингийн олимпийн дараа ШШГЕГ-аас Э.Бадар-Ууган, П.Сэрдамба та гурвыг байраар шагнасан. Одоо тэр байрандаа амьдарч байгаа юу?

-Тийм ээ.

-Тантай ид үздэг байсан гадаадын тамирчдын ихэнх нь мэргэжлийн спортод орсон байх...

-57 кг-д ОХУ-ын Альберт Селимов, Украины В.Ломаченко нартай ид тоглож байлаа. Ломаченко олимп, дэлхийн аварга болсон, улмаар мэргэжлийн бокст хүч сорьж байгаа. Селимов 60 кг-д тоглож байгаа.

-Селимов та хоёр нэг тэмцээний үеэр муудалцаж, таны нүүр рүү нүцгэн гараараа цохисон удаатай. Тухайн үед Оросын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасан тамирчиндаа арга хэмжээ авсан болов уу?

-Унгарт болсон ОУТ-д Селимов бид хоёр тоглосон юм. Дэвжээний шүүгч тоглолтыг зогсооход бид хоёр үргэлжлүүлэн зодолдсоор байсан. Хэн, хэний маань шар тэгж л хөдөлж дээ. Улмаар бид хоёр муудалцсан. Тоглолт дуусаад үзэгчийн суудалд сууж байхад тэр ирээд надад орсоор юм яриад байсан.

Хүзүүнээс бариад авахаар нь би ч адилхан тэглээ. Тэгсэн нүүр рүү шууд цохиж билээ. Зохисгүй үйлдлийнх нь төлөө Оросын Боксын холбооноос тамирчиндаа арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна.

-У.Мөнх-Эрдэнэ та хоёрын дунд ДАШТ-тэй холбоотой үл ойлголцол үүссэн. 2013 оны ДАШТ-д оролцож чадаагүйдээ та харамсдаг уу?

-Тамирчин хүний зорилго олимп, ДАШТ-д оролцож, медаль хүртэх биз дээ. 2013 оны УАШТ-ий 64 кг-д би түрүүлсэн юм. УАШТ-д түрүүлсэн нь тэр жилийн томоохон тэмцээнд оролцдог дүрэм өнөөдөр ч үйлчилж байна.

Боксын холбооноос ДАШТ-д оролцох тамирчнаа сонгон шалгаруулах сорилтыг Мөнх-Эрдэнэ бид хоёрын дунд хийхээр болсон. Улаанбаатарт болсон сорилд Мөнх-Эрдэнэ тоглохоос татгалзсан. Түүнийг дэвжээнд гарч ирээгүй учраас ялалтыг надад өгсөн юм.

Дараа нь Эрдэнэтэд ДАШТ-ий бэлтгэлд гарсан хойгуур холбооноос Орхон аймагт сорилт хийх тухай заавар ирсэн. Би ч зөвшөөрөв. Ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл яг сорил болохын өмнөх шөнө нь унтаж чадаагүй.Сорилын үеэр би яагаад ч юм их ядарсан. Тэгээд л хожигдсон доо.

Мөнх-Эрдэнийг хүрэл медаль аваад ирэхэд нь баяртай угтсан. Аливаа медаль тамирчин хүний асар их хүч хөдөлмөрийн дүнд ирдгийг яс махандаа тултал мэддэг болохоор сэтгэл хангалуун байж билээ. Гэхдээ би ДАШТ-д оролцсон бол гэсэн бодол төрдөг л юм.

-Одоо та жин өгсөж, 69 кг-д тоглоно. Олимпийн эрх авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Миний эхний зорилго УАШТ-д түрүүлэх. Ингэж чадвал олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох зам нээгдэнэ.

-“Рио-2016” олимпийн эрх олгох хэдэн тэмцээн үлдээд байгаа билээ?

-Азид нэг, бүх тивүүдийн боксчид оролцох олон улсын бас нэг тэмцээн бий.

-Таны тоглолтыг харахад хурдтай, орон зайн баримжаа сайтай санагддаг. Жин өгсөхөөр хурд саарахгүй юү? Хурднаас гадна хүч хэрэгтэй байх...

-Тийм ээ. Хурд, хүч аль алиныг нь хослуулж байж амжилтад хүрнэ. Шинэ жиндээ дасахад хугацаа хэрэгтэй. Миний хувьд 69 кг-д дасаж л байна. 2-3 тэмцээнд оролцчихлоо.

-Оролцсон тэмцээнүүддээ ямар амжилт гаргасан билээ?

-Энэ жил Хабаровскт болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн.

-Ингэхэд танд мэргэжлийн бокст орох бодол төрдөггүй гэж үү?

-Энэ талаар ёстой боддоггүй. Мэргэжлийн бокс надад зохихгүй байх. Сонирхогчийн спортоороо хичээллэж, олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсдэг.

З.ЭНХЗОРИГ: МИНИЙ ОХИНЫГ ЭНХЛЭН ГЭДЭГ

-Энэ хугацаанд гэр бүлийн амьдралаа зохиож амжсан нь мэдээж...

-Гэргийг минь Энх-Ундрал гэдэг. 2009 онд бид охинтой болсон. Энэ жил сургуульд орсон. Охиноо сургуулиас нь зөөж, оройдоо даалгаврыг нь хийлгэдэг том албатай.

-Охиныг нь хэн гэдэг билээ?

-Энхлэн гэдэг юм.

-Охин тань том болоод боксоор хичээллэнэ гэвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Арай ч үгүй байлгүй дээ. Эмэгтэй хүн бокс тоглох хэцүү. Тэгээд ч миний охин бокс сонирхохгүй байх. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах чиглэлээр ямар нэг спортын төрлөөр хичээллэвэл дэмжинэ. Тамирчны амьдрал х¬цүү шүү дээ.

-Та спортоор хичээллэхийн зэрэгцээ мэргэжил эзэмшиж амжсан уу?

-“Зохиомж” дээд сургуулийг төгссөн. Мөн Хууль сахиулахын их сургуулийг Сэрдамба, Шинэбаяр, Идэрхүү нарынхаа хамт эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.

-Спорт бол залуу насны ажил. Зодог тайлаад дасгалжуулагч болох уу?

-Дасгалжуулагч болно гэж боддоггүй. Хүссэн бүхэн дасгалжуулагчаар ажиллаж чадахгүй. Гэхдээ хэдэн жилийн дараах амьдрал дээр ямар шийдвэр гаргахаа хэлж мэдэхгүй байна.

-Өөрийгөө Ганзориг багшийнхаа хүссэн хэмжээнд амжилт гаргасан гэж боддог уу?

-Олимп, ДАШТ-ээс медаль авч чадаагүй юм чинь багшийнхаа санаанд хүрэхүйц амжилт гаргаагүй л яваа. Гэхдээ муу шавьд орохгүй л байх.

З.Энхзоригийг дасгалжуулагчид, боксын анд нөхөд нь төрөлхийн авьяастай тамирчин хэмээн тодорхойлж байсан юм. Олимп, ДАШТ-ээс медаль авах зорилгоосоо тэр ухарч няцсан нь үгүй.

Анхны тэмцээнээ алтан медалиар эхлүүлээд ааваасаа урмын үг харамгүй сонссон гэгээн өдрийг хэзээ ч мартдаггүй. Олимпийн дэвжээнд алдсан ч гэсэн алдаагаа давтахгүй гэдэгтээ Энхзориг итгэдэг. Гэхдээ одоо шив шинэ Энхзориг боксын спортдоо эргэн ирнэ.

2007 онд Азийн аварга болоод монголчуудаа баярлуулж байсан түүний амжилтын сайхан түүхийг эргэн саная. Тийм л сайхан тоглолт, амжилт ялалтыг ард түмэн танаас хүлээж байгаа шүү.

Б.Өлзийтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.103 Mundag shuu badar uugan enh zorig 2 zodog tailsanch nerhundee aldadguu gej boddog ene dund haramsaltai serdamba 2 huuheddtei ehneree hayaad hunii huuhed hairlaad ywj baigaad tolgoidoo gemtel awsan aytai sain humuusiin hajuugaar saarn ywjil baihiin
112.72.11.103 Mundag shuu badar uugan enh zorig 2 zodog tailsanch nerhundee aldadguu gej boddog ene dund haramsaltai serdamba 2 huuheddtei ehneree hayaad hunii huuhed hairlaad ywj baigaad tolgoidoo gemtel awsan aytai sain humuusiin hajuugaar saarn ywjil baihiin
103.57.92.67 Mongol ulsiin maani shildeg tamirchdiin neg ni gedegt hen ch margahgui baih uneher mundag tamirchin shuu amjilt amjilt amijilt
59.153.115.118 serdamba badaruugan 2toi oiroltsoo l tuvshinii tamirchin, az ni jaahan muu bgaad bn daa, gehdee zaluu bn dahiad heden jil toglono shuu
103.10.22.31 mundag shuu
122.254.127.34 Дүүд амжилт хүсье,олимпийн аварга болоорой.
202.9.43.95 Олимп дэлхийн тамирчин шүү дээ
103.229.123.227 Mundag tamirchin shvv odoo boltol shutej yvdag