ЗАЛУУ ЭРДЭМТДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2015 оны 11 сарын 03

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу сайд Л.Гантөмөр 10 залуу эрдэмтэнд өчигдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Япон, Герман, Чех, Орос, Хятад зэрэг орны дэлхийд нэр хүндтэй сургуулиудад докторын зэргээ хамгаалж, эх орондоо сурч, мэдсэнээ хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Манай залуу эрдэмтэд эдийн засгийн эргэлтэд орж болохуйц, үр дүнтэй судалгаа хийсэн нь онцлог байна” гэв.

Тэтгэлгийн зорилго нь залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, чанарыг сайжруулах, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажил эхлүүлэх болон эрдэмтдийн залуу халааг бэлтгэх юм. 2010 оноос хойш 46 шилдэг залуу эрдэмтэн тэтгэлэг хүртэж буй бөгөөд энэ жил анагаах ухаан, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хийсэн судалгаанууд шалгарсан байна.

“Тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, технологи түгээлт” су далгаа хийсэн Г.Чулуунаа “Бидний судалгааны ажлыг дэмжиж, урамшуулж буйд баяртай байна. Манай улс сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад олон улсын арга зүй, тэргүүлэх технологийг боловсруулан хэрэглэж байгаа.

Үүний хажуугаар уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг гээж болохгүй. Би орчин үеийн хүүхдүүдийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоглоом, наадгайн загвар гаргаж, сурган хүмүүжүүлэх арга зүйг боловсруулж байгаа. Энэхүү судалгаагаа үр дүнтэй, чанартай хийж, Монголын боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД