Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 02

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Сонгууль нь бүх нийтийг хамарсан томоохон кампанит ажил юм. Энд сонгогчид, сонгуульд оролцогч байгууллага, сонгуулийн байгууллагууд, тэдгээрийн ажилтан, нэр дэвшигч, нам, эвслийн байгууллагын ажилтнууд гэсэн субъект оролцоно.

Сонгууль бол нэг нь нөгөөгөө залгамжилсан нарийн дэс дараатай, тодорхой хугацаатай үйл явц мөн. Энэ нь ажлын дараах үе шатаас бүрдэнэ.

1. Сонгуулийг товлон зарлах

2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн тойрог байгуулах

3. Сонгуулийн хэсэг байгуулах

4. Сонгуулийн хороод байгуулах

5. Сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах

6. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

7. Нэр дэвшүүлэх

8. Ухуулга сурталчилгаа явуулах

9. Санал хураах

10. Санал тоолох, дүнг гаргах

11. Маргаан шийдвэрлэх, дахин санал хураах болон дахин сонгууль явуулах

12. Сонгуулийн эцсийн дүнг нэгтгэн гаргах, зарлах, холбогдох этгээдэд хүргүүлэх зэргээс бүрддэг.

Сонгуулийн үйл явцад холбогдох байгууллага, түүний ажилтнууд, албан тушаалтны гүйцэтгэх ажил, дээрх үе шатанд хийх ажлын үе шат, график, хугацаа зэргийг Сонгуулийн тухай хуульд нарийвчлан тусгадаг. Дээрх ажлыг Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваариар тус тусад нь тодорхойлдог.

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төсөл санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм.

Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД