ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ

2015 оны 11 сарын 02

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нийг дэлхий нийтээр “Өгөх өдөр” хэмээн сайн үйлсийн аян өрнүүлдэг уламжлалтай. Монгол Улс мөн эл өдрийг “Үндэсний өгөх өдөр” хэмээн тэмдэглэж олны анхаарлыг энэ зүгт хандуулах болсон.

“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ, “Тархины сааны холбоо”, сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төв хамтарч энэ жил “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор хэд хэдэн сайн үйлсийн аян эхлүүлж байна. Улсын хэмжээнд оюуны болоод хөдөлгөөний саажилттай 11 мянга гаруй хүүхэд байдаг аж. Тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах байгууллага цөөн байдгаас гадна сэргээн засах эмнэлэг, тоног төхөөрөмжийн хүрэлцээ тааруу.

Иймд тус байгууллагын санаачилгаар дэлхийн ихэнх оронд өргөн ашигладаг тархины саажилттай хүүхдийн эмчилгээ, сувилгаанд нэн шаардлагатай сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмж болох аалзны тор буюу “spider cage”-ийг сэргээн засах хөгжлийн “Таны инээмсэглэл” төвд хандивлах аян өрнүүлээд байна.

Тус төхөөрөмж нь 12 мянган ам.долларын үнэтэй бөгөөд сайн санаат хүн бүрийг хандивын аянд нэгдэхийг тус төвөөс уриалжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Энэ бол би” сэдэвтэй үзэсгэлэнг дэлгэсэн аж.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь оюуны болоод хөдөлгөөний саажилттай хүүхэд, залуус бусдаас дутах зүйлгүй гэдгийг олонд сурталчилан таниулахад оршжээ. Мөн “Өгөх өдөр хөдөлгөөн”-ий үйл ажиллагааг дэмжин ажилдаг “Digital dental clinic” шүдний эмнэлэг өнгөрсөн өдрүүдэд тус өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж, мэдээ мэдээлэл түгээсэн байна.

Дашрамд дурдахад, “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын Худалдаа хөгжлийн банкны 499180209 тоот дансанд сэтгэлийн хандив өргөн сайн үйлсийн аянд нэгдэж болох аж.

А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД