”ДҮР БҮРЭЭСЭЭ ШИНИЙГ СУРЧ, АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖ БАЙНА”

2015 оны 11 сарын 01

“Х ТҮЦ” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин” зэрэг уран сайхны кино, “Сайтар эргэцүүл” тайзны бүтээлд тоглосон жүжигчин А.Туяа багадаа их даруухан охин байжээ.

Ямар сайндаа л хамаатан, найз нөхөд нь түүнийг жүжигчин болсонд гайхдаг гэнэ.

Монголын “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж, бие хаа, зүс царайгаараа олны анхаарал татаж, тэр хэрээр багагүй хэл аманд өртдөг түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Single ladies-1, 2” кинонд өрх толгойлсон ээжийн дүрд тоглолоо. Ямар санагдав?

-Кино маань нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч маш амжилттай байна. Уран бүтээлч хүний хувьд энэ л хамгийн сайхан шүү дээ. Өнөөгийн нийгэмд хамгийн түгээмэл үзэгдэл болсон ганц бие ээжийн дүрд тоглолоо. 30 орчим насны эмэгтэйн дүр.

-Дүрийн судалгаагаа хэрхэн хийв. Найз нөхөд, эргэн тойрныхон дунд нь ганц бие ээжүүд байдаг уу. Тэдэнтэй уулзаж ярилцсан уу?

-Дүр бүтээхэд судалгаа маш их чухал. Гэр бүл салах явдал эрс нэмэгдэж, өрх толгойлсон ээж олон болжээ. Бараг л арван бүсгүйн зургаа нь хүүхдээ ганцаараа өсгөж байх шиг. Эх хүн, тэр дундаа ганцаараа хүүхдээ өсгөж байгаа ээж ямар байх ёстойг чадлынхаа хэрээр судалсан.

-Зураг авах явцад найруулагчид загнуулах үе байв уу?

-Найруулагч бүх л зүйлийг сэтгэлдээ төсөөлөн, харчихсан байдаг шүү дээ. Аль болох найруулагчийнхаа үгийг сонсож ажиллалгүй яах вэ. Гэхдээ зарим тохиолдолд өөрийнхөө санааг бас хэлнэ.

-Өөр шинэ уран бүтээлд ажиллаж байна уу?

-Ирэх арваннэгдүгээр сард зураг авах ажил нь эхлэх нэг киноны санал ирсэн. Ажиллах, үгүйгээ хараахан шийдээгүй байна. Шинэ он гарсны дараа гавьяат жүжигчин И.Одончимэг эгчийн шинэ уран бүтээл нээлтээ хийнэ. Монгол, Хятад, Өвөрмонголын хамтарсан кино.

-“Х ТҮЦ” продакшнаасаа яагаад гарчихав?

-Хувийн уран бүтээлд түлхүү анхааръя гэж бодоод л ах, эгч нартайгаа зөвлөлдөөд, гарах шийдвэрт хүрсэн. Түүнээс биш элдэв асуудал үүсээд гарсан юм биш. Одоо чөлөөт уран бүтээлч болсон.

-Аль нэг хамтлагт харьяалагдах, чөлөөт уран бүтээлч болж уран бүтээл хийхэд ялгаа байна уу. Яаж мэдрэгдэж байна вэ?

-Их ялгаатай л даа. Хамтлагт байхдаа маш завгүй ажилладаг байлаа. Хамтлагийнхаас гадуур өөр уран бүтээлд ажиллах боломж хомс байсан. Одоо арай амар байна. Дуртай дүрдээ тоглоно, цаг зав ч гарч байна.

-Шинэ уран бүтээлийн санал ирэхэд ажиллах, үгүйгээ хэрхэн шийддэг вэ. Киноны зохиол, хамтран ажиллах баг гээд сонголт хийхэд нөлөөлөх хүчин зүйл их шүү дээ?

-Хамгийн түрүүнд зохиолыг нь л хардаг. Тоглох дүрээ судалж үзнэ. Кино бол багийн уран бүтээл. Тийм болохоор хамт ажиллах хүмүүсээ бас хардаг. Жүжигчин хүн ямар ч хамт олон дунд ороод ажиллах чадвартай байх ёстой гэж боддог.

-“Single ladies” кинонд эмэгтэйчүүдийг их сайхнаар үзүүлсэн. Стиль имижийг ч гоё бүрдүүлж чадсан. Голдуу эмэгтэй уран бүтээлчид хамтарч ажилласан болохоор тэр юм болов уу?

-Кинонд мэргэжлийн стилист ажилласан л даа. Г.Ундармаа эгч гоо сайхны өндөр мэдрэмжтэй. Хийж байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл гаргаж ажилладаг. Үзэгчдэд гол дүрийн жүжигчдийн стиль их таалагдаж байх шиг байна.

“Их загварлаг байна” гэсэн магтаал сонсож байгаа. Кинонд ажилласан стилист, загвар зохион бүтээгч, нүүр хувиргагч, үсчин гээд арын албанд зүтгэсэн хүмүүсийн маань хөдөлмөр шүү дээ.

-Та ер нь загварын мэдрэмж хэр вэ. Өөрийгөө юугаар гоёх дуртай вэ?

-Их энгийн хувцаслах дуртай. Гоё ганган гэхээс илүү өөртөө тохирсон, биед эвтэйхэн хувцас сонгодог. Гоёл, чимэглэл зүүсэн ч аль болох жижгийг л сонгодог доо.

-Гэхдээ эмэгтэй, тэр дундаа жүжигчин хүн учраас гоёл чимэглэлийн цуглуулга байдаг байх?

-Тэр мэдээж. Яах аргагүй ажлын шаардлага. Тийм болохоор тайзны гоёлууд бий.

-Олны танил, эмэгтэй уран бүтээлчдийг дагах хэл ам тасардаггүй. Та тэр болгоныг хэрхэн хүлээж авдаг вэ. Эмзэглэдэг үү?

-Янз бүрээр л хэлдэг, бичдэг. Миний тухай бичсэн зүйлийг уншаад эхэндээ их эмзэглэж, уйлах шахдаг байлаа. Одоо бол хүндээр тусгаж авч цочирдохоо больсон. Дотнын найз нөхөд маань “Тэр сайт дээр ингээд биччихэж, тэр тэгж байна” гээд л хэлдэг юм. Тэр болгоныг үздэггүй.

Зарим сэтгүүлч мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бичдэгт нь харамсдаг. Сайтын сэтгэгдлүүд бүр муухай. Тэр хүнийг мэддэг ч бай, мэддэггүй ч бай ам нийлээд л доромжилдог.

-Хошин урлагийн хамтлаг, продакшны жүжигчдэд ихэнхдээ инээдмийн төрлийн киноны санал ирдэг. Гэтэл танд эмэгтэйлэг, тачаангуй бүсгүйн дүр ирэх нь олон юм шиг. Ямар төрлийн киноны саналууд ихэвчлэн ирж байна вэ?

-Тайзан дээр ч ихэвчлэн эмэгтэйлэг дүрүүдэд тоглодог байж. Хүмүүс ч тэрийг өлгөж авч ярьдаг. Хүний харагдах байдал нөлөөлдөг юм шиг байна л даа. Намайг хүмүүс хошин урлагийн жүжигчин гэж хардаггүй байсан шиг байгаа юм.

-Ямар уран бүтээлээр кино урлагт анх хөл тавьсан бэ?

-З.Батболд найруулагчийн “Цасан охин” кинонд анх тоглосон.

-Өөрийнхөө тоглосон киног үзээд ичих тохиолдол байсан уу?

-Тоглосон киногоо үзээд ичих үе гарна шүү. Энэ хэсэгт ингэдэг байж, тэгчихгүй яав даа гэж бодоод, хавталзаад сууна шүү дээ.

-Жүжигчин хүн бүр өмнө нь ажиллаж үзээгүй дүрд тоглохыг хүсдэг байх. Та одоо ямар төрлийн кинонд, ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?

-Би детектив кинонд их дуртай. Харамсалтай нь, манайд энэ төрлийн кино цөөн байна. Тийм л сонирхолтой кинонд тоглож үзмээр байна.

-Тайзны уран бүтээлд нэг хэсэгтээ тоглохгүй юү. Ер нь сонгодог жүжигт тоглох мөрөөдөл байдаг биз дээ?

-Яг ч хүсэж мөрөөдөөд байдаггүй. Гэхдээ жүжигчин хүн л юм чинь үе үе боддог л юм. Хэлж мэдэхгүй юм даа. Хэзээ нэг өдөр жүжигт тоглочихсон гээд инээгээд явж байх ч юм бил үү.

-Та өөрийгөө ээж болсон байгаагаар төсөөлж байсан уу?

-Ёстой төсөөлж байгаагүй. Магадгүй хэдэн жилийн дараа энэ талаар бодож эхлэх байх. Би ер нь хувийн амьдрал, тэр дундаа хайр сэтгэл, гэр бүлийн асуудлыг төсөөлж бодох, төлөвлөх дургүй. Болох зүйл болох цагтаа л болно биз.

-Ажил мэргэжлээ эхэнд тавиад гэр бүл зохиохгүй яваад байна уу?

-Үгүй ээ. Би гэр бүл гэдэг зүйлийг ажил мэргэжлээс ч өмнө тавьдаг хүн. Хүнд гэр бүл, түүний нөмөр нөөлөг асар их хэрэгтэй. Одоохондоо гэр бүл зохиоход яарахгүй байна. Би 30 нас ч хүрээгүй байна шүү дээ.

-“Би “Х ТҮЦ” продакшнаас сураагүй зүйлээ Г.Ундармаа эгчээс сурч байна” гэсэн ярилцлага гадуур нэлээд шуугиан тарьсан. Үнэхээр та тэгж ярьсан юм уу?

-Ёстой тийм юм яриагүй. Жүжигчин хүн цаг ямагт суралцах ёстой. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ ихийг сурдаг. Өдий зэрэгтэй, жүжигчин гэж дуудуулж яваа минь “Х ТҮЦ” продакшнтай салшгүй холбоотой.

-Шинэ киноны зургийн ажил эхэлсэн, ачаалалтай үеэр өөртөө чөлөөт цаг гаргаж чадаж байна уу?

-Ёстой хэцүү асуудлын нэг дээ. Эхлэх нь тодорхой ч, дуусах цаг нь тодорхойгүй ажил шүү дээ. Жүжигчдээс шалтгаалахгүйгээр арын албаныхан, техникийн асуудлаас болоод зураг сунжрах үе ч бий. Одоо аль болох өөрөө цаг гаргахыг хичээж байна. Хүнд эрүүл мэнд маш чухал юм.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?

-Аль болох стрессгүй байхыг л хичээдэг. Бясалгадаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх дуртай. Бас унтах дуртай. Сайхан унтаж амарсны дараа бүх л зүйл их гоё болчихсон юм шиг санагддаг.

-Дэлгүүр хэр хэсдэг вэ. Сонирхож цуглуулдаг зүйл бий юү?

-Эмэгтэй хүний шунал барагдашгүй. Авъя гэсэн зүйлээ авч чадахгүй бол бараг зүүдэлнэ шүү. Хэзээ нэгэн цагт хэрэг болохоор, эсвэл яг одоо хэрэгцээтэй байгаа зүйлээ л авдаг юм. Би интерьер сонирхдог. Энэ чиглэлийн ном цуглуулдаг.

Найз нөхөд, хамаатнууд маань гэртээ засвар хийж, тохижуулахаар болоход хамгийн түрүүнд л гүйгээд очдог. Маш сонирхолтой ажил шүү.

-Тэгэхээр зураг зурах авьяастай юм байна шүү дээ?

-Зурдаг байсан шүү.

-Гэр бүлийнхэн дунд нь танаас өөр урлагийн хүн бий юу. Энэ мэргэжлийг яагаад сонгочихов оо?

-Байхгүй ээ. Би өөрийн сонирхлоор л сонгосон. Аав, ээжээсээ зөрж байж сонгосон мэргэжил. Хэзээ ч энэ сонголтдоо харамсаж байгаагүй.

-Өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа ажиллахаас эхлээд жүжигчний ажил хүнд. Зураг авах ажлын явцад шантрах тохиолдол гардаг уу?

-Гаралгүй яах вэ. Ямар ч уран бүтээл амархан бүтэхгүй. Зураг авах явцад хүнд санагдах ч, киногоо дэлгэцэд гарсны дараа тэр хүнд үеийг мартчихсан л явж байдаг. Бидний мэргэжил үнэхээр амттай.

Би өнөөдөр ганц бие ээж, маргааш алуурчин, нөгөөдөр эмч гээд янз бүрийн дүрд хувирч үзнэ. Тэр болгоноосоо шинийг сурч, аливааг өөр өнцгөөс харна шүү дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.41.252 Ger bvl salah neg taldaa baidaggui