ИХ ХАЙРХНЫ НӨМӨР БУЮУ “ДЭЛХИЙД ӨНДӨР” ДЭЛГЭРХАНГАЙН ДООРОВ

2015 оны 10 сарын 30

-Дааган туруун тамгатай Дашдооров зохиолч-

Тангадын ГАЛСАН

(Ардын уран зохиолч)

Миний бие түүхт нэг байшингийн хаалганд нь хадаг өргөж ордог. Тэр бол “Монгол кино” үйлдвэр хэмээх их урлагийн сүм. Энэ сүм Батын Донров гэдэг мундаг дарга хамбатай байв. Түүний мундаг нь амьдрал хөлгөн дээр хүн шатрыг зөв өрдөгтөө байлаа.

Хэзээ ч тэр бэрсний байран дээр морь, тэрэгний зогсоол дээр түүхий хүү өрж байсангүй. Намын батлахаар нь бус, хүнийг авьяас эрдэм, ажил, үйлсээр нь үнэлдэг, тэр дарга.

“Гудамжны архичин” гэгдэн, хамаргүй эмгэн, хар захын халаасчин хөлхсөн шар дэлгүүрийн үүд хавиар өнждөг О.Өсөхбаярт орчуулгын киног, “эсэргүү тэмээчин”-д баримтат киног, сархдын гэмээр саарал ордноос халагдсан, сагуу агсам, буриад Цэрэндоржид “Монгол кино”-ны эдийн засаг, мөнгө санхүүг хариуцуулсан төдийгүй зохиол үгүйгээс төлөвлөгөө тасардаг уран сайхны кинонд зохиолчдын хорооноос тийм ч таатай бусаар халагдаж байсан Дашдооровыг авчирснаар үл барам, ерөнхий редактороор тохоон томилж билээ.

Тийнхүү Дооров бид хоёр “Монгол кино” гэдэг их айлын нэгэн ам бүлд багтсан нь их хувь ерөөл. Нэг л уншаад шүлэг цээжилдэг, нэрийг нь сонсоод л дүрийг нь элэглэж ярьдаг тэр билиг танхай эр дааган насандаа Монголын уран зохиолын түмэн эхүүдийг гүйцэн түрүүлж, соёолон насандаа урлагийн орчлонд “Говийн өндөр” болсон билээ.

Хээ шаагүй атлаа цаанаа л нэг тэнгэрлиг, үг хэлэхдээ будлиу атлаа туурвихдаа оноч нь эрдэнэлиг, харахад яагаад ч юм Дэлгэрхангай хайрханд дээл шууж, үнэгэн лоовууз шилдүүлсэн хөрөг сэтгэлд буугаад ирдэг.

Дэлгэрхангайн уулыг саравчлуут дэндүү авьяастай Дооров зүрхэн дотор пөг пөг инээх шиг болдог. Монголын уран зохиолын уурхайг уудлахад, Дооров гэж эрдэнэсийн сан Оюутолгойн орд шиг ундраад эхэлдэг нь гайхамшиг. Дооровгүй монгол яруу найраг, Дооровгүй роман тууж, Дооровгүй кино гэж юу байх вэ. Дооров мартахуйн мананд арчигдах зуурдын алдартан биш.

Цохон дээрээ дааганы туруун тамгатай зохиолч Монголд, тэр ч байтугай дэлхийд ганцхан. Тэр бол Дооров байв.

Монгол “Жангар” туульд 64 баганатай жаргалын хөх өргөө гардаг. Монголын утга зохиолыг тийм нэгэн өргөө гэвэл, хэзээ ч тооно тонгойлгож, унь гулжийлгахгүй бат бахим баганы нэг нь Дооров.

Хорвоогийн балиус насных нь чагтагыг огтлоогүйсэн бол Д.Пүрэвдорж найз шигээ “Баатар”-ын зарлиг сонсож, алтан соёмбо энгэртээ гялалзуулах утга соёлын баатар нь Дооров байлаа. Дашдооровын тухай олон сайхан гэгээн дурсамж тархины бор хальс, зүрхний хүрэн ховдлоор дүүрэн үерлэсээр л... Түүнээс зөвхөн хоёрхоныг хуучилъя.

Үзэл суртлын даргын үзлийг өөрчилсөн нь

Хойчийн хүүхдүүд фашизм гэж юу байсныг хагас дутуу ойлгоно. Харин социализмын үе гэж юу байсныг, тэр үеийн коммунист намууд гээч ямар аймшигт мангаа байсныг ясандаа ортол мэдрэхгүй. Угтаа фашизмаас дутуугүй аюултай. Нам нь төрийнхөө дээр зайдалж, эх орончдыг хядаж, итгэл үнэмшил өөр хүн бүхнийг цөлж, амьдаар нь булж байв шүү. Тэрхүү харгис анчдын багийг МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс гэнэ. Үзэл суртлын хэлтсийн асар, басрууд дунд үзэг нэгтнээ авлагч зохиолчид ч цөөнгүй байсан. Гэвч тэдний дунд намын сэрээ, номын гэгээ хоёр нь, зүрхэн тольтондоо зөрчилдөж явдаг, хүн чанартан, гүн бодлоготон ч мэр сэр байсан. Тэдний нэг бол Дэжидийн Чимэддорж. Улсын начин Ж.Авхиаг генерал болуут нь барилдах эрхийг нь хассан шиг, Чимэддорж үзэл суртал эрхэлсэн дарга болсон цагаасаа яруу найраг хэлхэх, орос, герман хэлнээс сонгодог зохиол орчуулах үүд нь хаагдаж, үзэг нь зэвэрсэн хохирогч нэгэн билээ.

Герман үндэстний бахархал Х.Хайнегийн яруу найргийн бүтэн түүврийг монголчууд Чимэддоржийн орчуулгын ачаар уншсан, бахадсан, тийм азтай уншигчийн нэг нь би.

Дарьгангын дотуур байрны сурагчаас хөрш их гүрний улаан Москвад, улмаар хөгжил дэвшлээр цолгорсон Германд суралцсан тэрбээр саарал ордны буурал дарга нарын эгнээнд идэр залуугаараа орсон нь хувь заяаны төөрөг биз.

Үүнийг үл өгүүлбээс, зурагтын хөтлөгч, радиогийн нэвтрүүлэгч баймаар баргил сайхан хоолойтой, оноч үгтэй, боргил хар саравчтай тэр том дарга улаан дугаартай хар тэргээрээ ажил тарсан хойно “Монгол кино” үйлдвэр дээр давхин иржээ. Учир нь, Зөвлөлт-Монголын найрамдлын сараар манайд ирж ая эгшгийн увдисаар ард түмнийг байлдан дагуулсан Игорь Моисеевийн чуулга маргааш эх орондоо, их гүрэндээ буцах байж. БНМАУ тэдэнд, тэдний тухай, тэдэнд элэгсэг бидний тухай баримтат кино гардуулах ёстой санж. Тэр киног Д.Жигжид аварга найруулжээ. Дарга нар кино үзэв. Чимэддорж дарга тайлбарыг навс голж дээ.

-Энэ чинь кино мэдээ болчихжээ. Кино болсонгүй. Зөвлөлтийн, дэлхийд алдартай чуулгын гайхамшгийг, урлаг уран сайхны хүч чадлыг сурталчлах ёстой бус уу? Кинонд үгийн хүч дутаж байна. Зураглаач, найруулагч нар хүчээ гаргажээ. Харин тайлбараар дүрсний дутууг нөхөх, дүрсээр үзүүлж үл болом гайхамшгийг илтгэх ёстой хүн гуай нь уран үгээ яагаад харамласан юм бэ?

Бүдүүн дуут даргын дээрх үнэн үг бүх киночдод аянга шиг буув.

Дарга нарын даралт хэлбэлзэж эхэлжээ. Учир нь үзэл суртлын ажилд хайнга хандсан, цагийн бүтээлийг цагт нь гаргаж найрамдлын түүхийг киногоор дархлах үүрэг хариуцлагаа хөсөрдүүлсэн болж таарах гээд байж дээ.

Уг нь улиг үгээр нуршсан тайлбарыг их л сайн коммунист бичсэн санж.

Цаг давчуу, хариуцлага толгойтой сацуу энэ үед киноны хамтлаг өнөөх муу нэртийг хаа байгаа газраас нь баривчлан авчраад тайлбарыг шинээр бичүүлж эхлэв. Дүрсээ харангаа түүний сараачсан тайлбарыг хоёр бичээч машиндаж, бичээчийн гараас гарсан хуудсыг Гунгаа, Цэенханд хоёр ээлжлэн уншиж, дууны найруулагч эвлүүлж, агшин хором бүртэй уралдан ягшуулсаар...

Энэ үеэр кино үйлдвэрийн ерөнхий редакторын өрөөнд “Гурван До” мөнөөх том даргыг лонхоор аргамжжээ. Дипломатч мэргэжилтэй, найрагч гуншинтай эрхэм ч нанчдаас татгалзсангүй. Эрхэм том даргын бие нь тавирч, эгэл хүний зэрэглэлд эргэн саатаж, сэтгэлийн салхи нь сэвэлзэх үеэрээ

-Одоо тайлбар засаж байгаа нөхөр чинь хэн бэ?

-Галсан...

-Ямар?

-Тангадын Галсан.

-Яруу найрагч уу?

-Тийм.

-Галсан яагаад тэмээчин болчихсон хүн бэ гэхэд Донров, Доржпалам хоёр ялимгүй түгдрэн гэлмэжээ. Харин Дашдооров яншуйтай дүнс нэрсэн мөнгөн тоногтой матгар гансаа шунагхан сорсноо

-Орон нутгийн Балган ноёныг оролдоод... олиулчихсан юм гэсэнд том дарга писхийтэл инээжээ. Бүгд инээлдэв. Үүлэн чөлөөгөөр хурц нарны гэгээн эрчис асгарах шиг чин үнэнээсээ инээлджээ. Энэ бол даргад далдаганагсад, сайдад саймшрагчдын долдой инээд биш байчихуй.

-Орон нутгийн Балгантай гэлээ гэнээ ха ха гээд том дарга дахин инээв. Энэ инээд улс төрийн хардлага сэрдлэгийг салхинд хийссэн хамхуул мэт замхраах үеэр Жигжид гуай кино засвар дууссаныг баяртайяа дуулгажээ.

Дээдэс киног үзээд

-Сайн болжээ. Бушуу хувил!

-Та нар анхнаасаа л зохиол тайлбараа Галсангаар бичүүлэх байж дээ гэсэн нь саар нэртийн хувь заяанд сайны эргэлтийн эхлэл болсон бөлгөө.

-Дарга нар кино амжилттай болсныг тэмдэглэхдээ Б.Донров, Р.Доржпалам нар Дооровын үгэнд ташуур өгөн

-Ямар ч ажлыг эзний ёсоор ягшуулдаг...

-Хамт олны итгэлийг даасан хүн дээ... гэх мэтээр гийнгоолжээ.

-Хэнд ч хар пайз насан туршид нь зүүх ёсгүй. Ажил үйлс бол хувь хүний тодорхойлолт шүү дээ гэж МАХН-н Төв хорооны Үзэл суртлын дарга хэлжээ.

Төв хорооны үзлийн салхи зөв эргэнэ гэдэг зуд дунд зун буухтай адил гэдгийг хилс хэлмэгдэж үзээгүй, хэлмэгдэлд тамлагдаагүй хүн ойлгох аргагүй.

Үзэл суртлын үл үзэгдэх урт хар савраас нөхрөө аврах эгзгийг олсон, инээдээр гагнасан Дооров зохиолчийг санах бүр

Дээл шууж өмссөн

Дэлгэрхангай уул

Тэнгэрийн нар мөрлөн

Дэлгэц дүүрэн цэнхэртэх ажаам.

Их хайрхны нөмөр

Ууранд хийгээд нүдсэн ч оногдохгүй, уутанд хийгээд тэмтэрсэн ч баригдахгүй айхтар бог будаа шиг эсэргүү гэж намайг байнга сэрддэг, өө хайж явдаг, үйл тамтан “Монгол кино” үйлдвэрт олонгүй. Бас цөөнгүй.

Тэд эгэл жирийн өдрүүдэд бол миний өгзгийг арчиж, өмд, жийргийг угаах шахна.

Харин миний тухай сэрсхийм цуурхлын хар салхи дэгдэх буюу, сэжиглэм зүйл нүдэнд нь өртвөөс харцанд нь өвлийн жавар цийлэлзэж, харьцаандаа холын зай барин, амар мэндийн зөрөө ч үгүй, алсуур доёлзох нь “шүлхий гарч гэнээ” гэсэн цуурхал тарсан нутгаас сүйхээт малчид нүүж дайжих мэт.

Ясны бэртэнгэтэй, архагшуулсан мухар олгойтой хүний эмгэг хууч нь тэнгэрийн ааш бишдэхийг “хэлээд” өгдөг шиг, хүн-хүнстэний жийрхэл нь улс төрийн улаан шуурга эхлэх гэж буйг урьдчилан дохиолдгоороо “эсэргүүн”-д их л ашигтай байдаг болой.

Тийм нэг хар ёр намын үүрийн найдвартай, идэвхтэй гишүүдийн зүгээс мэдэгдээд эхлэв.

Гэвч өвөлжөө хадлан сайтай малчин өвлийн цасан шамаргад ажирдаггүй шиг, өөрийн үнэндээ, өдөр тутам цагаан мөртэй яваадаа итгэл төгс “эсэргүүн” энэ зэрэгт яахин цочирдох.

Харин үл үзэгдэх зүү тэвнэ нь өрцөн чанад дахь зүрх, элгийг яаж шивж, яаж сэглэж байдгийг бас яахин мэдэх!

Нээрээ ч удсангүй намын үүрийн товчоо, үйлдвэрийн захиргаа ажил тарсан хойгуур хуралдаж байгаа халуухан мэдээ чих дэлсэв.

Захиргаа санаачилсан бол ажил хэргийн цагаан зөвлөгөөн болдог. Тасгийн дарга, баримтат кино диафильмийн редактор учир тийм хуралд нь би уригдах бус баригдан оролцдог бөлгөө.

Харин “Нам” санаачилсан бол Маоизмын аюул, найдваргүй сэхээтэн, хөх Монголын үндсэрхэг үзэл, хөрөнгөтний харш нөлөөний тухай шивнэлдэх мэт нууцаар хэлэлцэж, ширээ шаах нь халаг үе үе ширүүсдэг, шийдвэр нь хөөх туух тушаал болж хувирдаг болой.

Энэ удаа бас л миний тухай хэлэлцжээ. Би Төмөр-Очир, Лоохуузын бүлгийн идэвхт гишүүн, төр засгийн мэргэн бууны овоо хараан дахь байнгын бай төдийгүй Маогийн сүлбээтэн нь илэрсэн гэнэ ээ.

Үүнийг үл өгүүлэн өгүүлбээс, Зөвлөлт Холбоот Улсад очиж коммунизмын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, туршлага судлахаар одсон Монголын зохиолчдын унаж явсан илжиг тэрэг нь уулын уруу хурдалж явсан, хүнд даацын том тэрэгний доогуур оржээ.

Намч зарчимч шүүмжлэгчээрээ дээр үеийн Но Данзан шиг тодорч намын удирдагчдад найдварын од болж байсан залуу шүүмжлэгч (судлаач биш) Төмөр ослын газарт амь алдсан ажээ.

“Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байгаад, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Очирын тухай тэргүүн туршлагын тууж бичсэн, бас олон сайхан шүлэг найраглал нь төр түмний таашаалд нийцсэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Жанчивын Шагдар хөнгөн тэрэгний хаалгаар “Хүн сум” болон цойлж, амьд гарсан төдийгүй хацартаа ч сорвигүй, гартаа ч гэмтэлгүй, эх орондоо эргэн ирсэн билээ. Ус ууж явах хувь гэдэг энэ биз.

Харин амьд мэнд үлдвэл алсдаа Монголын зохиолчдоос Нобелийн шагнал хүртэж мэдэх билиг танхай авьяаслаг зохиолч, яагаав, өнөө “Нар шингэх болоогүй”, “Сарны сонат”, “Ус шиг цэнхэр” зэрэг сэтгэл зүйн сайхан өгүүллэг “Борзооны явдал” гэдэг чамбай тууж туурвисан Пэрэнлэйн Лувсанцэрэн үрэлтээс шатсан жижиг тэрэг дотор боодог болтлоо түлэгджээ.

Лувсанцэрэн бид хоёр нэг нутгийнхан. Бас гэргий нь манай кино үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга бөлгөө. Лувсанцэрэн маань коммунизмын орны хамгийн сайн эмнэлэгт сар шахам хэвтэж эмнүүлсэн. Энэрэхүй сэтгэл, эрдэм төгс эмч нар ачтай ч, эрлэгийн элч тэднээс хүчтэй байжээ.

Монголоос яаралтай очсон ханийнх нь халамж, халуун сэтгэлийн дулаан үг, миний хүргүүлсэн хойлгийн мах, чацарганы тос Лувсанцэрэнд аврал болсонгүй. Учир нь талийгаачийн биеийн 80 хувь нь түлэгдсэн байж. Гэвч ухаан саруул, ганц ёолохгүй байсанд нь эмч нар гайхаж, тэр хэрээрээ халаглан харуусаж байсан гэдэг. П.Лувсанцэрэн шиг их ном цуглуулсан зохиолч тэр үед Монголд байгаагүй.

Гэтэл тэр их номоо талийгаач “Манай нутгийн найрагч Галсанд өгөөрэй” гэж гэрээсэлсэн санжээ. Тийнхүү надад дэлхийн авьяас билиг, оюун ухааны сор болсон мэргэдийн сонгодог ботиуд үнэгүй ирэх нь тэр!

Гэвч би тэр их эрдэнийг гэртээ зөөсөнгүй. Учир нь манайх гэдэг айл “Майдарын 7” гэж алдаршсан барилгачдын нийтийн сууцны ганц өрөөнд толгой хавчуулан барилгачин дүүгийндээ хоног хороодог байв. Нөгөө талаар би гээч зөрүүд амьтан, бэлэг бүхэнд гараа тосох хүн биш санж.

Тэгээд ч кино үйлдвэр дээрээ хоёр машинаар зөөж авчирлаа. Тэр үед би редактор, дарга, номын санч зэрэг олон алба таширлуулан хашдаг “мундаг” амьтан болчихоод байж л дээ. Номын сангийн өрөө уужим. Энэ танхим бол “Өглөө” кинонд Ленин, Сүхбаатар хоёр золгон учирдаг зургийг авсан түүхт өрөө. Тэгээд ч тэнд Лениний номын сангийн гурван том шүүгээ байх. Харин дотор нь ном цөөн “Советское фото”, “Советский фильм”, “Правда” зэрэг сонин сэтгүүл навсайж хэвтэх.

Хашир зураглаач Г.Цэрэн, залуу найруулагч Г.Жигжидсүрэн, яруу найрагч П.Гантөмөр, инженер С.Гантөмөр нараас өөр ном сэтгүүл авч уншдаг хүн цөөн. Зохиолч П.Лувсанцэрэнгийн номын сан “Монгол кино” үйлдвэрийн номын сан болсон түүх ийм. Луяагийн шалнаас тааз тултал хураалттай байсан сайхан ботиудыг Лениний номын сангийн том шүүгээнүүдэд эрийлгэх гэж миний бие, хэдэн дуулгавартай ажилчдынхаа хамт амралтын өдөр ч амсхийлгүй ялгаж төрөлжүүлсээр ярайтал өрсөөр, үйлс сайхан бүтсэний төлөө үүдээ түгжин байж хундага өргөв.

Ийнхүү “Монгол кино” үйлдвэр Илиада Одессей, Ромаяна, Махабхаратаас Жангар хүртэлх дэлхийн бүх туульс, “Алтан навч”-аас “Декамерон” хүртэлх нууц ном, Марк Твенээс Солженыцин хүртэлх дэлхийн зохиолчдын боть, Маркс-Энгельсээс Мао Зэдун хүртэлх гүн сэтгэгчдийн туурвил бүрэн сайхан номын сантай болсон төдийгүй би өөрөө тэрхүү номын сангийн эрхлэгч боллоо.

Бас сүүлчийн автобус явах хүртэл номын сандаа дэлхийн авьяас дээдэлж, ухаан ууж суудаг болсон билээ. П.Лувсанцэрэн маань М.Горькийн нэрэмжит, утга зохиолын дээд сургуульд сурахаар одохоосоо урьд Намын түүхийн институтид улс төр, гүн ухааны чиглэлийн орчуулагч байсан болоод ч тэр үү “Гүн ухаанд эс нэвтэрвээс гүехэн ухаантан болно” гэдгийг тооцдогтоо ч тэр үү, Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, А.Эйнштейн, Күнз, Минз, Далай лам, Бурхан багшийн сургаалаас уруудуулаад Маогийн сонгодог зохиолуудыг олж цуглуулсан, уншиж тэмдэглэсэн нэгэн байж.

Энэхүү дүгнэлт үнэн болохыг, тэдгээр ботийг дөнгөж сөхөж харсан хэнд ч ил үзэгдэнэ. Мөр мөрийн дундуур улаан, хөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглэл цөм Лу-гийнх бөлгөө.

Сэхээтэн явах цагтаа овоо чамбай номын сантай байсан олдой миний бие малчин болохын цагтаа хайран сайхан номоо, уншсан номын тэмдэглэлээ шавь нартаа тараахдаа ч, Бууцагаан, Заг сумын номын санд маш хямдхан зарахдаа ч, хурдан морио хулгайд алдсан уяач шиг харуусаж байсансан.

Харин энэ удаа ийм баян номын сангийн эрхлэгч болсон тул нас насны хурдан морьтой уяач шиг, тэд нь улсын наадамд айрагдсан юм шиг сэтгэл өег, цээж ханхар байх болж билээ.

Гэтэл номын сан дахь Хятадын удирдагчийн гурван ботиос болж Монгол Улсдаа ахин сэжиглэгдэх болжээ. Эрүүл нийгэмд, эрүүл хүний сэтгэлд бол ийм хачин явдал яахин багтах вэ?

-Та нарын хайрлаад, хамгаалаад байдаг нэг хачин хүн чинь кино үйлдвэрийн номын санг баяжуулах нэрээр Мао Зэдуны ботиудыг цуглуулаад, сургаалийг нь үүдээ түгжин, үдэш орой сурталчлахад бэлтгэж байна.

Манайх хэдийгээр үйлдвэр нэртэй боловч Намын үзэл суртлыг урлагаар дамжуулах үүрэгтэй газар бишсэн бил үү? Гэтэл холын империализмээс аюултай ойрын, хил залгаа Хятадын (Маркизм-Ленинизмээс урвагч) Маогийн үзлийг дэлгэрүүлэх төв болон хувирах гэж үү гэх мэтээр лантуудаж гарчээ.

-Одоо яах вэ гэдэг эгзэг отсон асуултад олон хүн элгэн дээрээ ацан шалуулсан ноён шиг бэмбэгнэх үед ерөнхий редактор С.Дашдооров матигар гансан дахь яншуйтай тамхиа шунагхан сорж, сурмагхан сэвшингээ,

-Маогийн зохиолыг унших үүрэг даалгавар өгсөн хүн тун ойрхон байна. Тэр бол би гээд пар пар инээсэнд олон коммунистын нүд орой дээрээ гарч

-Нээрээ юү?

-Та юу даа... ?

-Арай үгүй байлгүй.

-Наргина наргина гэхэд намын хурал дээр ингэж наадаж болохгүй байх аа.

-Тоглоом чинь шоглоом болбол яана гэж эргэлзээ үгээ энд тэндээс шахитнажээ. Ерөнхий редактор бүр ч тайвнаар

-Нөхөр Галсанг хатуухан шийтгэвэл зохино. Тэр нөхөр Маогийн ботийг уншихгүй алгуурласаар байна. Гэтэл манай үйлдвэр ирэх онд “ШАР ЛУУНЫ ХАР АЮУЛ” гэдэг урьдчилсан нэртэй бүрэн хэмжээний кино бүтээх ёстой. Энэ бол Маоизмын мөн чанарыг зад илчилсэн улс төр ухуулгын кино байх ёстой юм. Тэгээд ч нэг их дэлгээд цуурхаад байх хэрэггүй, зөвхөн цөөн уран бүтээлчид л мэдэж байх ёстой нууц сэдэв. Ийм хүндтэй даалгаврыг манай Намын төв хорооноос манай кино үйлдвэрт өгсөн нь их итгэл найдвар.

“Монгол кино” үйлдвэрийг анх диафильм, анхны мультфильмтэй болгосон нөхөр Галсан ямархан хэмжээний ажил хэрэгч, үр бүтээлтэй авьяастай хүн бэ гэдгийг Д.Жигжид гуайгаас уруудуулаад бүх хүн мэдэж байгаа. Диафильм, кино мэдээ, баримтат кино л сар тутамдаа, улирал бүртээ тогтмол гардаг. Манай үйлдвэрийн төлөвлөгөөний биелэлтийг, манай хамт олны амжилтыг тэр нөхрийн хариуцсан хамтлаг л тодорхойлдог шүү дээ. Ленин багш сургахдаа “Дайснаа ялъя гэвэл зэвсгийг нь судал, судал, бас дахин судал” гэсэн. Маогийн алдаатай үзэлд няцаалт өгөх ганц арга бий. Тэр бол түүний зохиолыг сайтар судлах ёстой. Алдаатай, харш буруу санаатай үг өгүүлбэрүүдийг нөхөр Галсан түүх ёстой. Түүнийг нь зураглаач дэлгэц дүүрэн гаргаж, эрдэмтэд, улстөрчдөөр эрс тэс няцаалт өгүүлэх нь хожоотой.

Зарим хүн Маогийн ботиудыг хая, гологдол, негатив, позитив шиг шатаая гэж байна. Шатаах амархаан. Гэвч ном шатаагчид хэн байдаг билээ дээ? Гитлер, Мао хоёр шүү дээ! Бид тэдний шавь болох гэж үү... гэсэнд мөнөөх саналыг гаргасан коммунист ихэд сандарч,

-Бусад боть шиг шилийг нь нааш харуулалгүй, цааш нь харуулах ч юм уу, гадуур нь өөр хавтас хийж болно. Заавал “Мао Зэдуны сонгодог зохиол”, тэргүүн, дэд гутгаар боть гэсэн бичгийг ил байлгах нь эвгүй гэж ээрч мууран нүднийхээ саравчийг зүлгэжээ.

Энэ үг онц яаралтай хурлын шийд болсон бөгөөд мөнөөх ховон хоолтон манай өрөөнд маасайн орж ирээд чамдаа баяр хүргэе. Чамаар өнөө хүртэл голдуу байгаль хамгаалал, ан амьтан, аж ахуйн сэдэвтэй киноны зохиол, тайлбар бичүүлдэг байсан. Одоо улс төрийн маш ноцтой чухал сэдвийг ч дээрээс өгөх болжээ.

Баяр хүргэе! Ахин баяр хүргэе. Би чамд итгэдэг. Би чамдаа хайртай гээд лонхны бөглөө мулталж, төө сөөм хиам шалдалж билээ.

Тэрбээр Дооровын молигыг үмхжээ. Дашдооров гэдэг эгэлхэн бахим эр ийм л хүн чанартай, хүн үнэртэй хүмүүн байлаа. Монголын нэрт зохиолч маань үзэл нэг, үзэг өөр, муу нэрт нөхөртөө Дэлгэрхангай уулын нөмөр, Туул голын цутгал болж байсан хоёрхон баримтыг цухасхан дурдахад ийм байна.

Харчин Дооровын энэ мэт эрүүл цэнгэг салхины ачаар өөлд Галсангийн зулай дээр хуралдсан хардлагын хар үүл өдрөөс өдөрт сарнин сарнин цаашилж, хайр хүндлэлийн гэрэл гэгээ инээн мишээн наашилж билээ.

Дооров том оо том!

ЗҮҮЛБЭР: Миний эрээчсэн навтраг дунд Дооровын тухай дуртгал зөндөө. Бас өөрийн гараар надад, Найгалд, охинд бичиж орхисон дурсгал зөндөө.

Эр хүн, нар хур тэгширсэн тэнгэр шиг авьяастан чинийхээ 80 насны ойг эл дурсамжаар мялаабай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.87 doorov guai zarim neg zohiolchdiig bodvol hun unshih buteeltei hun bhaa
103.229.121.87 delgerhangain uulan deereesee delhiig harsan hun shuu dee tenuun govidoo temeechin bolson monhor duugee martaagui hun dee
  • 2015 оны 10 сарын 31