У.ТӨГӨЛДӨР: Уйгагүй хөдөлмөр урагшлах замыг гэрэлтүүлнэ

2015 оны 10 сарын 30

Оюун ухаан хөгжүүлж, сэтгэн бодох чадвар сайжруулдаг гайхамшигт тоглоом болох Рубикийн шоог мэдэхгүй хүн үгүй. Сонирхолтой атлаа амаргүй энэ эдийг Унгарын Эрно Рубик 1974 онд бүтээсэн.

Шоог эвлүүлэхээр уйгагүй оролдож, бас эвлүүлж чадахгүйдээ уурсаж буй хэн нэгнийг олонтаа харж байсан. Олон хүний тархийг “гашилгаж”, хор шарыг малтаж, хорхойг хүргэдэг энэхүү тоглоомыг зөвхөн хүүхдийнх мэтээр хардаг цаг ард хоцорсон.

Рубикийн шоо нь сүүлийн жилүүдэд оюуны спорт болон хөгжиж, Дэлхийн шооны холбооноос олон уралдаан зохиох болжээ. Манай оронд ч шоо сонирхогч олширч, хэдхэн секундын дотор эвлүүлж байна. Тэдний нэг бол “Улаанбаатар” их сургуулийн компьютер программ хангамжийн ангийн оюутан У.Төгөлдөр.

Монголын шооны холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Speed cubers” шооны тэмцээнд тэрбээр оролцож, гурван төрөлд тэргүүлж, гурван төрөлд дэд байр эзэлсэн юм.

-Шоотой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?

-Таван жилийн өмнөөс хичээллэсэн. Надад шоог маш сайн эвлүүлдэг нэг найз бий. Тэр найзаараа анх заалгасан. Эхэндээ жаахан хүүхдийн хийдэг ажил гээд түүнийг шоолдог байж билээ.

Хоорондоо уралдаж эвлүүлсээр байгаад нэг л мэдэхэд маш хурдан эвлүүлдэг болчихсон.

-Рубик шоогоор хичээллэхийн ач холбогдол нь юу вэ?

-Хичээллэж эхлэх үед ээж, аав маань дэмий зүйлд цаг үрлээ гээд загнадаг байсан. Одоо бол ойлгож, дэмждэг. Барьж явсан зүйлээ хаана орхисноо мартах үе хүмүүст олон тохиолддог. Рубикийн шоогоор хичээллэснээр энэ зуршлаас ангижрах боломжтой.

Мөн юмыг хурдан шаламгай хийх, урьдчилан тооцоолох чадвартай болдог. Хамгийн гол нь анхаарал төвлөрөлт сайжирч,тархины үйл ажиллагаа хурдасдаг юм.

-Шоог нэг гар эсвэл хөлөөрөө, бүр нүдээ боогоод, нэг амьсгаагаар хамгийн хурдан эвлүүлэх зэрэг сонирхолтой төрлөөр тэмцээн зохиох болж. Чиний хувьд эдгээр төрөлд өөрийгөө сорьж байв уу?

-Үндсэн төрөл болох 3:3, хамгийн дуртай төрөл болох 4:4 хоёроор түлхүү хичээллэдэг. Сүүлд болсон тэмцээнд харахгүй эвлүүлэх төрлөөр оролцоод, дэд байрт орсон. Илүү хурдан эвлүүлж сурахыг хүсэж байна.

-Хичээллэж эхэлж буй хүмүүс ямар шоог эвлүүлж сурвал болох вэ?

-3:3 шоог эвлүүлж сурах хэрэгтэй. Энэ төрлийг төвөггүй эвлүүлээд сурчихвал бусад шоог яг ижилхэн үйлдлээр эвлүүлж болдог. Том шоонуудыг үндсэн шоотойгоо адилхан болгож байгаад л эвлүүлчихнэ шүү дээ.

-Олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-2011 онд Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тамцээнд оролцож, 200 хүнээс 72-т орсон. Монголдоо энэ төрлийн тэмцээн зохион байгуулах зорилгоор туршлага судалж оролцсон. 2013 онд Дэлхийн шооны холбооны ерөнхийлөгч биечлэн ирж зохиосон “Мongolian open” тэмцээнд түрүүлсэн.

-“Speed cubers” тэмцээний ямар төрөлд түрүүлсэн бэ?

-Санасандаа хүртэл бэлтгэл хийж чадаагүй учраас түрүүлнэ гэсэн итгэлгүй байсан. 3:3 буюу үндсэн төрөлдөө түрүүлэх юм бол түрүүлсэн гэж тооцдог. Өрсөлдөөн нэлээд ширүүхэн болсон. 3:3, 4:4, нэг гараараа эвлүүлэх төрөлд түрүүлсэн.

-Шоог эвлүүлэх томъёо байдаг гэсэн. Тэр томъёог л цээжилчихвэл түвэггүй гэсэн үг үү?

-Рубик шоог маш хурдтай эвлүүлэх хурдны арга гэж бий. Үйлдэл бүрийг заагаад өгчихсөн байдаг. Түүнийг л тогтоочихвол асуудалгүй. Гэхдээ мэдээж тухайн хүний сэтгэх чадвар, хурдан шаламгай байдал чухал. Уйгагүй хөдөлмөр, урагшлах замыг гэрэлтүүлнэ гэдэг.

Залуучууд маань шоог тоглоом гэдэг талаас нь биш оюун сэтгэхүй хөгжүүлэх спорт гэдэг талаас нь харж, хичээллээсэй гэж хүсэж байна.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД