“МОРИН ЦЭРГҮҮД”-ИЙН БУДАГТАЙ ТАЛБАЙН “ЖАНЖИН” Т.ТОМПСОН

2015 оны 10 сарын 29

NBA-гийн “Кливленд Кавальерс” хүчний довтлогч Т.Томпсонтой таван жилийн 82 сая долларын гэрээ байгуулав. Багаас хамааралтай чөлөөт тоглогч болсон Т.Томпсон гэрээ байгуулах болсон хэд хэдэн шалтгаан бий. Ийнхүү “Морин Цэргүүд” ирэх улиралд ч хүчирхэг хэвээр тоглоно.

Т.Томпсон “Кливленд”-д чухал үүрэг гүйцэтгэдэг залуусын нэг билээ. “Морин цэргүүд”-ийн ахлагч Леброн Жеймс өнгөрсөн улирлын дараа багийн удирдлагууддаа Томпсонтой гэрээ байгуулах ёстойг сануулсан. “Кавальерс”-ийн удирдлагууд будагтай талбайд хар ажил сайн хийдэг залууг багаасаа явуулахгүйн тулд бүх арга замыг эрсэн.

82 сая долларын гэрээнээс өмнө түүнд таван жилийн 80 саяын гэрээ санал болгоход Томпсон татгалзсан хариу илгээв. Гэхдээ тэд хоёр саяыг нэмж, шилдэг залуугаа багтаа авч үлдлээ. “Хаан” Жеймсийн багт Тристиан Томпсон чухал тоглогч.

Тэрбээр самбараас бөмбөг авч, будагтай талбайд эсрэг багийн том залуусыг зогсоох даалгавар авдаг. Өнгөрсөн улирлын плей-оффт Томпсон өөрийгөө бүрэн таниулж чадсан. Тэрбээр довтолгооны хоёр дахь боломжийг багтаа олон үүсгэж, хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.

ДАВУУ ТАЛ

Т.Томпсонтой гэрээ байгуулсан “Морин цэргүүд” шинэ улиралд будагтай талбайн хамгаалалтаараа бусад багт дарамт учруулна. Кевин Лав гараанд гарч Томпсон ихэнхдээ сэлгээнээс тоглоно. Гэхдээ тэрбээр тоглолт бүрт 20 гаруй минутыг талбай дээр өнгөөрөх болов уу. Энэ хугацаанд Кевин Лав хангалттай амрах юм. Томпсоны будагтай талбайд үзүүлдэг тоглолт “Кливленд”-д тун их хэрэгтэй.

СУЛ ТАЛ

Томпсоны ганц сул тал чөлөөт шидэлтийн хувь. Оноо авах чадвар өндөртэй тоглогч “Морин цэргүүд”-ийн бүрэлдэхүүнд олон байгаа учир Томпсон довтолгоонд зүтгээд байх шаардлагагүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД