А.ЗУЛ: МИНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ ЗЭВСЭГ БОЛ ТЭШҮҮР

2015 оны 10 сарын 30

Дэлхий дахинд өвлийн спорт өндөр түвшинд хөгжиж буй. Эл спортоос Монголд хамгийн анх хөгжсөн нь тэшүүрийн төрөл. Гэсэн хэдий ч мэргэжлийн дасгалжуулагч ховор, бэлтгэл, сургуулилалт хийх орчин, нөхцөл муу зэрэг бэрхшээлээс болон манай тэшүүрчид хүссэн амжилтдаа хүрч чаддаггүй.

Энэхүү спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа тамирчны нэг бол А.Зул. Өдгөө 20 настай тэрбээр тэшүүрээр тав дахь жилдээ хичээллэж буй. Анх 2011 онд Монгол туургатны анхдугаар наадамд оролцож дөрвөн зайн төрөлд аварга болсноор түүний амжилтын гараа эхэлсэн гэдэг.

2013 онд спортын мастерын, 2014 онд 1000 метрын зайд олон улсын хэмжээний мастерын болзлыг хангаж, улмаар Монголын мөсөн дээр мастерын болзол хангасан дөрөв дэх тамирчин болжээ. 2015 онд дэлхийн дээд амжилттай тамирчдын дундаж түвшинд хүрч, улсын рекордыг нийт 14 удаа шинэчлэн тогтоосон бишрэм амжилт түүнийх.

Тэшүүрийн спорттой холбогдсоноо хувь тавилан гэж боддог аж. Учир нь түүний эмээ Монголын тэшүүрийн холбооны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, мастер тэшүүрчин Ж.Долгорсүрэн юм. Ээж, аав нь ч мастер тэшүүрчид юм билээ.

Эмээ, ээж нь олимпод оролцож байсан бахархам түүхтэй гэр бүлд төрж өссөн охин өдгөө Канадын Калгарид бэлтгэлээ хийж буй. 2018 онд болох олимпийн наадамд оролцож, төрийн далбааг мандуулах нь түүний мөрөөдөл. Түүнтэй цахим шуудангаар холбогдож, ярилцлаа.

-Олимпийн эрхийн төлөө тэмцээнд оролцоно гэсэн үү. Ер нь бэлтгэлээ ихэвчлэн гадаадад хийдэг үү?

-Дэлхийн цомын аваргын эрхийн төлөө бэлтгэлээ базааж байна. Энэ нь жилдээ таван удаа болдог цуврал тэмцээн. Эхнийх нь ирэх сарын 14-нд Канадын Калгарид болно. Би бэлтгэл, сургуулилалтаа ихэвчлэн Монголдоо хийдэг.

Гэхдээ 2018 оны олимпод оролцох болзол хангахын тулд өвөл, зунгүй мөстэй байдаг болохоор Калгарийг сонгож, бэлтгэлээ хийж байгаа юм.

-Манай тамирчид ихэвчлэн гадаад руу явж зориулалтын талбай, мөсөн дээр бэлтгэл хийдэг ч зардал мөнгөнөөс эхлээд олон бэрхшээл тулгардаг. Чиний хувьд үүнийг хэрхэн шийдсэн бэ?

-Дэлхийн бусад орны тамирчид жилийн турш бэлтгэлээ таслахгүй байсаар тэмцээнд оролцдог. Гэтэл манай орон арванхоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын эхэн хүртэл хоёр сар хүрэхгүй хугацаанд л бэлтгэл хийх боломжтой.

Уг нь долдугаар сард ч бид мөсөн дээр гулгаж, бэлтгэлээ хийж байх ёстой шүү дээ. Энэ нь тэшүүрийн спортын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Уг нь манай оронд удаан хугацаанд хөгжүүлж буй спорт бол энэ. Гэтэл Монгол Улсын үндэсний шигшээ багт тэшүүрийг хамруулаагүй учраас төр засгаас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй.

Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийг минь дэмжиж тусалдаг сайхан сэтгэлтэй олон хүн бий. Тэднийхээ ачаар ийм сайхан газарт бэлтгэлээ хийж байна. Итгэл найдварыг нь алдахгүйг хичээж явна.

-Монголын тэшүүрийн спортын цөөхөн дасгалжуулагчийн нэг нь танай эмээ гэсэн. Таны хувьд энэ нь давуу тал уу?

-Тийм шүү. Би эмээгээрээ бахархдаг. Эмээ маань энэ спортыг хөгжүүлэхээр их зүтгэсэн. Намайг ч дасгалжуулдаг. 1965 оноос тэшүүрийн спортоор хичээллэж, энэ спортод бүхий л амьдралаа зориулсан хүн.

Улсын өсвөр, насанд хүрэгчид, бүх ард түмний спартакиадын есөн удаагийн аварга шүү дээ. Улсын дээд амжилтыг найман удаа шинэчлэн тогтоосон Улсын шигшээ багт 10 жил тамирчин, дасгалжуулагчаар ажилласан гээд бахархам амжилтын эзэн.

-Тэшүүрчид хэдэн төрлийн зайд уралддаг вэ?

-500, 100, 1500, 3000, холын зай буюу 5000 метр гэсэн таван төрөлд өрсөлддөг.

-Тэгвэл нэг тамирчин зай тус бүрт медаль авах боломжтой гэсэн үг үү?

-Боломжтой. Гэхдээ тодорхой нэг зайд дагнан бэлтгэл хийвэл амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд тамирчид тодорхой нэг зайг сонгон оролцож байна. Гэтэл манайхан бүх зайд бэлтгэл хийж, уралддаг.

Миний хувьд өмнө нь хол, ойр гээд бүхий л зайд уралддаг байсан. Харин энэ жил 500 болон 1000 метрт амжилт гаргах магадлал өндөр гэж үзээд ойрын зайн төрөлдөө түлхүү анхаарч, бэлтгэл хийж байна.

-Тэшүүрийг хамгийн сайн хөгжүүлсэн орон хаанах вэ?

-Тэшүүрийн спорт сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Нидерланд, Канад, Норвегийн тамирчид чансаагаараа тэргүүлдэг. Азиас Хятад, БНСУ, Япон, Казахстаны тамирчид сайн.

-Спортоор замнасан гэр бүлд өссөн та тамирчин хүний жаргал, зовлонг илүү ойлгодог байх. Тэгэхээр сайн тамирчин болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Зорилгынхоо төлөө тууштай, тэсвэр хатуужилтай тэмцэж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тамирчин хүнд уйгагүй хичээл зүтгэл чухал шүү дээ.

-Тэшүүрийн спортын сайхан нь юундаа байдаг вэ?

-Толь шиг мөсөн дээр нарийхан ир төмөр болон гулгах техник ашиглаж, булчингийн хүчээрээ хурдыг мэдрэх хамгийн сайхан шүү.

-Ямар тамирчныг шүтдэг вэ?

-Олимпийн хоёр удаагийн аварга, Нидерландын тамирчин Ирэм Вуст олимпийн аварга, дэлхийн 1000 метрийн зайн рекордыг эзэмшдэг Канадын Кристине Несбиттийг шүтдэг. Би хэзээ нэгэн өдөр тэдэн шиг мундаг тамирчин болно гэж итгэдэг.

-Хэрэв хүсэл биелүүлэгч гэж байдаг бол түүнээс юу хүсэх вэ?

-Зориулалтын талбайтай битүү ордонтой болохыг л хүснэ. Зөвхөн би биш, манай тэшүүрчид, Монгол Улс битүү ордонтой болоосой гэж хүсдэг.

-Та хаанахын, ямар тэшүүр хэрэглэдэг вэ?

-Миний хамгийн чухал зэвсэг бол тэшүүр. Сүүлийн үед манай тамирчид дэлхийн мундаг тамирчдын хэрэглэдэг чанартай, сайн тэшүүр хэрэглэх болсон нь том дэвшил. Миний хувьд Голландын “Viking” тэшүүр хэрэглэдэг.

-Гулгаж байхад төрдөг мэдрэмжийг та юутай зүйрлэх вэ?

-Яг л нисэж буй юм шиг мэдрэмж төрдөг.

-10 жилийн дараа Зул ямар түвшний тамирчин байх талаар төсөөлөл бий юү?

-Тэшүүрийн спортод нэрээ цуурайтуулсан мундаг тамирчин болохыг хүсэж байна. Ямар ч байсан 2022 оны олимпод алтан медаль авахын төлөө одооноос хичээж байгаа.

-Хамгийн сүүлд хэнээс сайхан үг сонссон бэ?

-Бараг алхам бүрт л хүмүүс урмын үг хэлж, сургаж, захидаг. Тэр бүхнийг нь хүлээж авах бүрт үүрэг хариуцлагаа дахин санадаг.

-Хамгийн анх гулгаж байсан дурсамжаа эргэн сөхвөл?

-Анхны юм бүхэн алдаа, оноотой байдаг. Шулуун замд хурд аваад л тойрог дээр уначихдаг хүүхэд байлаа. Тэр үед 500 метр зайд нэг минут 17 секунд гулгадаг байсан. Одоо бол 42 секунд 17 долийн хугацаанд л туулж байна.

-Тэшүүрийн спорт тамирчнаас ямар ур чадвар шаарддаг вэ?

-Тэсвэр хатуужил, хурд шаарддаг. Техник эзэмшихийн тулд уян хатан, хөдөлгөөний эвсэлтэй байх хэрэгтэй. Бас мэдээж сэтгэл зүйгээрээ өөрийгөө сайн удирдаж, анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх нь чухал.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД