”СҮНС”

2015 оны 10 сарын 29

УРАЛДАЖ ТАНИЛЦАВ

Эрдэнэт хотод Хөгжим бүжгийн коллежийн салбар буюу хөгжмийн анги нээгдсэнээр Б.Лхагвасүрэн, Ц.Отгонбаяр нар танилцжээ. Тэд дөрөвдүгээр ангийн сурагч байв. Гэр ойрхон, сонирхол ижил болохоор тун удалгүй дотнын найзууд болжээ. Тэд долдугаар ангидаа буюу 1991 онд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн гишүүнтэй, бүжгийн “Сүнс” хамтлаг байгуулжээ.

Тэр үед Ж.Замилан “Мөнгөн жигүүр” хамтлагт бүжиглэдэг байв. Б.Эрдэнэзул ч “Матрёшка” бүжгийн хамтлагийн гишүүн байсан. Эрдэнэт хотод зохиосон бүжгийн бүх л тэмцээний тэргүүн байрыг тэр гурван хамтлаг булаалцалддаг, өрсөлдөгчид байсан аж.


“Сүнс” бүжгийн хамтлагийн гишүүд өөрсдийн замаа хөөцгөөн тарснаар шинэ бүрэлдэхүүн гарч ирсэн гэнэ. Гурван өөр бүжгийн хамтлагийн гишүүд нэг нэрэн дор нэгдэж, одоогийн “Сүнс” хамтлагийн эхлэл тавигдсан түүхтэй. Бүжгийн хамтлагийн түүх 1994 он хүртэл үргэлжилжээ.

Хамтлагтаа нэр өгөхөөр маш удаан ярилцсан гэдэг. Долдугаар ангийн сурагчдад аль болох өвөрмөц нэр хэрэгтэй байсан гэнэ. Янз бүрийн нэр сугалж, шодож үзсэнээс бүгдэд таалагдсан ганц нэр нь “Сүнс” байж. “Хүн бүр сүнстэй. Хүн үхсэн ч сүнс нь үлддэг шүү дээ. Энэ утгаараа үүрд мөнх гэсэн ч утгатай” гэжээ.

ДУУЛНА Ч, БҮЖИГЛЭНЭ Ч

1989 оноос “New edition”, “New kids on the block” хамтлаг залуусыг байлдан дагуулж байлаа. Бүжиглэдэг, дуулдаг тэдгээр хамтлагийн стилийг “Сүнс”-ийн хүүхдүүд дуурайхгүй өнгөрч чадсангүй. Анх дуунуудаа реп өнгө аястай хийж эхлэв. “Диваажин”, “Архичин чи сонс” зэрэг дууг нь хүмүүс андахгүй.

Анхны фонограмаа “Чингис хаан” хамтлагийнхантай хамтран бичүүлжээ. “Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ах биднийг дуулж эхлэхэд маш их дэмжсэн. Ж.Замилангийн маань аав шүү дээ” гэж хамтлагийнхан дуу нэгтэй хэлдэг юм билээ.

Эхний дуугаа бичүүлсний дараа өөрсдийн хоолойноос ичиж байсан гэнэ. Тэд бүжгийн бэлтгэл, хоолойны дасгал гээд л ачаалалтай ажилладаг байжээ.


ХУРИМТЛАЛ ЧУХАЛ

Тэд бүжгийн хамтлаг байх үеэсээ л шоу, тоглолтуудыг Эрдэнэт хотдоо зохион байгуулдаг байлаа. Анхны тоглолтоо “Boys & girls” нэртэйгээр 1993 онд хийсэн гэнэ. Тэр үеэс хүмүүст сонирхолтой тоглолт үзүүлж, түүнээсээ мөнгө олж, хамтлагтаа хуримтлал үүсгэх боломжтой гэдгийг олж харжээ.

Анхны тоглолтоосоо 60 мянган төгрөгийн орлого олсноор тайзны хувцас, хэрэглэлтэй болж, гишүүд тус бүр банкны хадгаламжтай болсон гэдэг. Мөн онд “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалантай хамтран “Репийн төгсгөл буюу гүнжийн домог” мюзикл тогложээ.

Дараа нь 1995 онд “Hobby-95”, “Step by step” тоглолтуудыг зохион байгуулав. “Сүнс” хамтлагийнхан Эрдэнэт хотод “Эрх чөлөөний цом” бүжгийн тэмцээнийг 1993 оноос зохион байгуулсан байдаг.

Өөрсдөө шүүгчдийн бүрэлдэхүүнд ч багтдаг байжээ. Үе үеийн бүжигчдийн авьяасыг сорьсон тэр тэмцээн одоо ч үргэлжилсээр хэвээр. “Бид маш их зоригтой, том зорилготой, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байсан” гэж Б.Эрдэнэзул ярьсан.


“СОХОРСОН БИШ ЗАВШИВ”

“Сүнс”-ийнхэн Улаанбаатар хотод эхний дуунуудаа бичүүлж, хуурцагт хуулснаа гээчихсэн гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн дараа тэр дуунууд нь радиогоор цацагдаж эхэлжээ. Дууных нь нэрийг өөрөөр зарлаж байсанд жаахан эмзэглэсэн ч, хагартлаа баярлаж байснаа тэд одоо ч ярих дуртай.

Тухайлбал, “Чи хуурамч” дууг нь “Намайг битгий тоо” болгон нэрлэж байсан аж. Хамтлагийн гишүүн Ц.Отгонбаяр “Ялалтын талбайд хуурцаг худалддаг ТҮЦ байлаа. Тэнд манай дуу өдөржин явна. Өөрсдөө очоод л худалдагчаас нь “Энэ ямар хамтлаг юм бэ” гээд л асууна шүү дээ.

Манай хамтлагийн нэрийг хэлэнгүүт баярлаад л. Биднийг тэр үед хүмүүс таньдаг байсан биш” гэж дурсамжаа хуваалцсан. Тэр үед хамтлагийнхан бүгд урт үсээр имиж бүрдүүлсэн байлаа. Энэ нь “Take that” хамтлагийг дуурайсан хэрэг аж.


ОХИДЫН “ЭРЛЭГ”

Тэд “Чи хуурамч” дууны клипээ “Андерсен” студиэр хийлгэжээ. “Тайзан дээрх бичлэгээр хийж байсан санагдана. Харамсалтай нь бид хамтлагийнхаа архивт хадгалж чадаагүй” гэж ярьдаг. Үүний дараа “Охин зурсан нь”, “Цагийн зүү” дууны клип цацагджээ. “Сүнс” хамтлаг хит олонтой ч клип цөөнтэй. Анхны ярилцлагаа 1995 онд “Ардын эрх” сонинд өгчээ.

Үүнээс өмнө 1994 онд МҮОНТ-ийн “Харц” нэвтрүүлэгт зочноор уригдаж байж. Тэр үед “Сүнс” хамтлагийн фэн клуб “Супер” сонины дэргэд байгуулагджээ. Хөвгүүдийн бусад хамтлагийн нэгэн адил фэнүүдийнх нь олонх эмэгтэй байлаа. Охидоос олон сайхан үгтэй хайрын захидал, бэлэг авч байснаа тэд дурсдаг.

“Одоогийн залуус шүтдэг уран бүтээлчидтэйгээ холбогдоход маш нээлттэй болчихсон. Цахим ертөнц тийм боломжийг хангалттай олгож байна. Гэхдээ тэр нь бидэнд өгч байсан, гараар бичсэн захидлыг хэзээ ч гүйцэхгүй” гэсэн юм.


ТАРААД НИЙЛСЭН НЬ

1995 онд “Чи хуурамч”, 1997 онд “Сэтгэлд тодхон харц” тоглолтоо хийсний дараа 1998 онд “Сүнс” хамтлаг сүүлийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарчээ. 1999 онд Ц.Отгонбаяр БНСУ, Ж.Замилан Австри, 2000 онд Б.Эрдэнэзул Голланд руу суралцахаар явсан аж. Тэр үеэс хамтлагийн гишүүд солигдон, шинэчлэгдэж эхэлсэн.

Ш.Мөнхцог, Т.Идэр, Энхболд, Жаргал нарын авьяаслаг залуус тус хамтлагийн уран бүтээлийг үргэлжлүүлж явсан. Хамтлагийн гишүүд солигдсоор Б.Лхагвасүрэн, Ш.Мөнхцог нар тунаж 2005 онд “Lkhagvaa & Muugii” цомог гаргасан. 2011 онд хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтоо зохион байгуулж, дахин хамтдаа тайзан дээр гарчээ.

Хамгийн сүүлд энэ сарын 9-нд таван шилдэг хамтлагийн нэгдсэн “Мартагдашгүй” тоглолтод анхны бүрэлдэхүүнээрээ оролцсон нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон юм. “16 жилийн дараа найзуудтайгаа тайзан дээр гарч, дуулахад үнэхээр сайхан байлаа” гэж Ц.Отгонбаяр сэтгэгдлээ хуваалцсан.


“ХӨДӨӨГИЙНХӨН”

“Анх Улаанбаатарт ирээд хамтлагийн гишүүд хамтдаа амьдардаг байлаа. Тус тусдаа байя гэхээр ажлаа хуваарилахаас авахуулаад санхүүгийн тал дээр ч хүндрэлтэй байсан юм. Нас ч залуу байлаа. Хамтдаа амьдрах нь хамгийн зөв сонголт байсан.

Бид маш том зорилготой, түүндээ хүрэхээр үнэхээр хичээж байсан болохоор эцэг эхчүүд эсэргүүцээгүй” гэж тэд хөөрөлдсөн. Тоглолтод оролцоход хөдөөгийн хамтлаг гэж дээрэлхэх явдал ч гардаг байж. “Сүнс” 1998-2000 онд “Пентатоник” наадмын шилдэг дебют хамтлаг номинацид нэр дэвшиж байсан боловч шагнал авч чадаагүй аж.

25 НАСТАЙ “СҮНС”

Өдгөө хамтлагийн гишүүд өөр өөр салбарт амжилттай ажиллаж байгаа. Тухайлбал, Б.Лхагвасүрэн “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн тэргүүнээр, Ж.Замилан барилгын компанид, Ц.Отгонбаяр хувийн бизнес эрхэлж, Б.Эрдэнэзул төрийн албанд зүтгэж явна. “Шинэ, залуу уран бүтээлчдэд сэтгэл дутаж, хэтэрхий их хэлбэр хөөгөөд байх шиг.

Хамтлаг хамтдаа байхад сэтгэл маш чухал. Дөнгөж олонд танигдаж эхлэх үедээ “одын өвчин” тусаж явсан үе бидэнд бий. Гэхдээ бид одоогийн хүүхдүүд шиг байгаагүй. Хэтэрхий биеэ тоох нь уран бүтээлчдэд хор болдог гэдгийг л хэлэх гэсэн юм” гэж “Сүнс”-ийнхэн хэллээ.

Сайн уран бүтээлч байхын тулд үргэлж суралцаж, тасралтгүй хөдөлмөрлөж байх ёстойг тэд залуу уран бүтээлчдэд захихыг хүсдэг гэнэ. Одоо тэд чаддаг зүйлээрээ дамжуулан олон нийтийг сайхан зүйлд уриалахыг зорьж байна. Үүний илрэл болгож ”Мартагдашгүй” тоглолтод нэгджээ. Ирэх онд тус хамтлагийн 25 жилийн ой тохионо.

Энэ ойгоо угтан олон ажил төлөвлөсний нэг нь бие даасан тоглолт. Мөн 1990-ээд онд хит болж байсан ч цомогт ороогүй, клипгүй дуунуудаа сэргээх гэнэ. Тухайлбал, “Зүүд”, “Диваажин” дуунуудын бичлэгийг сэргээж, “Талын хайр”, “Охин чамтай” дууг дүрсжүүлэх аж.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.252.213 болж байна