З.Энхболд: Ирэх жилийн төсвийг 3.3 хувийн алдагдалтай батлахаас өөр аргагүй

2015 оны 10 сарын 27

АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар ярилцах байсан ч бүлгээс байгуулсан ажлын хэсгийн зүгээс дахин нягтлах шаардлагатай зүйл байна гэсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.

Гэсэн ч тус хуралдаанаас эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах богино хугацааны хөтөлбөр боловсруулахаар шийдвэрлэжээ. Эдийн засгийг богино хугацаанд сэргээх боломжит хувилбарыг хайсан АН-ын бүлгийн гишүүдийн судалгаа, тооцооны үндсэн дээр дотоодын ажиллах хүчиндээ тулгуурлаж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр боловсруулахаар болсноо тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар онцолсон.

Үүнийг АН-ын дарга З.Энхболд “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогоор барилгын цэргийн анги байгаа ч төмөр замын цэргийн анги гэж байхгүй. Гашуунсухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэн. Үүнд 10 мянга орчим ажлын байр шаардлагатай.

Үүнийг дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан шийдвэрлэе гэсэн юм. Хөдөлмөрийн яамнаас сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагаар 29 хүртэлх насны 180 мянган ажилгүй залуус байна. Үүний тавин хувь нь эрэгтэйчүүд, Энэ нь 90 мянга орчим цэрэгт дайчлагдах боломжтой залуу байна гэсэн үг.

Тэднээс эхний ээлжинд 10 мянга орчмыг нь цэрэгт татаж, МСҮТ- өөр дамжуулан мэргэжилтэй болгож, томоохон төслүүдэд ажиллуулахаар төлөвлөж байна. Юм бүхэнд “Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж яриад гурван жил боллоо.

Хэрэгтэй гэх тусам цаадуул чинь гэдийгээд байна. Дээрх ажлыг Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран хийнэ. Хөрөнгийг нь энэ оны төсвөөс тусгахаар шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлалаа.

Мөн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч холбогдох Байнгын хороогоор хэлэлцсэний дараа эргэж ярилцахаар шийдвэрлэв. Түүнчлэн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох төслийг дэмжжээ. АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Төсвийг алдагдалгүй батлах боломж байна уу?

З.Энхболд: -Засгийн газраас оруулж ирсэн төслийн дагуу баталбал 2017 онд алдагдалгүй төсөвтэй байх бололцоо бий. Ирэх жилийн хувьд ийм боломж байхгүй. АН-ын бүлэг тодотгол болон ирэх оны төсвийг одоо байгаа параметрүүдэд нь багтаан батлах байр суурьтай байгаа.

Гэхдээ зарим хөрөнгө оруулалтыг урсгал зардал руу татах зэргээр тоог хөдөлгөж болно. Ер нь дотоод нөөц бололцоондоо суурилсан хөгжлийн бодлогыг энэ төсвөөс эхлэн хэрэгжүүлье гэж байгаа юм. Тэгэхээр 3.3 хувийн алдагдал энэ онд байхаас өөр аргагүй.

2017 оноос төсвийн алдагдлыг тэгээр батална. Цэргүүдийн бүтээн байгуулалтад татан оролцуулах хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 мянган цэргийн хувьсах зардлыг суулгаж, түүнийгээ төмөр замын төслүүдэд ашиглан буцааж авна гэсэн үг. Ингэснээр орлого, зарлагын аль аль нь нэмэгдэх учраас төсвийн алдагдалд нөлөөлөхгүй.

-Шатахууны үнийг бууруулах боломж байна уу?

-Шатахууны үнэ тогтмол байдаг аргыг бид сонгосон. Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байхад улсын төсөв компаниудад татаас өгч жижиглэнгийн үнийг буулгаж байсан. Харин одоо үнэ буурсан үед татвараа буцаан авах гэсэн хэрэг. Бензиний үнэ тодорхой байх нь чухал.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 дахин соногодох юм шиг ярьж байх шив дээ..................