МОНГОЛ БӨХӨН ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ “БАЗААЖЭЭ”

2015 оны 10 сарын 27

Бөхөн Евразийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлүүдийн нэг билээ. Дэлхий дээр татаар буюу соргог бөхөн, хорхой буюу монгол бөхөн гэсэн хоёр дэд зүйл тархжээ.

Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн хуурай хээр талд болон говьд байдаг. Манай оронд соргог бөхөн нутаглаж байсан ч ховордсоор 1950-иад оноос үзэгдэхээ больж, устан үгүй болжээ.

Харин монгол бөхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд тархсан дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Бөхөн Евразийн тал нутгаас Хойд Америк хүртэлх өргөн уудам нутагт тархаж байсан ч хамгийн сүүлчийн мөстлөгийн үед Хойд Америкаас устаж үгүй болжээ.

Монгол бөхөнг 1930 оноос агнахыг хуулиар хориглож, дархан цаазтай амьтны тоонд оруулсан бол 2012 оны Байгаль орчны багц хуулийн Амьтны тухай хуулиар нэн ховор ангилалд оруулжээ. Түүнчлэн дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос гаргасан улаан номонд эмзэг гэсэн ангилалд хамруулсан байна.


Иймээс хязгаарлагдмал орон зайд цөөн тоотой үлдсэн, эртний гарал үүсэлтэй, манай улсын унаган зүйл болох уг амьтныг хамгаалах, тоо толгойг өсгөхөөр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэдтэй хамтран сүүлийн 15 жил төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж буй.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Монгол элсний цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Бөхөн хамгаалах сүлжээ баг хамтран Хүйсийн говь, Шаргын говийн хэсэгт (аравдугаар сарын 15- 22-нд) монгол бөхөнг тоолсон аж.

Говь хоолой, уулын бэл хормой сөл ихтэй, зарим нам дор газраа хөмүүл таана, багалуур, шаваг, тэсэг нь дөнгөж хатаж эхэлсэн сайхан намар болж байгаа нь зуншлага сайн байсантай холбоотой. Бөхөн сөлөө дагаж, бэл хормой хэсгээр илүүтэй байршиж, хамгийн ихдээ 50-100 орчим толгойгоор сүрэглэж буй. Алтай-Ховд чиглэлийн авто замын ажлаас шалтгаалж, шилжилт хөдөлгөөн нь хуваагдсан байж болзошгүй гэнэ.

Үүнийг судлах зорилгоор бөхөнд есдүгээр сарын 8-нд сансрын дохиолол зүүсэн байна. Судалгааны анхан шатны мэдээллийг ШУА-ын биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд хүргүүлжээ. Тооллогын нэгдсэн дүн, мэдээлэл хэсэг хугацааны дараа гарах аж. Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын биологийн төрөл зүйл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар “Зуншлага сайн байсан учраас монгол бөхөн тарга тэвээрэгтэй байна лээ.

Ер нь өвөлд нэлээд сайн бэлтгэлтэй, хүч тэнхээтэй орохоор харагдсан. Монгол бөхөн маш сонин зан авиртай. 2010 оны зуднаар идэш, тэжээл тавьж, холоос дурандахад идэхгүй, үнэрлээд л өнгөрсөн. Соргог бөхөнг үржүүлж, тэжээж болдог бол монгол бөхөнг тэгэх боломжгүй. Байгальдаа өөрсдийн дураар амьдардаг амьтан” гэлээ.


Хамар: Бөхөн цагт 90 км/ц, холын зайд 50-60 км/ц хурдтайгаар толгойгоороо газар шүргэх шахам давхидаг. Үүнд л түүний хошуу хэлбэрийн монхор хамар чухал. Хамарт орж ирсэн тоосыг цэвэрлэх агаар шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Мөн хүйтэн агаарыг бүлээсгэдэг.

Үржил: Дунджаар 3-4 жил насалдаг. Хэрэгчин 7-8 сар, Хэржин 1.5-2.5 настайгаасаа эхлэн үржилд орох чадвартай болдог. Нэгдүгээр сард ороо орж, хэржин хэд хэдэн хэрэгчинг хураана. Үр тогтсоноос хойш 140-145 хоногийн дараа төллөдөг. Төллөлт тавдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын дунд хүртэл үргэлжилж, 18-20 хувь нь ихэр төл гаргана. Янзага 3-4 сар сүүгээр хооллох ч төрсний дараах 10-аад хоногоос ногоо идэж эхэлнэ.

Нэгэн цагт Азийн тал нутгийг бүрхэж асан энэ амьтан 2002 оны зуднаар 750 толгой болтлоо цөөрсөн ч монгол бөхөнг хамгаалах хөтөлбөрийн ачаар өнгөрсөн оны тооллогоор 13-14 мянган толгой хүрчээ. Мөн тархац тэлэн түүхэн нутагтаа буюу урд зүгт Бигэрийн хоолой, хойд зүгт Увсын Завхан сум хүрсэн сайхан мэдээ бий. Гэвч энэхүү тоонд бид баярлаж, суух цаг биш.

Учир нь бөхөнгийн амьдрал аюул, заналаар дүүрэн. Хүмүүс хууль бусаар агнахаас гадна хүйтний улиралд тэсвэр муутай тул зуд болоход олон мянгаараа, сүргээрээ нэг дор үхэж, хорогддог байна. Саарал чоно, шилүүс мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэшт хөхтөн болон шувуудын идэш ч болдог. Мөн арьсны гуур, 17 зүйлийн шимэгч хорхой монгол бөхөнд халдварладаг аж.

Дотоод шимэгч хорхой, гуурын улмаас арьсанд нь гэмтэл, цоорхой их гарснаар тарга хүчээ авч чаддаггүй. Энэ нь байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэж чадалгүй үхэх нэг шалтган болдог. Монголчууд бөхөнгийн мах, арьсыг хэрэглэдэггүй боловч эврийг нь ардын уламжлалт эмчилгээнд бага зэрэг ашигладаг юм.

Харин Хятадад уламжлалт эмчилгээнд ашиглах эрэлт хэрэгцээ их байгаа нь хууль бус агнуур гарах нөхцөл болж буй. Зөвхөн эр бөхөн буюу хэржин эвэртэй. Өнгөрсөн хоёр жил 57 бөхөнг хууль бусаар агнасан бол энэ жил ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ийн хууль бусаар агнасан тохиолдолд эрүүгийн тухай хуулийн 203 дугаар зүйлээр торгууль ногдуулдаг юм. Хэржин дөрвөн сая, хэрэгчин дөрвөн сая 200 мянган төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээтэй ба агнасан этгээдэд нэмж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж.

Өнгөрсөн тавдугаар сард Казахстаны соргог бөхөн маш аюултай халдварт өвчин тусаж, үй олноороо үхсэн харамсалтай явдал болсон. Эрдэмтэд энэ халдварт өвчний вирусийг одоо болтол тодорхойлж чадаагүй байгаа юм. Аз болоход, манай монгол бөхөнд энэхүү аймшигт өвчин халдаагүй ч урьдчилан сэргийлэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай.

БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан “Соргог бөхөн хорогдсон өвчний вирус тодорхой болчихвол монгол бөхөнгөө хэрхэн хамгаалах аргаа боловсруулна. Юунаас үүссэн нь тодорхойгүй байхад, урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авахад хэцүү” гэв.

Буган биен дээр том хамартай тэмээн толгой суулгасан мэт болхи төрх нь энэ амьтныг хамгийн эртний үүсэлтэй болохыг гэрчилдэг байна. Бөхөн гэдэг нь татар гаралтай үг. Бөгтийн хатирч, цагт 80-90 км цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.

Оросын эрдэмтэн Петр Симон Паллас 1769 онд Оренбург мужаар аялж явахдаа “зэрлэг ямаатай” тааралдан уг амьтанд Сайга нэрийг албан ёсоор өгчээ. Иймээс хээр, цөлийн энэ амьтны шинжлэх ухааны латин нэр нь Saiga tatarica болсон түүхтэй. Бөхөнг казахууд Ак бокен, Ак киик, узбекууд Сайгак, туркууд Ак куйрюк, оросууд Сайга, халимагууд Бухин хэмээн нэрлэдэг байна.

Бөхөн сайн давхих төдийгүй усанд гайхалтай сэлэх чадвартай. Тиймээс хагас км болон түүнээс ч өргөн голыг амархан гаталдаг байна. Түүний үнэрлэх чадвар сайн хөгжсөн, хурц сонсголтой тул өчүүхэн чимээг ч анддаггүй. Өвөл болохоор бөхөнгүүд 7-10 см-ийн урттай, нэг хэвийн цайвар үстэй дээлээ “өмсдөг”.

Харин хавар тэдний нуруу хажуугийн хэсгээрээ шар саарал, ууц нь хүрэндүү болж, хэвлий, хүзүү, хөлний дотор тал цагаанаараа үлддэг байна. Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамал ургахад сайнаар нөлөөлдөг.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.67 маш сайхан мэдээлэл байнаа Хулгайн анчдаас л хамгаалаасай.