Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 27

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

СОНГУУЛИЙН ЗАРЧИМ

Аливаа ардчилсан улс оронд сонгууль нийтийн, шууд, тэгш, чөлөөтэй байх гэсэн үндсэн дөрвөн зарчмын дагуу болдог. Сонгуулийн эрхийн зарчим нь иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хангах, сонгууль ардчилсан, шударга байдлаар болох нөхцөлийг хангаж өгдөг онцлогтой.

Сонгууль бүх нийтийн байх зарчим нь сонгуулийн санал хураах өдөр Монгол Улсын 18 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн хэн боловч ямар нэг хязгаарлалтгүйгээр нийтээр санал өгөх явдал юм. Энэ нь Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжоор баталгаажуулснаар хэн боловч үндэс угсаа, хэл яриа, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, нийгмийн гарал, хүйсийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа өгнө гэсэн үг.

Сонгуулийн шууд байх зарчим нь сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр сонгуульд оролцож, саналаа өөрөө гаргаж, сонгох эрхээ эдэлнэ гэсэн үг. Харин эрүүл мэнд болон боловсролын байдлаас шалтгаалж саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч сонгуулийн эрх бүхий иргэнийг итгэмжлэн, түүний тусламжтай саналаа өгч болно.

Ингэхдээ аль нэг нам эвслийн сонгуулийн ажилтан, ухуулагч, сонгуулийн хороодын гишүүн, ажиглагч нарыг итгэмжлэгдсэн хүнээр сонгохыг хуулиар хориглодог. Ийнхүү итгэмжлэх нь сонгуулийн шууд зарчим хэрэгжиж буй хэрэг юм.

Тэгш байх зарчмыг энгийнээр тайлбарлавал сонгуулийн нэг тойрогт нэг сонгогч санал өгвөл, нөгөө тойрогт мөн тийм л байна гэсэн үг. Сонгуулийн тэгш байх зарчим хэрэгжихэд тойрог бүрт ногдох мандатын тоо адил байхыг шаарддаг.

Сонгуулийн чөлөөтэй байх зарчим гэдэг нь хууль зүйн хувьд сонгогч заавал саналаа өгөх үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ нь сонгогч ямар нэг шахалтгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжоор хангаж буй хэрэг. Гэхдээ иргэний журамт үүргээ зөв хэрэгжүүлэх нь чухал байдаг.

Сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч саад учруулахыг хориглох бөгөөд саналаа нууцаар өгөх боломжийг сонгуулийн байгууллагууд хангах үүрэгтэй.

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм. Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг, хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД