30 жилийн настай АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

2015 оны 10 сарын 27

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын зарим замыг дахин шинэчилж байна. Үүний нэг болох Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хороо буюу Улиастайгаас Гачуурт орох 11 км замыг өчигдөр нээлээ.

Анх 1985 онд ашиглалтад оруулснаас хойш 30 гаруй жил дорвитой засвар хийгээгүй учир энэ замыг зургадугаар сараас шинэчилж эхэлжээ. Үүнийг “Үйлсийн зам” ХХК гурван сарын дотор дуусгасан байна. Тус компанийн ерөнхий захирал Д.Энхбаатар “Бид маш богино буюу гэрээнд заасан хугацаанд багтааж, энэ замыг шинэчилсэн.

30 гаруй жил засвар хийгээгүй тул ажиллагаа их орлоо. Чанар хамгийн чухал учир энэ тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Мөн шинэ технологи нэвтрүүлсэн. Хуучин хучилтыг газар дээр нь боловсруулж, суурь болгон ашиглалаа.

Суурь дээр нэмэлтээр таван см зузаан хатуу хучилтаар бүрсэн, энэ нь эргээд төсөв хэмнэх шилдэг арга болж чадсан. 11 км үргэлжлэх тус авто замын ачаалал даах чадвар хэд дахин нэмэгдсэн бөгөөд зам дагуух гэрэлтүүлгийг бүрэн шийдэж, хойд талаар нь явган хүний зам шинээр барьсан.

Хэрэв технологийн алдаа гарч эвдрэл үүсвэл бид нэн даруй засах үүрэгтэй. Түүнчлэн уг авто замаар нэвтрэн өнгөрөх хөдөлгөөний эрчим сайжирснаар авто машинд шатахууны хэмнэлт гарч, тээврийн хэрэгслийн элэгдэл багасна” гэлээ.

А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД