Зүүд байсан ч болоосой

2015 оны 10 сарын 26

Шөнө дунд Буянаагийн утас дуугарлаа. Нэгэн танихгүй залуу зүүд гэмээр хачин юм яриж эхлэв.

 

Өглөөний шаргал нарны хурц гялбаа цонхоор нэвтрэн хуучин модон орны хөлөнд тусна. Өглөө болжээ. Сэрүүлэг нөгөө л янзаараа 06:30-д хангинан дуугарч өглөөний нам жимийг эвдэв. Өчигдөр орой рестораны цагийн ажилдаа ядарсныг ч хэлэх үү нойрмоглосоор нуухаа арчин босохдоо Хасар орой Перанакан музейрүү хөтчөөр явах ажилтайгаа санан шүүгээгээ ухаж эхлэв. Хуучин бор цүнхэндээ хөтчийн хувцасаа хийх зуур шүүгээний буланд хэвтэх улаан ороолт нүдэнд нь туслаа.Тэрхэн мөчид хайр шингэсэн харцаараа дулаахан инээмсэглэн намар зүүж яваарай гэж өгч байсан ээжийнх нь дүр  санаанд оров. Хэдий өчигдөр орой ярих гээд тохирсон ч ажлаас нь гэнэт дуудсан тул гэрээсээ хам хум гарч явснаа санаж, өнөөдөр ахиад л амжихгүй нь дээ гэж бодон харамсав. Гэвч өчигдөр нилээн хичээж бүх бие даалтуудаа дуусган, ресторандаа ажиллаад гайгүй цайны мөнгөтэй болсоноо бодохоор сэтгэл нь сэргэж ахин нэг завгүй өдрийг эхлүүллээ.

.........

Хичээлийн сүүлийн паар дээр явц дундын шалгалт авснаас өөрөөр бүх зүйл хэвийн өнгөрлөө. Харин сургуулиасаа гарах замдаа тохирсон ёсоор Профессор Клераги-гийн өрөөгөөр дайрч түүний судалгаанд нь туслах цагийн хувиараа өөрчлөх тухай ярилцав. Учир нь Хасар өвлийн амралтаар гэртээ харихыг хамгаас илүү хүсч байв. Хөтчийн ажилдаа явахад 2 цаг үлджээ. Энэ хоорондМонголоос хамт ирсэн найзтайгаа сургуулийн кампын дэргэдэх кофе шоп-д уулзан түрүү долоо хоногт зээлсэн 50 доллараа төлчихөөд орой тайлбарлах музейн тухай мэдээллээ ахин нэг сэргээн уншиж хэсэг суугаад  яг 5 цаг болоход жуулчидтайгаа уулзахаар зочид буудал руу нь яаравчлав.

.........

Оройн 10 цаг, гадаа хэдийнээ харанхуй болж гудамжинд хүмүүс татарч, цөөн явах нэг нь халамцуу эсвэл гэрлүүгээ яарсан харагдана. Хасар маань ч адилажлаа дуусгасан тулээжтэйгээ ярина гэхээс яаран алхалсаар нэг л мэдэхэд гэрийнхээойролцоо ирсэн байлаа.

.........

Гэнэт шуугин ирэх машины дуу хадаж, мөргөлдөх чимээ сонсогдов. Маш их өвдөлт... Цав цагаан гэрэл.... Хамгийн сүүлд ээжтэйгээ ярихдаа өвлийн амралтаараа гэртээ очихоор болсноо хэлж амжаагүй нь санаандоров..... Ээж нь духан дээр нь үнсээд миний хүү цайгаа уугаарай гэх шиг болж сэрээд хартал гэртээ ирчихсэн, ээжийнх нь чанадаг банштай цайны сайхан үнэр хамар цоргиулав. Энэ үнэрийг, ээжийгээ ямар их санаа вэ гэж бодох зуур эргэн тойрны зүйлс аниргүй цагаанд замхарлаа....

....БИ ЭЭЖДЭЭ Л ОЧМООР БАЙНА...

 

Шөнө дунд Хасарын ээж Буянаагийн утас дуугарлаа. Нэгэн танихгүй залуу зүүд гэмээр хачин юм яриж эхлэв. Буянаа чихэндээ ч итгэсэнгүй, түүний ганц хүүг машинд мөргүүлсэн, одоо эмнэлэгт хагалгаанд орж байна гэлээ.... Зүүд байсан ч болоосой....

 

Энэ бол бидний найз Б.Хасарын маань бодит түүх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:   https://www.facebook.com/events/930152277077076/

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД