“БАЯНГОЛ” ЭМНЭЛГИЙНХЭН 400 ГАРУЙ ХОСОД ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ

2015 оны 10 сарын 26

-Монголд үргүйдлийг олон улсын стандартын дагуу эмчилж байна-

Миний дотны танил Туяа хоёр сайхан хүүхдийн ээж. Өдгөө 27 хүрч яваа шавилхан бүсгүй. Хоёр жилийн өмнө тэрбээр БНСУ руу явсан юм. Түүний алс явах болсон шалтгаан нь эгчдээ үрийн зулай үнэрлүүлэх байв. Туяа эхээс гурвуул. Хамгийн том эгч нь нөхөртэйгөө БНСУ-д ажиллаж, амьдардаг жирийн нэгэн гэр бүл аж.

Тэндээ хангалуун сайхан амьдардаг. Хүргэн ах, эгч хоёр нь 18 настайдаа нэг гэрт орж, ханилаад 13жил болсон ч үр хүүхэдтэй болж чадаагүй байжээ. Энэ хугацаанд тэдэнд яваагүй газар, хийлгүүлээгүй эмчилгээ гэж үгүй. Үүнээсээ болоод тэд үргэлж ам муруйж, юм л болбол салах сарних тухай ярих болжээ.

Иймэрхүү маягаар тэд олон жил амьдарч, эцэст нь хосууд энэ байдлаасаа болж салахаар шийдсэн байжээ. Гэсэн ч дүү нь эгчдээ өндгөн эсээ бэлэглэснээр тэднийд саяхнаас хүүхдийн уйлах, инээх дуу хадаж, аз жаргалаар бялхах болсон юм даа. Туяагийн ах, эгч хоёр хүүхэдтэй болж чадахгүй байгаа мянга мянган хосын төлөөлөл учраас иш татав.

Өдгөө цэнхэр гариг дээр амьдарч буй долоон гэр бүл тутмын нэг нь хүүхэд төрүүлэх “чадваргүй” байдаг гэх судалгаа бий. Тэгвэл Монголд нийт гэрлэгсдийн 15-20 хувь нь үргүйдэх өвчтэй байдаг аж. Үр тогтоох чадвартай хэрнээ ямар нэгэн шалтгаанаар умайгаа авахуулсан, эсвэл ховор тохиолдлоор төрөлхийн савгүй юм уу умайн хүзүүний гаж хөгжилтэй, бэлгийн замын халдварт өвчний улмаас үргүй болсон гээд олон шалтгаанаар хосууд хүүхэдтэй болж чадахгүй энэлсээр байна.

Саяхныг хүртэл монголчууд Туяагийн ах, эгч шиг хүүхэдтэй болох гэж гадаадын орныг зорьдог байсан. Харин өнөөдөр байдал өөр болжээ. Учир нь манайд үргүйдлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношилж, олон улсын стандартын дагуу эмчилж эдгээдэг чадвартай мэргэжлийн эмч нар, гадаадын жишигт нийцсэн эмнэлэг олон байна.

Тэр дундаа “Баянгол” эмнэлгийн Үргүйдлийн оношилгоо, эмчилгээний төв нээгдсэнээр үргүйдэх өвчтэй хүмүүсийг бүрэн эмчлэх болсон. Салбартаа үргэлж тэргүүлсээр ирсэн тус төвөөр үйлчлүүлэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь тэдний ажлын үр дүн, эмч нарынх нь чадвар, тоног төхөөрөмжийнх нь хүчин чадалтай холбоотой болов уу.

Тэд үргүйдэл болон эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Нидерланд, Герман, Дани, Сингапур зэрэг улсын нөхөн үржихүйн салбарын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцсоор иржээ.

Тун удахгүй Нидерланд улсын “Изала” эмнэлгийн профессорууд Монголд анх удаа зочилж, “Баянгол” эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар болж буй гэнэ. Тэд энэ сарын 28-30-нд иргэд болон эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нарт зориулан сургалт семинар зохион байгуулж, үйлчлүүлэгчдийг үзэж, оношлон зөвлөгөө өгөх юм байна.

Үүнээс гадна 2015 оны зургадугаар сард Португалийн Лисбон хотод болсон Олон улсын хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн 31 дэх удаагийн уулзалт, хуралд Монгол Улсаас анх удаа “Баянгол” эмнэлгийн ҮШСТ-ийн захирал, доктор Р.Хадбаатар, үр хөврөлийн ахлах эмч С.Хөхий нар амжилттай оролцоод иржээ.

Энэ үеэр тус төвийнхөн үргүйдэх өвчтэй хүмүүст үзүүлж буй тусламж, үйлчилгээ нь дэлхийн стандартыг бүрэн хэрэгжүүлж, амжилт нь олон улсынхтай эн зэрэгцхүйц байгааг баталсан байна.

“Баянгол” эмнэлгийн ҮШСТ-ийн захирал, доктор,клиникийн профессор Р.Хадбаатартай цөөн хором ярилцлаа.

-Танай эмнэлэг байгуулагдсан цагаасаа олон гэр бүлд үрийн зулай үнэрлүүлж, аз жаргал бэлэглэсээр байна. Одоогоор хэчнээн хосод үр шилжүүлэн суулгаад байна вэ?

-Манай эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах лаборатори анх 2011 оны наймдугаар сард байгуулагдсан. Улсын хэмжээнд анхны хуруу шилний хүүхэд бидний тусламжтайгаар 2012 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сэлэнгэ аймагт мэндэлсэн. 3.8 кг жинтэй, 50 см урт, хүү байсан. Одоо эсэн мэнд бойжиж байна.

Харин анхны ихэр хүү, охин 2013 оны арваннэгдүгээр сард мэндэлж, одоогоор манайхаас 30 гаруй ихэр, гурван ихэр дөрөв төрөөд байна. Бид богино хугацаанд дэлхийн жишигт дүйцэхүйц өндөр амжилт үзүүлж, өдгөө 150 гаруй гэр бүлийг үр хүүхэдтэй болгоод байна.

Тэдний 110 орчим нь хорвоод мэндлээд эсэн мэнд амьдарч буй бол үлдсэн нь ээжийнхээ хэвлийд төрөхөө хүлээгээд бойжиж байгаа гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай төвд нийт 1500 хос хандаж, эмчилгээ, үйлчилгээ авснаас үр шилжүүлэн суулгах ажилбарыг 400 гаруй хос хийлгэж, зөвхөн IVF-ээр буюу үр шилжүүлэн суулгах замаар 36.5 хувь нь жирэмслэсэн.

Төрөлтийн дундаж хувь нь 31. Энэ нь олон улсын дунджаас хамаагүй өндөр үзүүлэлт юм. Үүнд хагалгааны дараа, эсвэл IUI цацалтаар өндгөвчний үйл ажиллагааг сэдээх замаар жирэмсэлсэн тоог оруулаагүй.

-Таныг үйлчлүүлэгчид “Салбартаа тэргүүлэгч сайн эмчээс гадна сайхан сэтгэлтэй нэгэн” хэмээн магтах юм билээ. Тухайлбал, үр шилжүүлэн суулгах эмчилгээний зардал өндөр учраас амьдралын боломж муутай хүмүүст хөнгөлөлт үзүүлдэг гэсэн?

-Баярлалаа. Манай эмнэлэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан амьдралын боломж тааруу хэрнээ өвчтэй хүмүүст туслахыг хичээдэг. Сүүлийн үед хосуудын дунд элбэгших хандлагатай байгаа үргүйдэх өвчнийг хэрхэн багасгах вэ.

Үргүйдлийг оношилж, эмчилж буй техник, тоног төхөөрөмжүүдээ мэргэжил нэгт нөхөддөө танилцуулах, тэдэнд зааж, зөвлөх үүднээс сургалт семинарууд зохион байгуулдаг. 2013 онд ЭМЯ (хуучнаар), Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбоотой хамтран, “Монгол Улс дахь үргүйдлийн өнөөгийн төлөв байдал, оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт семинарт 60 гаруй эмч хамруулсан.

Үүнээс гадна Монгол Улсын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхэдтэй болох хүсэл” сэдэвт сургалтыг 2013 оноос өдий хүртэл тасралтгүй, үнэ төлбөргүй зохион байгуулж, нийт 400 гаруй гэр бүл, хосод зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2014 онд манай мэргэжлийн багийнхан нийслэлийн дөрвөн дүүргийн 80 гаруй эх барих, эмэгтэйчүүд, өрхийн эмч нарт үргүйдлийг орчин үед хэрхэн оношилж, эмчилж байгаа талаараа цогц мэдлэг олгох сургалт зохион байгуулж, мэргэжлийн эмч нартай хамтран ажилласан. Энэ бүхнийг би ганцаараа хийдэггүй. Энд бүхэл бүтэн баг, хамт олны хичээл, нөр их зүтгэл байдаг.

-Манайд үргүйдлийн түвшин хэдэн хувьтай байна вэ. Сүүлийн жилд танайх эмчилгээний ямар ямар шинэ арга, технологи нэвтрүүлэв?

-Улсын хэмжээнд үргүйдлийн түвшинг тогтоосон албан судалгаа байхгүй. Дэлхийн хэмжээнд тухайн улсын хүн амынх нь 8-17 хувь гэж дундажлаад байгаа. Сүүлийн үед үргүйдэх өвчин ихсэж байгаа нь гэр бүл төлөвлөлт оройтох, бэлгийн замын халдварт өвчин ихсэх, хүсээгүй жирэмслэлтээс үүдэлтэй үр хөндөлт зэрэгтэй холбоотой.

Тиймээс л хэн нэгэнд үрийн шингэн, өндгөн эсний донор, тээгч эх хэрэгтэй болоод буй хэрэг. Гэсэн ч манай улсад эдгээрийг хууль эрх зүйгээр нь зохицуулаагүй учраас манайх л гэхэд жилд 3-4 тээгч эхэд үр шилжүүлэн суулгадаг байх жишээтэй. Тээгч эх нь мэдээж үйлчлүүлэгчийн ойр дотны хамаатан, төрсөн эгч, дүү нь байдаг.

Дээрээс нь өндгөн эсийг дангаар нь хөлдөөж, хадгалах технологи Монголд байхгүй. Харин эр бэлгийн эсийг хадгалдаг “Үрийн банк” манайд бий.

Манай үр шилжүүлэн суулгах лазер технологи бүхий лаборатори нь дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглаж байгаа, энэ чиглээр тэргүүлэгч Герман улсын “Mod¬ern Technology Germany” компанийн бренд бүтээгдэхүүнүүдийг IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох аргадаа ашиглаж байна.

Нөхөн үржихүйн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон арга байдгийн дотроос IVF нь хамгийн үр дүнтэйд тооцогддог. Бид 2014-2015 онд өндгөн эсийн хуваагдлыг хянах бүхий тоног төхөөрөмж, эр бэлгийн эсийн толгойд байгаа ДНК-гийн задаргааг харах боломжтой эмчилгээний шинэ аргачлал нэвтрүүлсэн. Эх барих, эмэгтэйчүүд, түүн дотроо үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээг голлон үзүүлдэг.

Гэхдээ бид үргүйдлийг дан ганц үр шилжүүлэн суулгах замаар шийддэггүй. Өвчин нь анхан шатандаа байвал дурангийн хагалгаа хийж, эмэгтэйчүүдийг аль болох байгалиараа төрж болох боломж хайдаг. Ийм хагалгаа хийлгэж буй эмэгтэйчүүдийн 50-60 хувь нь наалдацын гаралтай үргүйдэх өвчтэй байна.

Дашрамд сонирхуулахад, “Баянгол” эмнэлэг нь өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, Англи улсын чанарын сертификатыг авч баталгаажуулсан анхны хувийн хэвшлийн эмнэлэг болсон. И

нгэснээр тэдний үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ялангуяа ҮШСТ-ийнх нь үйлчилгээ олон улсын түвшинд хүрсний баталгаа юм.

Монголын үрс маш олон болтугай!