Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 26

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

 Хосолсон тогтолцоо

 Сонгуулийн олонх болон хувь тэнцүүлсэн тогтолцооны давуу талыг нь ашиглан, сул талыг нь орхих зорилгоор аль алиныг нь хослуулсан тогтолцоог зарим улс оронд хэрэгжүүлдэг. Сонгуулийн хоёр тогтолцооны аль нэгийг нь ашиглахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзэл бүрэн дүүрэн илэрхийлэгддэггүй тул хосолсон тогтолцоог сонгодог.

Гэвч судлаачид хосолсон тогтолцоог оновчтой шийдэл биш гэж үздэг. Хоёр тогтолцоог хослуулах нь парламентын гишүүдийн ижил байр сууринд ялгавар үүсгэх том хүчин зүйл болдог. Жишээлбэл, Унгар улсад парламентын 200 гишүүн нь шууд, 200 гишүүн нь намын нэрийн жагсаалтаар, үлдсэн гишүүдэд саналын хэмжээг харгалзан суудал хуваарилдаг.

Энэ нь парламентын гишүүн гэх нэг л байр суурийг гурван түвшинд ялгаж буй хэрэг бөгөөд үүнийг дагаад олны хэл ам, маргаан тасардаггүй аж.

Улс орнуудын түүхэнд аль нэг тогтолцоог дагнан хэрэгжүүлж байгаад хосолсон тогтолцоонд шилжих, эсвэл хосолсон тогтолцооноос аль нэг тогтолцоонд шилжсэн түүх цөөнгүй бий. 1990-ээд оны үед Япон улс мажоритараас пропорциональд, харин Итали улс эсрэгээр шилжиж байв.

Харин германчууд гурвантаа мажоритар тогтолцоонд шилжих оролдлого хийсэн боловч парламентын гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй гэдэг.

Ардчиллын хөгжлийн эхэн үед пропорциональ тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж, ардчилал бүрэн төлөвшсөн үед мажоритар тогтолцоонд шилжих нь зөв шийдэл болдог гэж олонх улс төр судлаачид үздэг. Гэтэл пропорционалиас мажоритар тогтолцоонд шилжих боломж тэр бүр бүрддэггүй. Олон нам парламентад суудалтай болсны улмаас сонгуулийн тогтолцооны шилжилт өөрчлөлт дэмжигдэхгүй байх нь бий.

Мажоритар тогтолцооны ачаар улс үндэстэн олон намд хуваагдаж, талцалгүй улс төрийн хувьд тогтвортой байдал үүсдэг гэж судлаачид үздэг.

Саналын олон хувилбартай тогтолцоо

Мажоритар тогтолцооны нэг хувилбар бол саналын олон хувилбартай тогтолцоо. Уг тогтолцоог Австралид доод танхимын гишүүдээ сонгоход хэрэглэдэг. Уг тогтолцооны зарчим нь тухайн тойрог дахь нэр дэвшигчдийг дугаарлах байдлаар сонгогчид саналаа өгдөг бөгөөд эхний сонголтоор ямар ч нэр дэвшигч олонхийн саналыг шууд авахгүй бол цөөн санал авсан дэвшигчийг хасаад санал авсан хуудсыг нь хоёрдугаарт бичигдсэн дэвшигчид шилжүүлдэг. Уг үйл явц нэр дэвшигчдийн нэг нь олонхийн санал автал үргэлжилдэг.

Арай өөр хувилбарыг францчууд хэрэглэж буй. Эхний санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дараагийн санал хураалтад оролцуулан олонхийн санал авсан дэвшигчийг тодруулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат үүнтэй ижил зарчимтай.

 


Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм.

Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг, хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД