Б.МӨНХБОЛД: МОТОЦИКЛЬ ДЭЭГҮҮР ҮСЭРЧ ТОХСОН ҮЗҮҮЛБЭР САНААНААС ГАРДАГГҮЙ

2015 оны 10 сарын 22

“Танан Гарьд” багийн тоглогч Батаагийн Мөнхболдыг танихгүй спортын хорхойтон ховор биз ээ. Уран хурц довтолгоо, гурван онооны шидэлт оновчтой гүйцэтгэгдэг түүний тоглолтыг үзэгчид харах тун дуртай.

Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээнд гурван удаа түрүүлсэн тамирчин Б.Мөнхболдоос өөр байхгүй. Шилдэг амжилтаараа сагсан бөмбөгчдөө манлайлан яваа түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Өмнөговь аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн гэж сонссон. Хүүхэд байхдаа л сагсан бөмбөгт нугасгүй байсан уу?

-Хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр төдийлэн өндөр амжилт үзүүлээгүй. Харин 2004 онд Худалдаа Үйлдвэрлэлийн ДС-ийн оюутан болсон цагаас л өнөөгийн амжилтын эхлэл тавигдсан.

Тухайн үед гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн сагсан бөмбөгийн секцэнд явж олон зүйл сурсан даа. Сургуулийнхаа багт орж оюутны лиг, залуучуудын тэмцээнүүдэд тоглож байсан.

-Тухайн үед Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулть сагсан бөмбөгөөр шилдэг нь байсан шүү дээ. Оюутан болоод хүртсэн анхны медалийнхаа тухай ярина уу?

-Намайг нэгдүгээр курст байхад манай сургуулийн баг Оюутны лигээс хүрэл медаль авсан. Манай багт Э.Цэвэлдорж, Ц.Пүрэвдорж, Ананд гээд залуучууд тоглож байлаа. Бид дээд лигийн “Скай Хаукс” багийн бүрэлдэхүүнд мөн багтдаг байсан юм.

Миний хувьд тэр жил лигийн тоглолтуудад сэлгээнээс хааяа оролцсон. Дараа жил нь дээд лигт тоглосон тамирчинг сонирхогчдын тэмцээнд оруулахгүй гэсэн дүрмийн дагуу нэг жил өнжиж билээ. Улмаар 2006 оны намар сургуулийн найзуудтайгаа хамт “Ёлууд” баг байгуулан дээд лигт тоглосон.

Манай багийг тухайн үед УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, “Таван толгой Транс” ХХК-ийн Дагвадорж гэсэн ах нар дэмжиж байгуулсан.

-“Ёлууд” баг лигт орсон эхний жилээ шууд аваргын төлөө тоглосон байдаг. Хэдий анх удаа лигт тоглосон ч багийн тамирчдын ур чадвар бусад багийн туршлагатай тоглогчдоос дутахааргүй байжээ...

-Манай баг оюутнуудаас бүрдэж байсан. Э.Цэвэлдорж, Ц.Пүрэвдорж, Ананд, Эрдэнэбилэг, Цолмонхүү гэсэн тоглогчид. Мөн Т.Санчир, Д.Мөнхтүвшин нар манай багт тоглож байсан. Тэр улиралд “Харцага”-тай аваргын төлөө өрсөлдөж хожигдсон юм.

-“Харцага” бол тухайн үед Монголын хамгийн хүчирхэг баг байсан. Тэдний эсрэг ямар хувилбараар тоглов?

-“Харцага” багт Б.Түвшинбаяр, Тамир, Давхарбаяр гэсэн ах нар байсан. Биднээс туршлагаар илүү баг. Гэхдээ сайхан өрсөлдөж мөнгөн медаль зүүсэн. Олон жилийн өмнөх зүйл дээр бидэнд түрүүлэх боломж байсан гэж яриад яахав.

-Дандаа оюутнууд байсан гэлээ. Дээд лигт тоглохын хажуугаар хичээл, бэлтгэл сургуулилалтаа хэрхэн зохицуулж байсан бэ?

-Тоглолтгүй өдөр хичээлийн бус цагаар орой бэлтгэлээ хийдэг байсан. Ц.Цэвэрбал багш маань биднийг сайн удирдсан болохоор гайгүй амжилт үзүүлсэн.

-Финалд шалгарсны дараах улиралд амжилтаа ахиулах зорилготой байсан биз.

-2007-2008 онд П.Болортулгыг манай баг бүрэлдэхүүндээ нэмсэн. Лиг дууссаны дараа Ц.Пүрэвдорж, С.Пүрэвцэрэн, Э.Цэвэлдорж мөн би шигшээ багийн бэлтгэлд хамрагдан багагүй туршлага хуримтлуулсан юм.

Өмнөх жил нь мөнгөн медаль авсан болохоор түрүүлэх зорилготой байсан нь мэдээж. Хараахан зорилгоо биелүүлж чадалгүй хүрэл медаль авсан даа.

-Хүрэл медаль авсны дараа нэг улирал тоглоод “Ёлууд” баг тарсан. Тарах болсон шалтгаан юунд байсан бэ?

-Хамгийн сүүлд 2009 онд лигийн их шөвөгт үлдсэн. Энэ амжилтын дараа багийн тоглогчид их, дээд сургуулиа төгссөн. Мөн зарим тоглогч өөр баг руу явсан учир “Ёлууд” тарсан юм. “Таван толгой Транс” ХХК биднийг гурван жил дэмжих хугацаанд лигээс мөнгө, хүрэл медаль авч, хагас шигшээд үлджээ.

-Таны хувьд одоо хүчин зүтгэж буй “Танан Гарьд” багтайгаа анх хэрхэн холбогдож байв?

-“Ёлууд”-аас гарсны дараа “Хасын Хүлгүүд”-д О.Ууганбаяр бид хоёр орж байсан. “Хүлгүүд”-ийн бүрэлдэхүүнд хоёр жил тоглож, лигээс алт, хүрэл медаль авсан. “Танан Гарьд”-ын эзэн Ц.Чинбат ахтай 2011 онд О.Ууганбаяр бид хоёр уулзаад “Хүлгүүд”-ээс илүү санал тавьсан болохоор энэ багт тоглохоор шийдсэн.

Спорт бол залуу насны ажил. Тиймээс тухайн үед “Танан Гарьд” багаас надад тавьсан санал таалагдсан болохоор ийм шийдвэр гаргасан.

-“Танан”-гийн амжилт Спрайт хөгжлийн лигээс эхэлсэн. Багаараа дээд лигт тоглож эхлэх боломж байгаагүй юм уу?

-Манай багийн эзэн О.Чинбат ах аливаа зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй гээд биднийг Спрайт хөгжлийн лигт тоглуулсан. Манай баг бүрдсэн эхний жилээ Хөгжлийн лиг болон Спрайт “А” лигт түрүүлсэн.

Мөн МСБХ-ноос зохиодог “Пепси Д” лиг, Монголын бүх ард түмний спартакиадад тоглож бүх тэмцээнд аваргалсан. Олон тэмцээнд оролцож түрүүлсэн болохоор багийн эзэдтэйгээ ярилцсаны дараа дээд лигт хүч үзэхээр шийдсэн дээ.

-Танай баг МҮСБХ-ны Үндэсний супер лигийн анхны аварга. Харин өнгөрсөн улиралд финалд “Альянс Тех Харцага”-д дийлдсэн. Өнгөрсөн улирлыг дүгнээд хэлбэл...

-Өнгөрсөн улиралд багийн бэлтгэл төдийлэн сайн байгаагүй. Гэхдээ аваргын төлөө шалгарч чадсан. Супер лигийг бид 6-7 тоглогчидтой л эхлүүлсэн. Улирлын дундаас легионер тоглогчдоо авч, бүрэлдэхүүнээ чанаржуулсан.

Аваргалах боломж байсан ч бид чадаагүй. Одоо манай баг дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцох байх.

-Үндэсний супер лигийн шинэ улирал энэ сарын 31-нд эхэлнэ. “Танан” улирлын бэлтгэлдээ хэзээнээс гарсан бэ?

-Манай багийн 7-8 монгол тоглогч энэ сарын 6-наас зааланд бэлтгэлээ хийж эхэлсэн. Одоогоор багтаа шинэ тоглогч аваагүй байгаа.

-Таны хувьд алсын зайнаас сайн шиддэг. Анх шидэлтийн техникээ хэрхэн сурч байв?

-Сагсан бөмбөгийн суурийг Ц.Цэвэрбал дасгалжуулагч тавьсан. Багшдаа үргэлж баярлаж явдаг. Анх шигшээ багт дуудагдахад аль байрлал дээр тоглохоо мэдэхгүй байсан удаа ч бий. Ц.Баярцогт дасгалжуулагч миний шидэлтийн техник дээр ажиллаж өнөөгийн түвшинд хүргэсэн дээ.

-Та дээд лигийн Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээн гурван удаа түрүүлсэн. Хамгийн анх хэзээ тохолт хийж байсан бэ?

-2008, 2009, 2010 онд лигийн цагариган дээрээс довтлох тэмцээнд түрүүлж байсан. Анх есдүгээр ангид байхдаа тохож үзсэн юм.

-Цагариган дээрээс довтлох тэмцээний үзүүлбэрүүдээ хэрхэн бэлдэж байв?

-Бэлтгэл их хийдэг. Тухайн үед багийн нөхөд болон найзуудтайгаа ярилцаад үзүүлбэрээ бэлддэг байлаа.

-Хийж байсан тохолтуудаас сэтгэлд тань тод дурсамж үлдээсэн нь гэвэл...

-NBA-гийн супер од Дуайт Ховард Монголд ирэхэд МБӨ-нд мотоцикль дээгүүр үсэрч тохсон юм. Энэ үзүүлбэр л их сайхан санагддаг. Би урьд өмнө ийм зүйл хийж байгаагүй.

-Таны биеийн өндөр хэд вэ?

-188 см. Анх гайгүй өндөрт ордог байсан. Харин одоо бол намхан тоглогч болох гээд байгаа.

-Тоглолтын явцад та сэтгэлийн хөдлөлөө ил гаргах нь олон. Энэ нь ямар нэг учир агуулдаг уу?

-Өөрийгөө болон баг хамт олноо сэргээж, доргиох үүднээс сэтгэл хөдлөлөө ил гаргадаг. Тоглолтын явцад багаа унжийсан унтаа байдалд оруулахгүй үүднээс сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг.

-“Танан Гарьд”-ын шилдэг тоглогчдын нэг О.Ууганбаярын талаар асуумаар байна.

-Бид хоёр олон жил сайхан нөхөрлөж явна. Манай Уугаа шилдэг сагсан бөмбөгч. Тэсрэлттэй, шидэлт сайтай. Багт хэрэгтэй тоглогч.

-Шинэ улиралд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сониноор дамжуулан багийн эзэн Ц.Чинбат ах болон хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлье.

Ц.БАЯНМӨНХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.161.65 Мөнхболдынхоо гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье
66.181.161.65 Хануйн амралтын Цагаан бургастайн хотхонд сагсан бөмбөгийн гайхамшгийг үзүүлсэн Танан гарьдын тамирчин Мөнхболд , Ууган баяр тэргүүтэй тамирчдад сайн сайхан бүхнийг хүсье.
66.181.161.65 маш даруухан, хүнлэг, зөв санаа бодолтой сайхан хүү билээ. саяхан Булганы Хануйн рашаанд хөрш байранд амарч байлаа.
122.201.24.23 Танан танан танан урагшаа
112.72.13.134 duudee amjilt husie
103.10.23.99 3 2 1 ТАНАН