Камертон хамтлаг 20 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

2015 оны 10 сарын 22

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн мөрөө үлдээсэн хамтлагуудын нэг бол яах аргагүй “Камертон”. Энэ онд 20 жилийнх нь ой тохиож буй тус хамтлагийнхан тун удахгүй сонсогчидтойгоо уулзах нь.

20 жилийнхээ ойд зориулан хийх тоглолтынх нь талаар лавлахаар тус хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амартай 17.00 цагт утсаар холбогдлоо.

-“Камертон” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж тоглолт хийнэ гэсэн мэдээлэл цахим ертөнцийг “шуугиулж” байна. Энэ тоглолтын тов гарсан уу?

-Бид өнгөрсөн жил “Мишээл экспо” төвд “Camerton best hits unplugged” тоглолт хийсэн. Түүнээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байж байгаад саяхан нэгэн үеийн таван хамтлагийн “Мартагдашгүй” тоглолтод оролцлоо.

Энэ удаагийн тоглолт бол манай хамтлагийн зүгээс сонсогчдодоо барих бэлэг байх болно. Тоглолт арваннэгдүгээр сарын 15-нд болно.

-Ямар дуунууд дуулах бол, 20 жилийн ойд зориулсан шинэ уран бүтээлүүдээс дуулах уу?

-Одоогоор яг тэр дууг дуулна гэж сонгоогүй байна. Гэхдээ сонсогчдын хамгийн сайн мэдэх, тухайн цаг үедээ хит болж байсан дуунуудаа сонгох нь ойлгомжтой. Шинэ дуунууд бараг дуулахгүй байх.

-“Мартагдашгүй” тоглолтод танай хамтлагийн гишүүн Б.Эрдэнэбат оролцоогүй. Энэ тоглолтод оролцоно биз дээ?

-Эба хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Хамтлагийн 20 жилийн ойд зориулсан тоглолтод бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

-20 жилийн ойдоо зориулж шинэ цомог гаргана гэсэн. Энэ цомгийн ажил эхэлсэн үү?

-Эхэлсэн. Бид төлөвлөгөөнийхөө дагуу шинэ дуунууд гаргах гээд бичлэгийн ажилдаа орчихсон явна. Эхний ээлжинд дөрвөн дуу бэлэн болсон. Удахгүй дүрсжүүлнэ. Мөнхийн сэдэв болсон хайрын дуу ч бий. Ер нь шинэ уран бүтээлүүд маань төрөл бүрийн сэдэвтэй.

Бид одоо чанар, чансаатай уран бүтээл сонсогчдод хүргэх ёстой. Тийм учраас яарах хэрэг байхгүй.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД