“НАЙРУУЛАГЧ ХҮН сэтгэлзүйч байх ёстой”

2015 оны 10 сарын 22

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомботой ярилцлаа. 2006 оноос кино зохиол сонирхон судалж, “Ийм нэгэн дурлал-1, 2”, “Миний хөрш чөтгөр”, “Дэв” зэрэг киноны зохиолыг нь бичиж, “Сайн, муу, хэрцгий-1, 2” киног найруулсан түүнийг кино сонирхогчид андахгүй.

Түүний зохиолыг нь бичсэн “Single ladies” киноны хоёрдугаар анги өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийгээд байгаа юм.

-Жүжигчин, найруулагч хүний хувьд Монголын кино урлагийг шинэ шатанд ахиулчих юмсан гэсэн бодол тээж явдаг байх. Яг одоогийн нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?

-Манайд дутагдаж байгаа гол зүйл нь мэргэжлийн продюсер. Мөнгөтэй хүмүүс аль нэг уран бүтээлд хамтран ажилласнаа продюсерийн ажил хийлээ гээд байдаг. Тийм байх ёсгүй.

Мэргэжлийн кино продюсер, кино компани, кастингийн агентлаг байгуулж, кино гээч зүйлийг байх ёстой системээр хөгжүүлж, голдиролд нь оруулахгүй бол болохгүй л дээ. Сэтгэл байхад болно гэдэг шиг бид алхам алхмаар урагшлаад л байх ёстой. Өнгөрсөн хавар БСШУЯ-наас зохион байгуулсан форумын үеэр яг энэ тухай ярилцсан л даа.

Эхлээд продюсерийн чадварлаг компани байгуулж, дараа нь тэднийг улсаас бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэр нь дотоод, гадаадад кино үйлдвэрлэлийг мэргэжлийн түвшинд хийдэг байх ёстой. Ингэж чадвал кино урлаг арай өөр, мэргэжлийн тал руугаа орно.

-Кино урлаг хөгжихөд мэргэжлийн шүүмж бас их чухал. Чанартай даацтай шүүмж гарахаа ч больжээ.

-Бид өөрсдийн амьдарч буй улсынхаа онцлогийг ойлгох ёстой. Манайх хүн ам цөөтэй. Ийм жижиг газарт урлагийг амжилттай хөгжүүлэх шиг хэцүү зүйл байхгүй. Манай улс 20, 30 сая хүн амтай байсан бол бид заавал төрөөс дэмжлэг хүсэх шаардлагагүй л байсан байх.

Зах зээлийнхээ системээр босоод ирэх л байсан. Мэргэжлийн урлаг гэдэг утгаараа шүүмж байх ёстой. Гэхдээ бодолтой хийх хэрэгтэй. Даацтай шүүмжүүд гараад ирэхэд кино гэж хэлэхэд хэцүү зүйл хийгээд байгаа хүмүүс энэ салбарыг орхих, эсвэл чанаржуулах болно.

Нөгөө талаар чадлаараа хийгээд байгаа хүмүүсийг хайр найргүй шүүмжлээд байж бас болохгүй. Салбарын хувь заяатай холбоотой зүйл шүү дээ.


-Олон улсын наадмуудад оролцох бүтээлүүдийг төрөөс дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлдэггүй нь бас хөгжилд нөлөөлж байгаа болов уу?

-Кино бүтээгчид кино гэдгийг ойлгох ойлголтоороо хоорондоо ялгаатай байна. Наадмуудад оролцож байгаа найруулагч голдуу арт хаус чиглэлийн кино хийдэг. Гэтэл энэ төрлийн киног цөөн тооны, тодорхой хүрээний хүмүүс үздэг. Зөвхөн Монголд ч биш, гадаадад ч тийм л байдаг. Тэдэнд хийсэн бүтээлээрээ ашиг олох боломж ховор.

Кинотеатруудаар гаргаад ч үзэх хүн бараг олдохгүй. Тийм болохоор гаднынхны зарчмаар буюу урлагийг дэмждэг төрөл бүрийн сангуудад хандаж байж л кино бүтээж байна шүү дээ.

-Кино сонирхогчдын мэдлэг улам бүр нэмэгдэж, мэдээлэл авах боломж нээлттэй болжээ. Тийм ч болохоор дэлгэцэнд гарч байгаа кинонуудын үйл явдал, зохиолыг хооронд нь харьцуулж, жишдэг болоод байна. Кино зохиол бичдэг хүний хувьд киноны үйл явдал давхцах, хуулбарлах гэсэн асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Цөөн тохиолдолд зураг авалт, үйл явдал давтагдаж болно. Дэлхийд хэчнээн кино хийгдэж байгаа билээ дээ. Би өнгөрсөн жил “Саятан болгох дамжаа” олон ангит киноны зохиол бичиж үзлээ.

Зохиол бичээд, найруулагч засвараа хийж, кино болж дэлгэцэнд гарсны дараа бас л хулгайн зохиол гэсэн яриа гарсан. Их эгдүүцсэн л дээ. Энэ кинонд ажилласан бүх уран бүтээлч, зохиолд засвар оруулсан найруулагч, зөвлөхүүд үгүй гэдгийг батална.

-Кино урлагийн гайхамшгийг ямар киноноос анх мэдэрч байв?

-Би ч “Хон Гил Дон”-оос эхэлсэн дээ. Миний санаж буйгаар, долоон настай байсан юм уу даа. Тэр үеэс л кинонд дуртай болсон. Тухайн үед XIX хорооллын үйлчилгээний төвд “Хөдөлмөр” кино театр гэж байв. Тэнд өвөөтэйгөө кино их үзнэ.

1990 оноос хойш подвальд видео кино гаргадаг болсон шүү дээ. Тэр үед бүр идэвхтэй үзэгч болсон. Шил, лааз тушааж, янз бүрийн аргаар л мөнгө олж үздэг байлаа.

Дунд сургуулийн сурагч байхдаа ч үзсэн киногоо ангийнхандаа ярьж өгдөг хүүхэд байв. Тэр нь энэ мэргэжлийг эзэмших, киноны тухай нэвтрүүлэг хийдэг болоход нөлөөлсөн байх.


-Таныг Японы найруулагч Акира Күросавагийн шүтэн бишрэгч гэж сонссон. Өвөрмөц арга барилд нь татагдчихсан уу?

-Дунд сургуулийн сурагч байхдаа “Долоон самурай” киног МҮОНТ-ээр үзсэн юм. Нүд салгахгүй үзсээр дуусгасан даа. Дараахан нь Акира Күросавагийн “Бөхийн гайхамшиг” гэж нэрээр гарч байсан “Сугато Санширо” гэж өөр нэг киног олж үзсэн.

Аравдугаар анги төгсөхдөө түүний тухай тодорхой ойлголттой болчихсон байлаа. СУИС-ийг төгсөхдөө эргэлзээгүйгээр энэ хүнийарга барилыг судлахаар болсон. Тухайн үед “Сэрэлт-Оч” кинотеатрыг манай хамаатны ах Э.Зоригт ажиллуулдаг байсан юм.

Түүнийг гадаад руу явахад нь Акира Күросавагийн кино явуулаарай гээд л захидаг байсан. Дипломоо хамгаалахдаа СУИС-ийн түүхэнд анх удаа дипломын бичвэрийн ажлыг кино үзлэгтэй нь хамт зохион байгуулж байлаа.

-Ангийнхныгаа ч Акира Күросавагийн бүтээлүүдэд “уруу татсан” гэдэг юм билээ?

-Би гуравдугаар курсээсээ МҮОНТ, UBS телевизийн орчуулгын кинонд дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Өөрийнхөө цалингаар Акира Күросавагийн “Үймээн”, “Рашомон”, “Наймдугаар сарын эмгэнэлт дуун” гэсэн гурван киног орчуулуулж, хамт ажилладаг жүжигчидтэйгээ нийлж дуу оруулсан юм. Түүнийгээ “Сэрэлт-Оч”-д гаргаж байлаа.

Сургуулийнхаа оюутнуудад “Үнэгүй шүү” гэж өөрөө зар тараагаад л, кино театрыг пиг дүүргэсэн дээ. Тэгсэн маргаашнаас нь сургуулиар дүүрэн Акира Күросава ярьсан нөхдүүд явж байсан.

-Тэр алдартай найруулагчийн онцлогоос та өөртөө юуг нь авч үлдэв?

-Найруулагч болгоны арга барил өөр. Жүжигчидтэй ажиллах арга барил нь ч ялгаатай. Акира Күросава бол киноныхоо дүрүүд дээр их тогтож ажилладаг найруулагч байсан. Ялангуяа Тоширо Мифүнэтэй мундаг тулж ажиллана.

Өөрийнх нь төсөөлсөн дүрийг нэг л жүжигчин гаргаж чадахгүй бол зураг авалтаа зогсоочихдог байсан гэдэг. Түүнийг нь тусгаж авах гэж хичээж явна.

-Та түүхэн киноны зохиол бичиж, ажиллаж байгаагүй юм байна билээ. Энэ төрлөөр ажиллах бодол байдаг уу?

-Монголын түүхийн тухай нэлээд олон цуврал кино хийе гэсэн бодол байгаа. Дотроо бодоод, боловсруулаад л яваа. Хэдэн жилийн дараа бүтэхийг хэлж мэдэхгүй юм. Санаж явбал бүтнэ гэдэг биз дээ (инээв).

-Продюсерууд танд кино зохиол захиалахдаа ихэвчлэн ямар шаардлага тавьдаг вэ?

-Би өнөөдрийг хүртэл 14 бүрэн хэмжээний киноны зохиол бичжээ. Ихэнх нь захиалгын зохиол. Продюсер захиалга өгөхдөө “Би энэ дүрд энэ жүжигчнийг сонгочихсон байгаа 09 шүү, тааруулаад бичээрэй” гэдэг. Тэгэхээр тэр сонгосон жүжигчнийх нь тоглолт, өмнөх дүрүүдийг бодож байж бичнэ л дээ. Юманд баригдаад байгаа юм шиг их хэцүү.

-Эмэгтэйчүүдийн, тэр дундаа ганц бие бүсгүйн амьдралыг харуулсан киноны зохиол бичлээ. Тэр нь амьдралд маш ойр дүр болсон учраас таны эргэн тойронд эмэгтэйчүүд олон байдаг болов уу гэж бодогдуулсан. Ингэхэд та эгч, эмэгтэй дүүтэй юү?

-Байхгүй ээ. Би айлын ганц хүү. Яг энэ сэдвээр кино хийх юмсан гэж бодож байх үед Г.Ундармаа эгч санал тавьсан. Орчин тойрныхоо эмэгтэйчүүд, найзуудаа ажиглалаа. Төлөөлөл байж болох хүмүүстэй ч уулзаж судалгаа хийсэн.

Миний, манай эхнэрийн найзууд дунд ганц бие ээжүүд олон. Хамаатан садан дунд ч нөхөргүй, 40 гаруй насны эмэгтэйчүүд бий. Тэдэнтэй уулзаж, амьдралыг нь яриулж, зовлон шаналал, тулгарсан асуудлыг нь сонсдог байлаа. Эмэгтэй хүний зовлонг инээдмээр илэрхийлэх үнэхээр хэцүү байсан.

-Тайзны уран бүтээлд хөл тавих болоогүй юу?

-Найруулагч мэргэжлээрээ тайзны уран бүтээлд хараахан ажиллаж үзээгүй байна. Цаг нь ч болоогүй. Харин хэд хэдэн бэсрэг жүжгийн зохиол бичиж үзсэн. Би өөрөө дэлгэцийн урлагт илүү хайртай юм шиг байна.

-МҮОНТ-ийн босгыг хэрхэн давж кинонд дуу оруулах болсон бэ?

-Д.Энхбаяр маань намайг кинонд дуу оруулагч болоход уруу татсан. А.Баттүшиг бид хоёр МҮОНТ-д шалгуулахаар очиж байлаа. Гэтэл шалгачихаад юм хэлэлгүй явуулчихсан. Хэд хоногийн дараа гэнэт дуудаад л эхэлсэн дээ. А.Баттүшиг, Н.Ялалт ах бид нэг үеийнхэн.

-Хамгийн анх ямар кинонд дуу оруулсан бэ?

-“Аян замын паян” инээдмийн кино. Энэ кинонд анх хэдхэн үг хэлж байсан. Ихээр бодоход таван харилцаа үг хэлэх байж тэрийгээ чадахгүй сандраад, Г.Равдан ахад нудруулж байлаа.

-Түүнээс хойш хэчнээн кинонд дуу оруулсан бол?

-Хамгийн сүүлд тоолоход дуу оруулсан киноны тоо 6000 гарчихсан байсан.

-Үзэгчдийн үзэх дуртай олон кинонд дуу оруулсан шүү дээ. Хүмүүс царайгаар биш дуу хоолойгоор тань таньж байсан тохиолдол байдаг уу?

-Байдаг шүү. Манай кино албаныхан 2005 онд хөдөө аялалд явсан юм. Замдаа хүнсээ цуглуулах гээд дэлгүүрт орлоо. Бөөнөөрөө шуугилдаад ийм юм авна, тийм юм хэрэггүй гээд л. Гэтэл худалдагч нь гайхаад л хараад байна.

Тэгснээ Н.Нэргүйбаатар ахаас “Би та нарын царайг харахаар танихгүй юм шиг, хоолойг чинь сонсохоор яах аргагүй таньдаг юм шиг санагдаад байна. Юу билээ” гээд асууж байсан юм.

Яг тэр үед нь зурагтаар бидний дуу оруулсан кино гарч байж л дээ. Н.Нэргүйбаатар ах инээгээд “Тэр зурагт дотор чинь бид нар ярьж байна” гэчихээд гараад явсан. Бөөн инээдэм болж билээ.

-Ямар төрлийн кинонд дуу оруулах илүү сонирхолтой байдаг вэ?

-Жүжигчин хүний ур чадвар шалгасан, мундаг найруулагчийн кинонд дуу оруулах гоё. Дүр нь хэцүү тусмаа сайхан. Жүжигчин болгоны хоолойд тохирох дүр гэж байна. Мел Гибсоны тоглосон “Хатан зоригтон” кинонд Английн хааны дүрд дуу оруулах үнэхээр хэцүү байсан. Гэхдээ тийм мундаг дүрүүд жүжигчнийг задалж өгдөг.

-Найруулагч гэхээр л уурлаж зандарсан хүмүүс байдаг юм шиг ойлголт байдаг. Гэтэл таныг зураг авалтын үед уурлаж байхыг хараагүй.

-Найруулагч бүрийн арга барил ондоо. Найруулагч гэдэг сэтгэлзүйч байх ёстой. Хэнтэй яаж харилцахаа мэддэг байх нь чухал.

-Жүжигчин таны хүссэн тоглолт, дүрийг гаргаж чадахгүй тохиолдолд загнахгүй тэсээд сууна гэж үү?

-Тийм тохиолдолд шууд зураг авалтаа зогсоогоод, уран бүтээлчдээ тараачихдаг. “Өнөөдөр энэ жүжигчин тоглож чадахгүй байна. Тоглож чадтал нь зургаа зогсооё” гэж хэлээд л тараачихдаг. Нэг талаас уурлаж, бухимдахгүй амар.

Нөгөө талаас тэр хүнд ч гэсэн бүхэл бүтэн багийн ажлыг зогсоож буйгаа, кино гэдэг хариуцлага байдгийг, улам хичээх хэрэгтэйг нь ойлгуулна.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД