Ц.ТӨРБАТ: Алтыг нь аваад, авдрыг нь өшиглөдөг жудаггүй зан археологичдод байж болохгүй

2015 оны 10 сарын 21

Эртний түүхийн баримтуудыг дэлгэн толилуулж, хүний үүсэл хөгжлийг өөр өөр уламжлал, соёлын бүтээгдэхүүн гэдгийг харгалзан тогтоож, өвөг дээдсийн түүхийг байнга сануулж байдгаараа археологичид хүн төрөлхтний оюун ухаан, ой санамж болдог.

Энэ хүндтэй агаад хариуцлагатай үүргийг хүлээсэн эрхэм бол ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч Ц.Төрбат. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Археологичдын хөдөлмөрийг ямар нэгэн зүйл ухаж, малтаж гаргах төдийхнөөр ойлгох хандлага түгээмэл. Ер нь археологичид яг юу хийдэг юм бэ?

-Олдвор илрүүлэх, түүнийг малтах арга боловсруулах, сүүлийн үеийн судалгааны арга зүйн дагуу малтлага хийх зэрэг археологичийн удирдлаган дор хэрэгждэг олон ажил байдаг. Бидний ажил хээрийн болон лабораторийн судалгаа гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг.

Хүмүүсийн нүдэнд өртдөг нь хээрийн судалгаа, ховор, нандин олдворууд байх. Гэтэл түүнээс ч илүү их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаарддаг зүйл бол бүх үйл ажиллагааны гуравны хоёрыг эзэлдэг лабораторийн ажил байдаг.

Үүнийг хүмүүс төдийлэн сайн мэддэггүй. Энэ бол бидний өдөр тутмын үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг юм. Тухайн дурсгалтай холбоотой бүх нарийвчилсан шинжилгээг лабораторийн судалгааны үед хийдэг.

-Монголд археологийн судалгаа хэр хөгжсөн бэ?

-Энэ салбарын хөгжил археологичдын ур чадвараар тодорхойлогдоно. Монголын археологийн суурь хөгжил нь Зөвлөлтийнхөөс уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Өрнө, Дорнын улс орнуудтай түлхүү хамтран ажиллах болсон. Үүний үр дүнд дэлхийн нэр хүндтэй сургуулиудад бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчнүүд энэ салбарт цойлон гарч ирж байна.

Өрнө, Дорнын болоод Зөвлөлтийн дэг сургуулийн үндсэн дээр Монголын археологи бие даасан салбар болон хөгжсөн нь сүүлийн 20 жилийн гол ололтын нэг. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний ур чадвар илүү сайжирсан гэсэн үг.

Мөн гадаадын судалгааны багуудтай байнгын харилцаа холбоотой ажилласнаар салбарын шинэ мэдлэг, мэдээллийг цаг алдалгүй авч байна. Түүх, археологийн хүрээлэн жил бүр хамтарсан болон үндэсний судалгааны 30 баг ажиллуулдаг.

Ахиц дэвшлийн хажуугаар дутагдалтай зүйлс ч бий. Тухайлбал, лабораторийн орчин дутагдаж байна. Манай хүрээлэнд сэргээн засварлах жижигхэн лаборатори бий ч яг байгалийн шинжлэлийн дүгнэлт хийдэг нь одоогоор цөөн байна.

Тийм учраас гадаад хамтын ажиллагааг илүүд үздэг. Хэрвээ лабораторитай болчихвол бид бие даасан судалгаа хийх боломж бүрдэнэ.

-Жилийн багагүй хугацааг хөдөө хээр өнгөрүүлдэг байх, тийм үү?

-Тийм шүү. Хээрийн судалгаа бол бидний ажлын чухал хэсэг нь. Хамгийн ихдээ гурван сараар явж байсан. Залуу байхдаа хээрийн судалгаанд ихэнх цагаа зарцуулдаг байсан бол одоо өрөөндөө сууж ажиллах нь их болж дээ.

Оюутан байхдаа судалгааны зургаан ажилд оролцож байлаа. Гэтэл одоогийн залуучууд хамгийн багадаа 20 судалгааны ажилд оролцож байна. Энэ нь манай археологийн судалгааны ажил хэр зэрэг хөгжсөнийг харуулж байна.

-Олдворыг малтаж гаргахаас сэргээн засварлах нь “нүсэр” ажил гэдэг юм билээ. Манайхан олдворуудаа ихэвчлэн гадаадад сэргээлгэдэг гэсэн. Үүний учир нь юу вэ?

-Монгол ардын үлгэр, домогт гардаг “Үзвэл үнс, харвал хальс болчихно” гэдэг үгэнд тохирох эмзэг зүйл бол археологийн олдвор, хэрэглэгдэхүүн юм. Газрын хөрсөн доор хэдэн арав, зуу, мянган жил дарагдсан зүйлс тийм байх нь ч аргагүй. Газрын гүнд, тодорхой бичил орчинд чийгшилтэй байсан зүйлсийг гэнэт агаар салхинд гаргахаар богино хугацаанд маш хурдан элэгдэж эхэлдэг.

Нүдэнд харагдахгүй ч дотроосоо зэврэх, ялзарч муудах үйл явц тасралтгүй үргэлжилдэг. Үүнийг тогтворжуулж, хэлбэр дүрсийг унаган хэв байдалд нь оруулах үйл ажиллагааг сэргээн засварлах явц гэдэг. Шавар ваар, сав гэх мэт их хэмжээгээр гардаг олдворуудыг харьцангуй бага сэргээн засварладаг. Үүнийг бид хийж чадна.

Гэтэл арьс шир, ангийн үс ноос, эсгий, хивс, модон болон ясан бүтэц бүхий органик эдлэл, алт, мөнгөөр хийсэн зүйлсээс хадгалалт нь илүү муу байдаг. Тийм ч учраас эртний булш дурсгалаас гарч буй эдлэлүүд үнэ цэнэтэй байдаг юм. Тэр хэвээр нь хадгалж үлдэх нөхцөл муу байдаг учраас тэр. Ийм тохиолдолд зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай болдог.

Манайд археологийн нарийн мэргэжлийн сэргээн засварлах тусгай байгууллага байхгүй. 1990-ээд оноос хойш бид Өрнөдийн орнуудтай хамтран ажиллаж, тэдний нөхцөл боломжийг ашигладаг байсан. Манай судалгааны салбар 2005 оноос хойш төмөр зэвсгийн үеийн Пазырыкийн соёлд (Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох соёл) хамаарах гурван том цуглуулгыг сэргээсэн.

Ноён уулаас олдсон Хүннүгийн түүх соёлын улбаа, мөр бүхий цуглуулгыг Орост, Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн булшны хэрэглэгдэхүүнийг Францад, дундад зууны нүүдэлчдийн хадны оршуулга хэмээх бие даасан дурсгалыг Германд тус тус сэргээн засварлуулсан.

Үүнд цаг хугацаа, хүч хөдөлмөр их зарцуулдаг. Монголд хийх боломжгүй. Хэдий манай мэргэжилтнүүдийн ур чадвар өсөн нэмэгдэж буй ч лабораторийн нөөц бага байна. Энэ бол манай салбарт тулгарч буй том бэрхшээлүүдийн нэг.

-Та археологич хүнийг хэнтэй зүйрлэх вэ?

-Археологийн онолд “Археологич бол олон шинжлэх ухааныг зангидаж, хүн төрөлхтний өнгөрсөн үеийн тухай тодорхой мэдлэг бүтээдэг хүн юм” гэж тодорхойлсон байдаг. Харин би археологичийг хөгжмийн удирдаачтай зүйрлэнэ.

Учир нь удирдаач хүн янз бүрийн хөгжмийн зэмсгийн хөг эгшгийг нийлүүлж аялгуу бүтээдэг. Археологич үүний адил байгалийн болон нийгмийн ухааны олон цогц мэдлэгийг нэгтгэн дүгнэж, мэргэжилтний үйл ажиллагааг чиглүүлэн удирдаж, өнгөрсөн үеийн тухай мэдлэгийг бүтээдэг юм.

-Археологийн судалгааны ажил тогтсон хэм хэмжээ, ёс зүйтэй байдаг байх. Гэтэл сүүлийн үед судлаач, эрдэмтэд бие биенийхээ нээсэн судалгааны газрыг өрсөж малтах явдал цөөнгүй гарах боллоо.

-Ямар ч мэргэжлийн үйл ажиллагаанд ёс зүй гэж бий. Албан ёсоор хуульчлаагүй ч зайлшгүй байх ёстой зүйл л дээ. Хүний ёс суртахуун, жудагтай холбоотой. Археологичдын дурсгалтай харьцаж буй хандлагын хувьд ямар нэгэн ёс зүйн зөрчил ажиглагддаггүй. Харин малтлагын дараах явц буюу нөхөн сэргээх ажлыг төлийлэн хайхардаггүй.

Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ухаж сэндийчээд нөхөн сэргээлт хийгээгүй газар олон байна. Алтыг нь аваад, авдрыг нь өшиглөдөг жудаггүй зан археологичдод байж болохгүй. Тэдний энэ болчимгүй үйлдэл дараа дараагийн судлаачдад муу үлгэр дуурайл болдог. Хүмүүс ч археологичдыг ийм л нүдээр харж эхэлдэг.

Би олон ч хурал, зөвлөгөөний үеэр ийм зөрчил гаргасан хүмүүсийг шүүмжилж байсан. Гэвч хэлээд ч засардаггүй юм байна лээ. Мөн нэгнийхээ судалж буй дурсгалт газар руу өрсөж ороод, хамаг ажлыг нь нураадаг. Энэ бол онцгой анхаарч засаж, залруулах ёстой асуудлын нэг.

-Таны илрүүлсэн цогцолборын газрыг ч Монгол, Оросын хамтарсан археологичдын өөр нэгэн багийнхан өнгөрсөн зун зөвшөөрөлгүй малтаж, шинэ соёлын нээлт хэмээн зарласан. Энэ асуудал юу болсон бэ?

-Тус цогцолбор буй газар Годон, Хар чулуутын, Унаган гол гэсэн гурван өөр нэртэй. Гэтэл хүмүүс олон нэртэйг нь далимдуулаад, өөр нэг нэрийг нь ашиглаад шинэ нээлт хийчихлээ гээд байгаа юм. Уг нь бол Хар чулуут биш Годон, Цагаанчулуут гэдэг нь албан ёсны нэр юм л даа.

Тэр газрыг би анх нээсэн. Энэ газар гурван цогцолбороос бүтдэг. Хоёр байгууламжийг нь малтчихаад, ирэх онд томыг нь малтах гээд төлөвлөөд, хөрөнгө санхүүгээ шийдээд явж байтал хулгайгаар малтчихсан.

Энэ бол судлаач хүний хувьд асар их хохиролтой зүйл. Тийм зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд судлах дурсгал мундаагүй шүү дээ. Судалгаа нь ч дөнгөж эхэлж байна.

-Тухайн газарт олдвор буйг хэрхэн илрүүлдэг вэ. Ялангуяа газрын гүнд буй олдворыг яаж мэдэх вэ?

-Энэ талаар хүмүүс их асуудаг. Тухайн дурсгалын гаднах хэлбэр төрхөөр болон физикийн аргаар таних гэсэн хоёр үндсэн арга бий. Түүхэн үеийн дурсгалууд газрын гадарга дээр ямар хэлбэр, төрхтэй байдаг вэ гэдэгт үндэслэн тодорхойлохыг хэлбэр дүрсээр нь таних арга гэдэг.

Жишээлбэл, Хүннүгийн жирийн иргэдийн булш цагариган хэлбэрийн чулуун дараастай байхад язгууртнуудынх нь дөрвөлжин чулуун том далантай, урагшаа гарсан чулуун зам буюу үүдэвчтэй гэх мэт шинж чанараар нь ялган таньж болдог.

Харин газрын гүнд байгаа дурсгалыг бид геологийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэдэг геофизикийн аргаар илрүүлдэг. Энэ нь хөрсийг ухаж, малтахгүйгээр алсаас тандах арга юм. Сүүлийн үед нэлээд өргөн хэрэглэж байгаа.

Энэ аргаар тандан судлахын тулд өмнө нь ихэвчлэн гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг байсан. Тэгвэл одоо манай геофизикчид дутахааргүй чадвартай болсон.

-Та хэзээ, хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-1995 онд МУИС-ийг түүхч, эх бичиг судлаач мэргэжлээр төгссөн. Миний багш Г.Мэнэс гэж хүн байсан. Ленинградын их сургууль төгссөн, түүх, археологи, угсаатан судлалын эрдэмтэн. Археологийн салбарт татагдахад багш минь нөлөөлсөн.

2004 онд “Хүннүгийн жирийн иргэдийн булшны оршуулгын зан үйл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний үндсэн судалгааны чиглэл бол Хүннү судлал шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил Монголын хүрэл, төмрийн үеийн судлалд гол анхаарлаа хандуулж байна.

-Хүннүгийн үеийн бүтэн оршуулгыг малтаж дууссан. Судалгааны үр дүнгээс хүннүчүүдийн талаар юу хэлэх вэ?

-Хүннү судлал бол сүүлийн 20 жил идэвхтэй хөгжиж буй Монголын археологийн тэргүүлэх чиглэлийн нэг. Хүннү судлалын олон асуудлын дотроос хамгийн чухал нь гарал үүслийн тухай маргаан байдаг. Ер нь манайхаас бусад нь Хүннүг монголчуудын өвөг дээдэс гэж итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Сүүлийн үед мэдлэг чадвартай эрдэмтэн, судлаач олноор төрлөө.

Гадаад, дотоодын судалгааны багууд ч ажиллаж байна. Гэсэн ч угсаа гарлын асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй. Манай судалгааны баг Францын археологичидтой хамтран Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын Бурхан толгойд орших 100 булштай оршуулгын газрыг бүрэн малтсан. Тэндээс 50 гаруй палеогенетикийн судалгааны дээж гарсан.

Эртний удамшил зүйн үүднээс хийсэн судалгааны үр дүнд нэгэн чухал дүгнэлт гарсан л даа. Юу гэхээр, Хүннүгийн үед Эгийн голд амьдарч байсан хүмүүсийг одоогийн Эгийн голд амьдарч буй монголчуудтай харьцуулж үзэхэд генийн ялгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Генетикийн шууд залгамж байна гэсэн үг. 2000 жил өнгөрсөн ч генийн залгамж байна гэдэг нь бидний өвөг дээдэс мөн гэсэн хангалттай баталгаа юм.

Үүнийг би Хүннү судлалын хамгийн чухал ололтын нэг гэж боддог. Энэ ажлыг баталгаажуулахын тулд бид Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын улаан хошуунд орших Хүннүгийн том оршуулгын газарт сүүлийн гурван жил малтлага хийж байна. 30 гаруй дурсгал малтсан. Зууг ухахаар төлөвлөөд байгаа. Энэ нь тийм ч амар зүйл биш л дээ.

Гэхдээ л хоёр том цуглуулгын хэмжээнд баталж чадах юм бол хүннүчүүд бол монголчуудын өвөг гэдэгтэй маргах хүн гарч ирэхгүй болов уу гэж боддог.

-Олон жилийн турш цөхрөлтгүй хайсан олдвор танд бий юү?

-Археологич хүн болгон бичиг соёлтой холбоотой дурсгал илрүүлэхийг мөрөөддөг. Бичгийн дурсгал археологийн малтлагаас ховор олддог. Гэхдээ би их азтай хүн. Биечилж оролцоогүй ч удирдаж байсан судалгааны баг маань бичгийн гурван дурсгал илрүүлсэн.

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын хадны оршуулгаас олдсон, дээрээ бичигтэй хөгжмийн зэмсэг, Сүхбаатарын Онгоны Тавантолгойгоос олдсон дээрээ бичигтэй ясан тамга, Архангайн Өгийнуурын Тамирын улаан хошуунаас олдсон дээрээ бичигтэй хүрэл тамга юм.

-Археологийн хөгжилд тухайн түүх соёлын үнэт олдворыг хадгалах, хамгаалах тусгай зориулалтын орчин юу юунаас чухал. Гэтэл манайд ийм газар байдаггүй юм байна лээ. Үүнд танай хүрээлэн хэрхэн санаа тавьж байна вэ?

-Хадгалах орчин байхгүй нь үнэн. Археологичид энэ асуудлыг олон ч удаа хөндсөн. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун энэ тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тодорхой ажлуудыг санаачлаад, хийж байна.

Хамгийн гол нь төр засгаас хөрөнгө санхүүгийн хувьд дэмжих хэрэгтэй байна. Санхүүгийн нөхцөлийг нь сайжруулахгүй бол болохгүй. Энд Монголын хосгүй үнэт зүйлсийн жагсаалтад орсон зүйлс ч бий.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.114.75 Сайхан ярилцлага болжээ. Төрбат бол эрдэмтнийхээ хувьд ч хүнийхээ хувьд ч залуучуудад үлгэр жишээ болох сэхээтэн. Энэ хүнээс их зүйлийг монголчууд хүлээж байгаа. Ажилд нь амжилт хүсье.
69.195.45.140 Гэхдээ сүүлд нь хэн нэгийгээ матаад, дараах нь бас хэн нэгэнд жоохон долигноод явчлаа даа. Энэ л ярилцлагыг сонин болгочихлоо. :(
69.195.45.140 Сайхан ярилцлага болжээ. Танин мэдэхүйн шинжтэй.
112.72.11.134 Сэтгүүлч эгчээ сайхан ярилцлага болсон байна. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье
202.179.20.148 amjilt
202.179.12.6 Амжилт хүсье
122.201.31.216 Saihan yriltslaga bn. Setguulchid amjilt husey.