ЗУУРДХАН АМЬДРАЛТАЙ ЗУНЫ ХАТАД

2015 оны 10 сарын 21

Дэлхийд хамгийн түгээмэл тархсан шавьжийн нэг нь эрвээхий юм. Өнгө алагласан хээ бүхий гоёмсог далавчтай хээнцэр энэ шавьжийг галын бүжигчин, нисдэг цэцэг, зуны хатан хэмээн нэрлэх нь бий. Дэлхийд 100 мянга гаруй зүйл эрвээхий байдгаас манай оронд 35 овгийн 346 төрлийн 1000 гаруй зүйлийг бүртгэжээ.

Чамин хээ бүхий хос сарьсан далавчтай учир шавьжийн ангийн хайрсан далавчтаны багт хамруулдаг байна. Өнгө өнгийн дэгжин хувцас өмсөж, сайхан инээмсэглэл, анхилам үнэрээрээ орчноо чимдэг бүсгүйн адил эрвээхийний байгальд өгөх өгөөж ч арвин.

Тэд цэцэгт хөндий, ойн дундуур наалинхайлан нисэхдээ цэцгийн балаар хооллож, ургамлын тоос хүртээдэг юм. Үүний ачаар л бидэнд жимс, жимсгэнэ идэх боломж бүрддэг билээ.

Эрвээхийг шөнийн идэвхт буюу бүгэг (Moth), өдрийн идэвхт буюу булцуу сахалт (Rhopalocera) гэж хоёр дэд багт хуваадаг аж. Эдгээрийг сахалны бүтэц, амьдралын хэв маягаар нь ялгадаг. Тодруулбал, шөнийн идэвхт эрвээхийний сахал утаслаг, үсэрхэг, шивээлэг, ээрүүллэг зэрэг олон төрөл байдаг ба өдрийн цагаар өвс, ургамал дор нуугддаг.

Ийн бүгж нуугддаг тул Бүгэг хэмээх нэр авчээ. Харин өдрийн идэвхт эрвээхийний сахал ихэвчлэн толгойлог болон булцуулаг хэлбэртэй байна. Үзүүр нь бөөрөнхий шинжтэй учир толгойлог гэж нэрлэжээ. Эдгээр эрвээхий шөнийн цагаар амардаг юм.

Эрвээхий урт нарийн гуурс маягийн өвөрмөц эрүүтэй ба жирийн үедээ хуйларч, цагирагласан хэлбэртэй байна. Харин хооллох үед сунаж, урт болдог. Энэ төрх нь бусад шавьжнаас онцгойрон ялгарна.

Байгалийн түүхийн музейн шавьж судлаач Г.Цэцэгбадам “Эрвээхийний амьдралын гол зорилго нь үржилд орж, үр удмаа үлдээх юм. Тиймээс зарим тохиолдолд далавчгүй, амны эрхтэн нь хөгжөөгүй байдаг.

Тэдгээр нь үржилд орж, өндгөө шахаад, тодорхой хугацааны дараа үхдэг. Хэт их салхитай үед далавч нь сэмэрч гэмтэнэ, цочир хүйтэрвэл бээрээд үхэх тохиолдол ч бий.

Төрөл зүйлээсээ хамаараад эрвээхийний амьдрах хугацаа өөр өөр байдаг. Хамгийн ихдээ 30 хоног амьдардаг эрвээхий байхад зарим нь өвөл ичдэг учир 210 хоног амьдардаг. Ер нь судлаад үзвэл эрвээхий их өрөвдөлтэй шавьж шүү дээ” гэв.

Эр эрвээхий нь гоёмсог, тод өнгөтэй, хурдан бөгөөд хол нисдэг бол эм нь хэвлий томтой, анхилам үнэртэй байдаг нь эрэгчнээ татах гол шинж. Эрвээхий хүүхэд бүрэлдэн, төрөх хэмжээний хугацаанд өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе, шатыг дамжиж, бидний мэддэг чамин төрхөө олдог ч богинохон хугацаанд амьдардаг нь хөөрхийлөлтэй.

Мөн төрөл, зүйлээсээ хамаарч өндөглөх тоо харилцан адилгүй ба амьдрах хугацаа нь ч ялгаатай. Жишээлбэл, манай оронд Цагаан эрвээхийн овгийн (Pieridae) төлөөлөгч Долоогоны цагаан (Aporia cra¬taegi) эрвээхий түгээмэл тархалттай шавьж юм. Зургадугаар сарын 8-наас долдугаар сарын эхэн үе хүртэл сүрэг үүсгэн идэвхтэй нисдэг ба жилд нэг удаа өндөглөдөг байна.

Бие гүйцсэн эрвээхий үржилд орсны дараа аюулгүй газрыг сонгож, навчны дээр юм уу дор 20-200 ширхэг өндөг шахдаг. Өндөгний хөгжил ойролцоогоор 7-9 хоног үргэлжилнэ. Өндөгнөөс гарсан авгалдай 1-4 үе шат дамжин томордог. Авгалдай үедээ их идэмхий байх агаад ургамлын шүүслэг навчаар хооллодог байна. III-IV үеийн авгалдай нь хялгасан урт, шингэн үстэй, хар шар алагласан судалтай, өттэй адилхан хэлбэртэй харагдана.


Наймдугаар сард IV үеийн авгалдай шүлсээрээ навч хуйлан, орох орон бэлдэж, өвөлжих бэлтгэлээ хангадаг. Ингээд өвлийн улирал дуусаж, хаврын дунд сар болоход авгалдай ургамлын хатуу иш сонгон, түүн дээрээ хүүхэлдээлдэг (өттэй адил, үсэрхэг авгалдайн гадарга сарьсан биетэй болохыг хэлнэ) байна. Авгалдайн хөгжил 332 орчим хоног үргэлжилнэ.

Долоогоны цагаан эрвээхий хүүхэлдэйнээсээ гарахдаа эхлээд толгой, сахал, цээж, далавч, хамгийн сүүлд хэвлий хэсэг нь гарна. Хэсэг хугацааны дараа далавч нь бүрэн тэнийж, амьдралын идэвхтэй үе рүү шилждэг ба энэ нь ойролцоогоор 20 гаруй хоног үргэлжилдэг. Тэд ийм урт хугацааг туулж, бойжсоны дараа л хүмүүсийн нүдийг баясгаж, хүүхдүүдийн сэтгэлийг гижигдэж, байгаль эхдээ нисдэг цэцэгхэн нь болдог ажээ.

Жилийн ихэнх улиралд байгалийн олон шалгарал туулдаг учир маш цөөхөн хувь нь бие гүйцсэн эрвээхий болдог байна. Зун цагт нүд баясгаж, байгалийг тэтгэдэг зуурдхан амьдралтай, зуны хатдыг танилцуулахад ийм буюу.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД