Багахангай дүүрэгт алт илэрч, хүн амиа алджээ

2015 оны 10 сарын 21

Нийслэлийн Багахангай дүүргийн I хорооны нутагт Өндөртолгой гэх тахилгатай уул байдаг аж. Цагаан сар, наадмаар нутгийн иргэд тус ууланд гарч хийморио сэргээдэг гэнэ. Гэтэл тус уулыг гар аргаар алт олборлогчид ухан, сүйтгэж байгаа ажээ.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн долдугаар сарын дундуур дүүргийн иргэд металл хайгчийн тусламжтайгаар тус газар алттай болохыг мэдэж, мөн сарын 26-наас зөвшөөрөлгүйгээр олборлож эхэлсэн байна.

Эхэндээ дүүргийн ЗДТГ-аас алт олборлогчдыг тараахаар оролдсон ч чадаагүй агаад эмх замбараагүй байдал улам газар авсан аж. Тиймээс наймдугаар сарын 23-наас журам гарган, иргэдийг гар аргаар алт олборлохыг зөвшөөрсөн байна.

Гэвч тус дүүрэгт алт илэрснийг сонссон хүмүүс өөр газраас ч очсоноор барихгүй хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 29-ний 20.00 цагт нэг хүн шороонд даруулж нас барсан байна.

Дүүргийн ЗДТГ-аас гарсан журмаар иргэд 08.00- 20.00 цагийн хооронд алт олборлох ёстой аж. Гэтэл тэрбээр хориглосон цагт нууцаар алт олборлож байгаад амиа алдсан гэнэ. Хэдийгээр алт олборлох үйл ажиллагааг аравдугаар сарын 10-наас зогсоон 24 цагаар хамгаалалтын пост ажиллуулж буй ч иргэд хүч түрэмгийлэн орж, дахин хүн амиа алдах магадлалтай байгааг тус дүүргийн удирдлагууд хэллээ.

Учир нь газрын хөрс ихээр эвдэрч, гүнзгий жалга үүссэн байна. Мөн гар аргаар алт олборлосноос үүдэн малын бэлчээр сүйдэж байгааг онцолсон юм. Өнөөдрийн байдлаар тус уулын 1.9 га газрыг нинжа нар ухжээ. Нөхөн сэргээлт хийхээр иргэдээс 10.2 сая төгрөг хураасан боловч энэ нь хаанаа ч хүрэхгүй гэнэ.

Тиймээс нийслэлийн удирдлагууд өчигдөр ажлын хэсэг гарган, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар боллоо.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД