Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 19

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм. Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад РОЯАЛ ТЕЛЕВИЗ-ийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг, хөдөө орон нутгийн үзэгчид МАЛЧИН ТЕЛЕВИЗ-ээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэгдэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Өмнөх дугаарт УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийг танилцуулсан бол энэ удаад Баянгол дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог болон уг тойргоос УИХ-ын сонгуульд горилогчдын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


 

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙНХ БОЛГОСОН С.ЭРДЭНЭ


Улс төрд С.Эрдэнэ хэмээх хүн танил болоод уджээ. УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдон ажиллаж буй энэ эрхэм эдүгээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын албыг хашдаг, “давхар дээлтэй” хүмүүсийн нэг. Түүний талаар эерэг гэхээсээ сөрөг мэдээлэл олон гардаг.

“Вант улс” нь болчихсон гэдэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй тэрбээр 1995 оноос холбогджээ. 1995-2000 онд тус дүүргийн МҮАН-ын дарга, дараах дөрвөн жилд нь Засаг даргаар ажилласан. Үүнээс хойш дүүргийн АН-ын даргын албанаас бараг салаагүй. Бас тэнд гар хөлөө улам бэхжүүлсээр эдүгээ ИТХ-ын 41 гишүүний 21 нь түүний хүн болж чаджээ.

Тэр 2004-2008 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажилласныг уншигчид мэднэ. Тэгэхээр Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга нь эрхэм сайдын бие төлөөлөгч байсан Т.Сэр-Од хэмээх эмэгтэй бий. Мөн төлөөлөгчөөр нь эхнэр Н.Нинжбадгар, охин Э.Содгэрэл, хүү Э.Ганболор, хүргэн Г.Энхболд, хамаатан Б.Лхагвасүрэн нар ажилладаг.

Энэ жагсаалт түүнийг дүүргийн Засаг дарга байхад жолооч нь байсан Л.Баттулга, бие төлөөлөгч Э.Мандхай болон НДЕГ-т чин үнэнч албат нь асан хүмүүсээр үргэлжилсээр 21 болж буй аж. Баянгол дүүргийн Тамгын газрын хэд хэдэн хэлтсийн дарга нь НДЕГ-т ажиллаж байсан хүмүүс. Яамандаа ч энэ жишгээ нэвтрүүлсэн. Эерэг талаас нь харвал өөрийн хүмүүсээ хаядаггүй, өөд татдаг учраас тэр хүрээлэлдээ бол хүн чанартай мэт.

Гэвч ИТХ-ын 41 төлөөлөгчийн 21 нь түүний хүн байна гэдэг төрийн албыг төрлийнх болгосны тодоос тод жишээ мөн. Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газарт С.Эрдэнийн хүслээр ажил өрнөдөг гээд хэлчихэд буруудахгүйг энэ байдал харуулж буй юм.

Ингэтэл эзэн суусан юм бол тэр дүүргийг хөгжүүлж байна уу гэдгийг анхаарах ёстой. Тэр УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн сонгогчдын төлөөлөл. Тиймээс 2012 онд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай. АН хотод ялснаар “Өргөө”- гийн хажуугийн уулзварыг янзалж, түгжрэлийг бууруулсан, дүүргийн эмнэлэг шинэ байртай болсон гээд ярих хүн гарах байх.

Түүнд хувийн хөтөлбөр байгаагүй. АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөр энэ намын гишүүдийн нэрийн хуудас болсон. Уг хөтөлбөрт монгол хүн ажилтай, орлоготой, аюулгүй орчинд амар тайван амьдруулах нөхцөл бүрдүүлнэ хэмээн амласан. Гэвч гэмт хэрэг хамгийн их гардаг эхний хэдэн дүүргийн тоонд Баянгол багтсан хэвээр байна. Тэгэхээр аюулгүй орчин бүрдсэн гэхэд хэцүү.

Нөгөө талаас С.Эрдэнэ байсхийгээд л дүүргийнхээ ахмадуудыг өөрийн “Их тамир” амралтад амраадаг. Амарч, агаарт гарч буй ахмадуудад энэ мэдээж сайн хэрэг. Үүнийг нөгөө талаас нь аваад үзвэл тэднийг “худалдаж авах” гэсэн оролдлого гэж болно.

Уг амралтын газрыг сайдын эхнэр Н.Нинжбадгар 2009 оноос удирдаж буйг ИТХ-ын төлөөлөгчийн намтраас нь харж болно. Одоохондоо С.Эрдэнэ сайдын ээж уг ажлыг хариуцаж, үеийн “найзуудаа” хүлээн авч, дайлж цайлдаг сурагтай.

Тус дүүргийн удирдах байгууллагыг “базчихсан”, сонгогчдыг нь халамжлах нэрээр хахуульдах гэж оролдож буй эрхэм гишүүний нэр сүүлийн үед Ерөнхий сайдад дуулдах болов. АН-ын “Шонхор” фракцад тэр дэд ерөнхийлөгчийн албатай. Энэ фракцынхан Засгийн газраа задлах, хор найруулах чиглэлээр мэргэшчихсэн.

Нийслэлийн нэг дүүргийг эзлээд ханалгүй одоо Засгийн газар руу зүтгэж байгаа нь энэ эрхмийн амбийц, шунал агуу гэдгийг харуулж буй юм. Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчид хэн ажил хийсэн, хэн худал амласныг ялгаж салгах чадвартай. Удахгүй С.Эрдэнэд бодит дүнгээ тавих биз ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД