Ээгий минь, Ээгий минь, өмдөө гээдэг

2015 оны 10 сарын 18

Шадувлин зусландаа наян хэд хоноод хотод ирлээ. Ор хөнжил, дэр дэвсгэрээ янзалж байтал жижигхэн, богино, бор өмд гарч ирэв. Тэр өмдийг шүүрэн аваад үнэрлэв. Зусланд өвөөтэйгөө, бидэнтэйгээ цуг зуссан хонгор шар үр Эрхэсийн минь үнэр байна. Энхрийлж, үнэрлэж ханадаггүй үнэр даль, ганга шиг ханхийв.

Хүргэн Соёлоо, охин Тунгалаг хоёрын хүү Цолмон, бэр Туул хоёрын хүү Эрхэс минь дөнгөж есөн сартай. Өнөөдөрхөн л бид, зуслангаас бууж, салаа замын эрхээр гэр гэрийн зүг одохдоо шар үрээ үнэрлэж үнэрлэж явуулсан. Энэ жижигхээн бор өмд дахиад л шар үрийн минь үнэрийг санагдууллаа.

Ай хөөрхий үртэй хүн дуулж, үндэстэй мод найгана гэдэг энэ байх даа! Яасан ч цэцэн, ухаантай сайхан үг вэ! Би халаас нимгэндүү, буурай боловч нөгөө талаар бас ч гэж шаггүй баян хүн л дээ! Үр хүүхдийнхээ удам-ач зээ нараа үнэрлэж, тэднийхээ хайранд жаргаж яваа өвөө, эмээ нар яах аргагүй аз жаргалтай, буянтай буурлууд! Би хорь шахуу ач, зээтэй.

Тэдний минь үр хүүхэд-ачинцар, зээнцэр гээд арван таван эрвээхэй, арван таван цэцэг, арван таван шүтээнтэй хүн. Тэгэхээр намайг тэр болгон өвөө, эмээ нарт үл учрах ховорхон заяатай гэхэд юу нь болохгүй гэж! Арван хурууг хазахад адилхан өвдөнө гэдэг. Би ийм л арван таван амьтай хүн дээ! Өвөө, эмээ нарт үр хүүхдийнх нь үр хүүхэд бол бүгд адилхан аз жаргал нь, агь ганга нь байдаг.

Гэхдээ өвөө эмээ нарт нэг лайтай “дутагдал” байдаг. Тэд, үхтэл үр харам гээд үр хүүхдийнхээ үр хүүхдэд үүрд хамт байх мэт дэлүү шиг наалдаж орхидог.

Ийм хайрыг салгана гэж хэзээ ч байхгүй, яагаад ч болохгүй! Гэтэл хорвоо ертөнц дээр мөнх юм гэж юу байдаггүй билээ?! Юу ч л байдаггүй шүү дээ! Өвөө, эмээ нар нэг мэдэхэд л бүхнийг орхиод алсын замдаа гарчихсан байдаг биз дээ! Тэгээд л ард нь хоцорсон өнөөх эрх хонгор үрс нь тэднийгээ санаж нэг хэсэгтээ шаналж, гаслаж ганихардаг билээ! Үр хүүхдийнхээ ийм хүнд зовиурыг эцэг эхчүүд тэр болгон анзаардаггүй, дүлий дүмбэ оргиод л байж байх.

Амьдрал угаасаа биднийг ингэж орш! гэж заяасан юм уу. Эрхэсээгээ би “Ээгий” гэж дууддаг. Тэр минь өвөөгийнхөө ийн нэрлэсэнд дасчихсан. Хэзээ, хаанаас ч “Ээгий” гэхэд тэр минь нүдээ жоонийлгож, эрвээхэй шиг дэгэж дэрвэж гарна. Түүний тийнхүү дэрвэхийг нь хэн ч дуурайж чадахгүй, хараад ч чухам ханашгүй.

Ээгийгийн зунжин гаргасан элдэв ааш араншинг тоочоод баршгүй. Өвөө нь сахлаа авалгүй тэврээд үнсэх гэвэл түлхээд ойртуулахгүй. Сахлаа хусчихаар харин их сайхан аашлаад л хацарт наалдаж орхино. “Ээгий дуулаарай” гэвэл “О-оо-оо-о!...” гэж уртаар татуулж ирээд л дуулах. Нэг өглөө тэр минь хийн хэт (зажигалка) зуучихсан харагдана.

Сандарч очоод, салгаж аваад, халбага бариултал “Үүгээр чинь яах юм бэ” гэсэн аятай уурлаад шидэж байгааг нь хараад бид ёстой л элэг авахын үлгэрээр баярлан инээлдсэн дээ. Зуны зунд ач зээ, ачинцар зээнцэрүүд минь ээлжээр бидэнтэй зусланд гардаг. Урьд нь Төгөө минь (Төгөлдөр минь) биднийг зусланд хоёр гурван жил ингэж жаргаасан.

Шадувлин зусланд өнгөрөгч зун гарсан Ээгийнхээ ийм үйл явдлыг өгүүлэвч баршгүй. Зуны сар зургаа биш юм чинь хүссэн хүсээгүй бид зуслангаас буудаг. Ачинцар зээнцэрийн минь хамгийн бага нь болох Ээгийтэйгээ ийнхүү нэгэн зуныг барсан нь бидний аз жаргал, баяр баясгалан байлаа. Хотод ирээд хэдхэн хоноод Ар-Жанчивлин рашаан сувилалд явах болов.

Явахаасаа өмнө хонгор бяцхан Эрхэсээ үнсээд явахгүй бол амралтын хэдэн хоногийг барахад тун амаргүй. Зээ охин Бужийтайгаа (Хулантайгаа) цуг Соёлсайханыдаа очлоо. Хулан минь Эрхэсийн аав Цолмонгийн төрсөн эгч. Хулан минь өвөөгөө тойлж, надтай цуг амьдардаг юм. Эрхэс минь бид хоёрыг хараад инээд алдаад л эрвээхэй шиг өнөөх ганган дэвэлтээрээ дэвж гарав. Ээжийнхээ гар дээрээс над руу зүтгэв.

Би сахлаа хусчихаад очсон болохоор тэр минь хацраа наагаад санаа алдаж байна. Энэ байдлыг хараад, баярлаад, нулимс унах шахав. Үр минь намайгаа хэдхэн хоног хол байхад хачин саначихсан байна шүү дээ! Ач зээ, ачинцар зээнцэр болон эмээ өвөө гэдэг буурлууд бид тэдэндээ ийм ариун хайраар яах ч аргагүй холбогдчихсон байх... Энүүн шиг ариун, нандин хайр гэж байдаг юм уу?! Магадгүй, хүн төрөлхтний хамгийн ариун, хамгийн эрхэм хайр энэ л байх шүү.

Шар үр минь, эгч нь бид хоёрын барьж очсон гялгар уутыг их сүрхий харж байна. “Та хоёр надад юу авч ирэв” гэж байгаа нь тэр. Ингээд ирэхээр л хүүхдийн ухаан гэдэг мөн лутаа! Хулан минь дүүдээ аваачсан бэлгээ гаргаж өгсөн. Тэр бэлэгтэй цуг өнөөх бор өмд гараад ирэв. Тэр бор өмдийг аваад Би “Май, өмдөө гээдгээ!” гээд өгсөн юм.

Огтын гэнэсэрэггүй хэлсэн “өмдөө “гээдэг” гэсэн энэ л үг, намайг энэхүү дурсамжийг бичих шалтгаан болсон юм л даа. Одоо, тэр тухай өгүүлье. 1940-1950 оны хооронд манай улсын мал ба хөдөө аж ахуйн тэргүүний сайчуулын дөрвөн удаагийн зөвлөлгөөн болсон. Анхны арван жилийн сургуулийн сурагч, Монгол Улсын анхны их сургуулийн анхны оюутан тэгээд төрийн албан хаагч болсон Бааст би тэдгээр зөвлөлгөөнд дөрвүүлэнд нь оролцсон байгаа юм.

Түүгээр барахгүй, зөвлөлгөөнүүдийн үйл явцаас сонирхсон зүйлээ тэмдэглэж байсан байгаа юм. Зөвлөлгөөн Бөмбөгөр ногоон театрт болно. Өөр, олон хүн багтаачих боломжийн сав ч ховор байсан байх. Зөвлөлгөөн олон өдөр үргэлжилж, бүх аймгаас ирсэн төлөөлөгч бүрээр үг хэлүүлнэ. Зарим нь хэлэх үгээ бичгээр өгнө.

Зөвлөлгөөнд үг хэлэх хүн гүйцэхээр өнөөх бичгээр өгсөн төлөөлөгчдийн үгийг уншиж сонсгоно. Тэгэхдээ, бичгээр өгсөн төлөөлөгчдийн үгсийг уншуулж сонсох уу, яах вэ? гэж хуралдагсдын саналыг асууна. Тэд сонсоё гэнэ. Тэгээд бүгдийг нь уншдаг байлаа. Зөвлөлгөөний төгсгөлд маршал Чойбалсан юм уу, Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн (тэр үед НТХ-ны Улс төрийн товчоо гэдэггүй байсан байх) аль нэг томхон нь, зөвлөлгөөний үр дүн, үйл ажиллагааг дүгнэж үг хэлнэ.

Зөвлөлгөөн ингээд дуусна. Дараа нь малчдыг шагнасан Улсын Бага Хурлын Тэрг үүлэгчдийн тогтоолыг (зарлиг гэдэггүй байсан) Улсын Бага Хурлын Тэрг үүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр гуай уншина. Баяр гуай бие томтой, тос даасан сайхан царайтай, дуу хоолой цээлхэн, ааш эелдэг сайхан хүн байсан.

Тэгээд Баяр гуай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах (тэр үеийн хамгийн том шагнал энэ одон байсан байх) Малчдын нэрийг уншиж байснаа, Завхан аймгийн нэг малчны нэрэн дээр гацаж, “өө-өө” гээд бүдчээд, цааш эргэн (цаана нь тогтоол машиндсан бичээч, Бага Хурлын бичиг хэргийнхэн, шагналын одон медаль өрсөн (бэлдсэн) хүмүүс сууж байх) хүүхээд! Энэ хүний нэрийг хэн гэж байгаа юм бэ? гэж асуухад цаадуул нь: “Тийм ээ, дарга аа! “Өмдөө гээдэг” гэсэн нэртэй хүн байгаа юм” гэж хэлсэн.

Баяр гуай төлөөлөгчид рүү эргэж хандаад “Өмдөө гээдэг” гэдэг нэрийг хачин хурдан хэлж билээ. Тэгэхэд хүмүүс их л инээлдэн шуугиж байсансан. Ард олон дээр үед хүүхдийнхээ байр байдлыг харж, таарсан, энхрийлсэн, өхөөрдсөн нэр өгдөг нь бараг түгээмэл шахуу байсан юм биш үү! Миний нэр ч тэр заншлаас үүдэлтэй байх.

“Ээгий минь, Ээгий минь!” гэсэн энэ өчүүхэн дурсамжийг бичсэн минь ийм учиртай. Энэ дурсамжийг бичиж суухдаа Ээгийдээ очиж, түүнийгээ л тэврэн үнсэх гэж хачин яарч суулаа!

Б.БААСТ Ар-Жанчивлин.

2015.09.27

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД