ТОМ болох ЦАГ

2015 оны 10 сарын 18

Хэзээний хүүхэд зангаараа бид жаргалтай инээж байна. Амьдралын бараан, уур бухимдал, ажлын хүнд хэцүү, амжилт ч энэ инээдийн цаана нуугдаагүй. Харин мартагдчихдаг. Гэгээлэг цагийн жаргалтай дурсамжаар аялан, тулгарч буй бэрхшээлүүдээ мартаж, хүүхэд үедээ оччихсон юм шиг болдог юм, тэднийг харахаар.

Хэлүүлэлтгүй бие биеэ ойлгох зөн совин бидэнд бий. Учир нь нэгэндээ хэлбэр үзүүлж, сайрхаж үзээгүй хэтэрхий багын найз. Бодож, санах зүйлгүй, айдасгүй үе минь “ханхалдаг” учраас тэднээр дамжуулан цаг хугацаагаар аялах дуртай. Үнэндээ найз нөхдийн цөөхөн нь үнэнч. Хэн нь яг жинхэнэ анд гэдгийг зовох үедээ мэдэж болно. Бидний мөрөөдөл мөнгө байгаагүй.

Харин яаж ч зовж, жаргасан нэг нэгнээ мартаж, хаяхгүй, ямар ч эсэргүүцлийг давж өөрийнхөөрөө үлдэх байлаа. Мөн цангинасан инээд, баяр баясал олж болох тэр л үеэ хадгалах. Уг нь хамгийн гэсэн маяг “хадаагүй” нөхөрлөл биднийх. Харамсалтай нь, өдөр ирэх тусам хэн нэг нь өөрчлөгдөж, бүхнийг ашгийн нүдээр хардаг болчихож. “Энэ надад юу өгөх бол, энэ надад юугаар туслах бол” гэж хүлээдэг гэнэ.

Эсвэл бид нэгнийхээ аз жаргалын “төлбөрөөс” хулгайлагчид гэсэн. Тусалж байна гэж бодсон бүхэн нэг л мэдэхэд буруу алхам болж, дургүйг нь хүргэдэг болчихсон. Одоо бүгд тус тусдаа амьдралтай. Ертөнцийн замаар юмс хувьсаж буйг дагаад бид ч өөрчлөгдөж, ууртай, том эгч, ах болсоор. Өөрсдийгөө цаг хугацаанаас өөрийн эрхгүй харамламаар.

Гэсэн ч бяцхан гэгдэхээргүй нөхөрлөл минь амархан дуусахааргүй гэж бодно. Тиймээс “хиртэй” бодлоо түр хаяад жаргалтай инээн уулзах ч бодит байдал төдийлэн өөрчлөгдөхгүй. Уг нь ойлгоогүй хэрнээ “Амьдрал ийм л байдаг” гээд инээсэн чигээрээ “Анхааралтай байх”-ыг сургах цөөн хэдэн гэнэн үгийг нь хүлээсэн юм. Шантрал, аз жаргалын аль алийг хуваалцсан учраас багагүй итгэлээ тэдэнд үлдээсэн хэрэг. Ингэж явсаар одоо тэднээс ганцхан нь үлдсэн.

Гэсэн ч тэр заримдаа хуурамч болж, зарим үед бүр дайсан болно. Өмнөх болон одоогийн тэр хоёрын хооронд өчнөөн ялгаа гарсныг ажиглаж, амьдрал түүнийг яагаад ийм болгочихов гэсэн бодол байнга төрдөг. Би ч тийм болсон байх. Хүн хэзээ том болдог бол. Нас бол тоо. Хэдэн настай байсан ч хүүхэд хэвээрээ байж болно гэж итгэдэг. Бага насыг нь сануулдаг бүхэн устаж, амьдралын хар бараанд гүн уусахын цагт л том болдог гэж боддог. Бүгд ийм замаар явах болж, том болох цаг минь ирэв бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД