Хилээр орж ирээд тухайн улсын иргэдийг байцааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

2015 оны 10 сарын 16

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Гаалийн газарт манай иргэдийг Буриадын ДЯЯ-ны харьяа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хүмүүс байцаасан, мөн тус Гаалийн газрын дарга тэргүүтэй хүмүүсийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгахаар болсон тухай “Өнөөдөр” сонин мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай холбогдон, зарим зүйлийг тодрууллаа.

-Алтанбулаг сум дахь Гаалийн газрын ажилтнуудыг хуулийн байгууллагынхан шалгасан байна. Ямар учраас тэднийг байцаасан юм бол?

-Гаалийн ерөнхий газрынхан энэ асуудлыг мэдэхгүй. Ийм хэрэг болсныг би л мэдэж байгаа. Гэхдээ болсон явдлын талаарх бодит мэдээлэл надад алга. Би Сэлэнгэ аймгийн хуулийн байгууллагаас “Танай байгууллагад ийм хэрэг гарсан байна” гэсэн зүйл л сонслоо. Түүнээс биш юу болсон, ямар хэргээр байцаасныг нь мэдэхгүй.

-Оросын хууль, хяналтынханд тусалж, орон байраар хангасан гэх асуудалд ГЕГ-аас ямар арга хэмжээ авах вэ?

-Бид ГЕГ-ын Хуулийн болон Зөрчлийн хэлтсээс хүн томилж, болсон явдлыг тодруулах гэж байна. Мөн үнэн, худлыг нь тогтоолгоно. Болсон явдлыг өөрийн хүмүүсээр тодруулуулахгүй бол бидэнд ямар ч мэдээлэл алга. Сэлэнгийн Гаалийн газарт цагдаа, тагнуулынхан оччихсон, арга хэмжээ авч байгаа юм шиг байна лээ. Ямартай ч хуулийн байгууллага үнэн, худлыг нь тогтоох л юм гэсэн. Гэхдээ бид хэргийн талаар өөрсдөө давхар тодруулна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Ж.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Алтанбулаг дахь Гаалийн газрын байранд Буриадын хуулийн байгууллагын хүмүүс хэнээс, ямар зорилготой мэдүүлэг авсан юм бол?

-ОХУ-аас хоёр хүн ирээд хүмүүсээс байцаалт авсан нь үнэн. Ингэхдээ гаалийн зуучлалын үйлчилгээ явуулдаг хувийн компанийн хоёр хүнийг байцаасан юм билээ. Гаалийн зуучлагч байгууллага гэдэг нь Сангийн яам, ГЕГ-ын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгж байдаг юм. Ийм байгууллагын хүмүүсийг тусгай сургалтад хамруулж, гаалийн мэдүүлэгчийн үнэмлэх олгодог. Тэр хүмүүс хилээр орж, гарч байгаа бараа, тээврийн хэрэгслийг аж ахуйн нэгж, иргэдийн өмнөөс мэдүүлдэг. Хүмүүс тэр бүр гаалийн хууль, тогтоомжийг мэдэхгүй, мэдүүлэг бичих боломжгүй учраас энэ хүмүүсээр холбуулдаг юм. Уг хэрэгт холбогдуулан аймгийн тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна. Энэ талаар тайлбар өгсөн хүмүүс юм уу, цагдаагийн байгууллага л мэдээлэл өгөх байх. Манайд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Байцаалт өгч байхад нь манайхан хараад зогсож байсан уу, үгүй юү гэдгийг мэдэхгүй.

-Сэлэнгийн Гаалийн газрын ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн?

- Тэр хоёр хүнийг хэдэн цагийн үед орж ирсэн зэрэг мэдээллийг аймгийн хуулийн байгууллагаас авсан. Түүнээс биш гаальтай холбоотой зөрчил гарсан юм байхгүй. Манай хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа явдал ч байхгүй. Хуучин даргаар ажиллаж байсан Б.Батхишиг болон бусад хүмүүсээс тайлбар л авсан юм билээ.

-Таны өмнө байсан Б.Батхишиг даргыг энэ асуудлаас болж ажлаас нь халсан гэсэн мэдээлэл бий?

- Нэг өдрийн тушаалаар нэлээд олон Гаалийн газрын даргыг өөрчилж томилсон. Гэхдээ ийм асуудлаас болсон гэж бодохгүй байна.

-Та өмнө нь гаальд ажиллаж байсан уу?

- Би гаалийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

-Гадаадын хуулийн ажилтан хилээр орж ирээд, гаалийн мэдүүлэгчийг шууд байцааж болдог юм уу?

-Болохгүй. Хилээр орж ирээд тухайн улсын иргэдийг байцааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Цаашдаа бусад улсын хууль, хүчний байгууллагын хүмүүс байцаалт авах гэвэл дээш нь мэдэгдэж байх хэрэгтэй гэж ажилтнууддаа анхааруулга өгч ажиллана.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.120 Ene door bichsen mal oros ahnar gechjee, ter orosuudiig chin Zuchiin uugan huu Bat baiguulsan yum, Altan Ord buyu Golden Horde iin ezelj zahirch bsan uudam tald ezen suusan heden slovakiin guilgachid shuu
172.56.20.251 Орос ах нар байгаагүй бол та нар өдийд байх юм уу? Орос ах нарыг бүү оролдоод бай.
37.220.133.161 Orosuud denduu dabarch baigaa yum bish uu. Hunii nutagt ochij baitsaalt hiigeed baihdaa yahab dee.