АРАБУУД гурван сумаас 22 шонхор бариад байна

2015 оны 10 сарын 16

Өвөрхангай аймгийн нутгаас арабууд 22 шонхор бариад байгаа гэнэ. Үүний 10-ыг Уянга, наймыг Хайрхандулаан, дөрвийг Нарийнтээл сумаас “олзолжээ”. Тус аймгаас энэ оны наймдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 15 хүртэл идлэг шонхор барих зөвшөөрлийг БОНХАЖЯ өгсөн байна. Мөн Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сум дахь агнуурын бүс нутгаас таван угалз, хоёр тэх агнахаар шийдвэрлэсэн бол БОНХАЖ-ын сайд тавдугаар сарын 26-нд дахин нэг тушаал гаргаж, Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунаас хоёр угалз агнахыг зөвшөөрчээ.

Улаанбаатар хотын иргэд Өвөрхангайн нутаг дэвсгэрээс хууль бусаар шонхор барьсан хэрэг өнгөрсөн жил гарсан бол он гарсаар хууль бусаар ан хийсэн хүн бүртгэгдээгүй аж. Дашрамд дурдахад, Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунд аргаль хонь, Богд сумын Бага Богдын нуруунд янгир, Хужирт, Есөнзүйл сумын Зүүнхайрхан, Дөлгөөн ууланд халиун буга хамгаалах зорилгоор “Цахир хайрхан”, “Тахилгат мандаа”, “Шовх хайрхан”, “Баяндөлгөөн хоршоо” гэсэн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД