“МӨНГӨ ХҮҮЛЭГЧ”

2015 оны 10 сарын 15

Сүүлийн жилүүдэд будант Альбион спортын томоохон наадам, тэмцээн уралдаануудыг зохион байгуулж “мөнгө хүүлэх” ажилд гаршаад байна. Өдгөө тус улсад шилдэг регбичид, энэ спортын үнэнч фэнүүд цугларч, цөс хөөргөсөн тулаануудыг үзэн баяр бахдал эдлэн, басхүү ялагдлын гашууныг амсаж байна. Зарим шинжээчдийн үздэгээр регбийн ДАШТ олимийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа ордог том үйл явдал. “Лодон-2012” олимпийн ЗБХ-ны спорт хариуцсан тэргүүн асан, өдгөө “Rugby World Cup-2015”-ын Хөгжлийн захирал Нил Сноуболл “Регбийн ДАШТ англичуудын хувьд өнгөрсөн жил Бразилд болсон ДАШТ шиг л чухал үйл явдал” хэмээн тодотгожээ. Ямар ч хурлын үеэр ноён Нил өнгөрсөн олимпийн үр дүнг ярих дуртай. “Нэгдүгээрт бид олимпийн тэмцээн уралдааныг дээд зэргийн хэмжээнд зохион байгуулахыг хүссэн. Үүний үр дүн цаашид мэдрэгдсэн. Их Британийн баг нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн бол Лондон хот ойрын хэдэн жил ямар ч тэмцээнийг нүүр бардам зохиох спортын байгууламжаа бэхжүүлж чадсан юм. Тоогоор хэлэх юм бол 2020 он гэхэд олимпийн эдийн засгийн ашиг 28 тэрбум ам.доллар болох бөгөөд дээр нь 4 тэрбум доллараар ч нэмэгдэх бололцоотой. Регбийн ДАШТ-ийг зохион байгуулах нь санхүүгийн хувьд олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг гүйцэхгүй ч зохион байгуулагч хотдоо багагүй ашиг авчирдаг. Олимпийг зохион байгуулахад бид Афин, Сидней, Бээжингийн олимпийг зохион байгуулсан туршлагатай хүмүүсээс суралцсан. Одоо бид “Рио-2016”-тай холбоотой ажиллаж байгаа” гэж Нил өгүүлжээ.

*** *** ***

Регбийн ДАШТ зохиох нь олимп явуулахаас мэдээж ялгаатай. Олимпийн бэлтгэл ажилд ОУОХ, тухайн олимпийг ЗБХ хяналт тавьдаг. Харин регбийн Дэлхийн цомын эзэн улсыг тодруулахад Дэлхийн регбийн холбоо гол шийдвэр гаргадаг. Гэхдээ тус холбоонд регбийн Дэлхийн цомын холбоо, Rugby Football Union томоохон үүрэг гүйцэтгэдэг аж.

*** *** ***

Зургаан долоо хоногийн турш 20 баг 48 тоглолт хийнэ гэж бодохоор регбийн ДАШТ-ийг зохион байгуулах нь амар биш. Английн хөлбөмбөгийн долоон цэнгэлдэх хүрээлэнд энэ удаагийн тоглолтууд болж байна. Зарим талбай багагүй асуудал үүсгэсэн нь нууц биш. Тухайлбал, Кардифф дахь Millennium гэхэд л 1999 оны Дэлхийн цомын шигшээ тоглолт болсноос хойш өнгө жавхаа нэмээгүй юм. Түүнээс хойш бараг л мартагдсан энэ хэсэгт камерийг өөрчлөх, хүндэт зочдын суудал, сэтгүүлчдийн байрлах газрыг шинэчлэхээс эхлээд багагүй бүтээн байгуулалт хийжээ.

*** *** ***

Гурван жилийн өмнө Лондон хотын аюулгүй байдалд хяналт тавьж байсан Крис Алисон регбийн ДАШТ-д ч бас ажиллаж байна.

*** *** ***

Зохион байгуулах хороо регбийн хорхойтнуудаас олох орлого хийгээд сурталчилгаагаа мартсангүй. Тэмцээн эхлэхээс 500 хоногийн өмнө “500 days to go” арга хэмжээг тэмдэглэж, олон нийтэд сурталчилсан юм. Хамгийн гол нь ДАШТ-ий уур амьсгалыг мэдрүүлэхийг зорьсон гэж тэд тайлбарлаж байв. Энэ ажиллагаанд залуу регбичид, Английн сургуулиудын регбийн баг олноор оролцжээ. Мөн регбийн ДАШТ эхлэхээс 1,5 жилийн өмнө Алтан цомыг 15 улсаар аялуулсан билээ.

*** *** ***

2014 оны тавдугаар сарын 16-нд дэлхий даяар регби сонирхогч фэн клубүүдийг холбох ажиллагаа болж, тэмцээн эхлэхээс жилийн өмнө худалдаа наймаа эхэлсэн. Билет нь ч сайн борлогдсон аж. ДАШТ-ий өмнөх сорил тэмцээнийг өндөр төвшинд явуулсан. 2014 оны сүүлчээр болсон Англи Самоагийн тоглолтыг 80 мянган хүн үзжээ. 20 мянган хүнээс 6000-ыг шигшиж сайн дурын ажилтнаар ажиллуулсан байна.

*** *** ***

Регбийн ДАШТ-ий тасалбар борлуулалтаас 2,3 сая фунтын ашиг олсон нь хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа орох (2014 оных 3,4 сая, 2006-3,3 сая, 2010-3,17 сая, 2002-2,7 сая) үзүүлэлт болов. Зохион байгуулагчид 6 долоо хоногийн турш гадаадын зочид, жуулчдаас нэжгээд фунтын ашиг олох боломжтой гэж тооцоолжээ. Хэрэв орлого олох тооцоо бүхэн ёсоор болбол регбийн ДАШТ 2,2 тэрбум фунтийн ашиг олж болох юм.

Б.ӨГДЭЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД