СЭТГЭЛИЙН ЭГШГИЙГ ТОРГООР “ШИВНЭЖЭЭ”

2015 оны 10 сарын 15

Уламжлалт соёл, өвийг сурталчлах, орчин үеийн дүрслэх урлагийн төрлүүдийг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “976” уран зургийн галерейд өвөрмөц үзэсгэлэн дэлгэжээ. Зураач, дизайнер Б.Дэлгэрцэцэг “Торгон шивнээ” үзэсгэлэндээ торгон дээр зурсан 26 бүтээлээ тавьсан байна.

Монголд ийм төрлөөр урладаг хүн цөөхөн. Тэрбээр ӨМӨЗО-ы Хөх хот, Өмнөд Солонгосын Сөүл хотын Ёнсейн их сургууль, ОХУ-ын Москва хотын Дизайн технологийн их сургуульд зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байжээ. Харин эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэн нь энэ аж.

Торгон дээр зурах урлаг нь Дундад Азиас гаралтай юм. Үзэсгэлэнгийн танхимд ороход нэг л өнгөлөг, зөөлөн уур амьсгал угтав. Ногоон, шар, улаан өнгө зонхилсон зургийг ханаар эгнүүлэн өлгөжээ. Саан хээтэй гоёмсог хүзүүний алчуур зэргийг ч донжийг нь олон байрлуулсан байлаа.

Торгоны сайхныг орон зай, өнгө, дүрслэлээр улам баяжуулжээ. Бүсгүй хүн болгон сайхан үнэртэй цэцгэнд дуртай. Түүний бүтээлүүдийн дийлэнхэд цэцэг дүрсэлсэн байх аж. Мөн монгол ахуй, хувцас хэрэглэл, хээ угалзыг ч бүтээлдээ шингээж өгөхийг хүсдэгээ зураач Б.Дэлгэрцэцэг хэлж байлаа.

Тэрбээр 2010 оноос хойш торгон дээр зурж байгаа гэнэ. Хүр хорхойн нимгэн торгон дээр, маш нарийн бийрээр зурдгаас үзвэл энэ бол нь зөвхөн эмэгтэй хүнд зориулсан урлаг гэмээр. Энэ төрлийн торгон дээр зурах нь нарийн арга ажиллагаатай ч гэлээ цаанаа л өөр мэдрэмж төрүүлж, гайхалтай бүтээл болдог гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Юмсыг өөр өнцгөөс харж, мэдрэх хүсэлдээ хөтлөгдөн, сэтгэлийн хэмнэлээр амьдралын айзам хөг эгшгийг уламжлалт дүр дүрслэлээр илэрхийлэхэд торгоны уян зөөлөн, чамин тансаг байдал уран бүтээлчид ихэд нөлөөлсөн учир үзэсгэлэнгээ “Торгон шивнээ” хэмээн нэрлэжээ. “Байгаль дэлхийг нарийн хэмнэлтэй хээ хуар болгон, далд утга, донж төрхөөр илэрхийлэхийг хүссэн.

Өнгө, зураасны уран хэллэгээр бүтээл туурвих урам зоригоо авдаг. Энэ үзэсгэлэн нь миний сэтгэлийн нандин мэдрэмжийг торгон дээрх дүрслэлээр дамжуулан хүргэж буй шивнээ юм” гэж тайлбарласан.

Зураач Б.Дэлгэрцэцэг зөвхөн хананд өлгөх бүтээл туурвихаас гадна энэ урлагийг хэрэглээтэй холбохоор зорьжээ. Тэрбээр хүзүүний торгон ороолтыг дахин давтагдашгүйгээр хийж байгаа гэнэ. Торгон будаг нь усанд өнгө чанараа алдаж, уусдаггүйгээрээ давуу талтай аж.

Жиргэн нисэх шувуу, үзэсгэлэнт байгаль гээд хүссэн бүхий л зүйлээ торгон ороолтон дээр зуруулах боломжтой юм. Үзэсгэлэнг сонирхогчдын ихэнх нь бүсгүйчүүд байсан бөгөөд хүзүүний алчуурыг бараг л бүгд зүүж үзэж харагдлаа. Хүзүүний алчуур нь өнгө будаг, хэмжээнээсээ хамаараад 70-200 мянган төгрөгийн үнэтэй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
87.14.158.190 En la luz cristalina.Mientrasla luz cubreel suspirosiento el avecantar lamelódica rima.Francesco Sinibaldi
37.220.133.161 Uran buteeld ny ulam ih amjilt husie.