САНГИЙН ЯАМНЫ ХОЁР МЭРГЭЖИЛТЭН загас үржүүлгийн ажлыг үгүй хийжээ

2015 оны 10 сарын 13

Загас үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг “Хилэм ост” компани 6000 жараахай оруулж ирэхээр болсноо хэдэн сарын өмнө мэдэгдэж байв. Гэтэл тус компанийн оруулж ирсэн жараахайнууд хил дөнгөж даваад л үхжээ.

Энэ талаар тус компанийн захирал Б.Алтаншандаас тодруулахад “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд бид өнгөрсөн зургадугаар сарын 4-нд Германаас хилэм загасны 20.000 жараахай оруулж ирсэн нь бүгд үхсэн.

Үүний дараа долдугаар сарын 23-нд ХБНГУ-аас 2500 жараахай явуулсан нь мөн л хүчилтөрөгчийн дутагдлаас болж хорогдсон. Гаалийн байцаагч саатуулснаас энэ бүхэн үүдэлтэй. Саатуулах болсон шалтгаан нь Сангийн яамтай холбоотой” гэж ярьж буй юм.

ГААЛЬ БУРУУТАЙ ЮУ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын карго-терминал дахь гаалийн хяналтын бүсэд өнгөрсөн зургадугаар сарын 4-ний 07.51 цагт буусан ОМ-136 рейсийн онгоцоор “Хилэм ост” ХХК-ийн нэр дээр дөрвөн хайрцаг 83 кг амьд жараахай иржээ.

Тухайн өдрийн жижүүр, гаалийн улсын байцаагч Д.Сайнбуян уг бараанд Гаалийн тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу түргэвчилсэн бүрдүүлэлт хийж, 08.20 цагт улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон аж. Зөвшөөрлийн дагуу нисэх буудлын карго-терминалын агуулахын нярав н.Одгарав жараахайнуудыг “Хилэм ост” ХХК-ийн менежерт олгосон гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Тэгвэл энэ талаар гаалийн байцаагч Д.Сайнбуян “Зургадугаар сарын 3-4-нд шилжих шөнө би жижүүр байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. 3-ны 21.00 цагт ажлаа хүлээн аваад маргааш өглөө нь хилэм загасны 83 кг амьд жараахайг “Хилэм ост” ХХК импортлох түргэвчилсэн бүрдүүлэлтийн бичиг баримт байсантай танилцсан.

Энэ талаар ахлах байцаагч Ариунтуултай утсаар холбогдон лавлахад амьд учраас гаалийн хяналт, шалгалтаа сайн хийж, хилээр яаралтай нэвтрүүлэх зөвлөмж өгсөн” гэжээ. Мөн тэрбээр “Шалгалт хийхээр хайрцгийг задалж үзэхэд жараахайнууд тусгай гялгар уутаар битүүмжилж, вакуумжуулсан орчинд байсан. Тус компанийн ажилтныг шалгалтын үеэр байлцуулж, үхсэн түрс байгаа эсэхийг хайрцаг тус бүрээр нь шалгасан. Бүгд амьд байсан.

Тухайн ажилтан ч “Бүгд амьд, асуудалгүй” хэмээн зөвшөөрч байсан. Энэ үед тухайн компанийн ажилтанд хэрэв нислэгийн үеэр үхэж, үрэгдсэн бол коммерийн акт бичиж, гаалийн зүгээс хорогдол тооцдог гэдгийг ч тайлбарласан” гэж ярив.

Үүний дараа долдугаар сарын 23-ны 00.20 цагт Улаанбаатар хотод буусан ОМ-224 рейсийн онгоцоор мөн тус компанийн нэр дээр арван хайрцаг 160 кг хилэм загас иржээ. Уг бараанд тухайн өдрийн гаалийн улсын байцаагч Б.Баасанжаргал хяналт тавьж, түргэвчилсэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл 09.20 цагт олгосон байна. Үүний дагуу нисэх буудлын карго-терминалын агуулахын нярав Х.Батчулуун барааг эзэнд нь олгожээ. Барааг эзэнд нь өгөх үеэр бүгд амьд байсан гэнэ.

САНГИЙН ЯАМ БУРУУТАЙ ЮУ

Тэгвэл “Хилэм ост” ХХК-ийн зүгээс “Бүх хайрцгийг нээж үзээгүй, эхний хайрцгийг нээгээд, дээр нь байсан хэдэн жараахайг нь харсан. Угаасаа ч вакуумжуулсан жараахайг нээж болдоггүй юм” гэлээ. НҮБ болон Засгийн газар хоорондын гэрээнд бүх төрлийн татварыг Монгол Улсын Засгийн газар хариуцна, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрхийг гэрээ хийсэн байгууллага эдэлж, гаалийн болон бүх төрлийн татвар, төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэлтэй гэж албаны эх сурвалж хэлж байна.

Тиймээс уг ачаанаас татвар авах ёсгүй байж. Татвараас чөлөөлсөн тухай албан бичиг Сангийн яамнаас гаргаж өгөх ёстой ч, түүнийгээ “Хилэм ост” ХХК-д олгоогүй учраас гаалийн байгууллага саатуулсан аж.
“Хилэм ост” ХХК-ийн ажилтан А.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сангийн яамны ажилтнуудын буруугаас болж жараахай үхсэн гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Жараахайнууд амьд ирэх хугацаа нь минут, секундээр хэмжигдэж байдаг. Тэднийг цаг алдалгүй хүлээж авахад Сангийн яамны Зээл, тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Болороо, Амарбат нарын хүнд суртал, хариуцлагагүй, хайнга байдал шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Зургадугаар сарын 4-нд ирэх 20 мянган жараахайн талаар ХХААЯ-наас өмнөх өдөр нь Сангийн яаманд мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй. Улмаар Сангийн яамны мэдэгдэл байхгүй гэдэг шалтгаанаар гаалийн байгууллага жараахайнуудыг гурван цаг өгөөгүй. Бид барьцаанд гурван сая төгрөг түр байршуулан ачаагаа авсан боловч хугацаа алдсан. Үүнээс болж жараахайнууд үхсэн.

-Гаалийн татвараас чөлөөлөх баримт өгөхгүй байсан юм уу?

-Зургадугаар сарын 5-нд Сангийн яамны мэргэжилтэн Болороод үхсэн жараахайн импортын баримт, дагалдах гаалийн бүрдүүлэлтийг авчирч өгөөд татвараас чөлөөлөгдөх хуудас авах гэтэл НҮБ, Монголын Засгийн газар хоорондын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан хүн чинь ийм эрхтэй эсэх талаар лавлагаа авчир гээд өгөөгүй.

Ингээд энэ шаардлагыг биелүүлэхийн тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот өгч, мөн сарын 15-нд х/315 тоотоор хариуг аваад эргээд Сангийн яаманд очтол хариуцаж байсан мэргэжилтэн Болороо нь амралтаа аваад Амарбат гэдэг мэргэжилтэнд ажлаа хариуцуулаад орхисон байсан. Түүнд хандтал Гаалийн ерөнхий газартай ярилцаад утсаар хариу хэлье гээд долоо хоног чимээгүй болсон юм.

Бид арга ядаад дэд сайдтай нь биечлэн уулзаж учир байдлаа хэлтэл мэргэжилтэн Амарбатад “Асуудлыг даруй шийд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй” гэсэн үүрэг өгсөн боловч мөн шийдвэрлэхгүй байсаар хэд хоногийн дараа амралтаа авчихсан.

Долдугаар сарын 23-нд ирэх 2500 жараахайн холбогдох баримт бичгийг зургадугаар сарын 22 буюу нэг сарын өмнө Амарбатад өгсөн боловч мөн л мэдэгдэл хийж өгөөгүйгээс өмнө нь ирсэн загасны баримтыг Сангийн яамнаас авчраагүй гэдэг шалтгаанаар гаалийн удирдлагууд ачааг гаргахгүй цаг 30 минут барьсан.

Энэ нь хилэм загасны жараахайнуудыг үхэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн 20.000 жараахайны татвараас чөлөөлөх мэдэгдлийг одоо хүртэл гаргаж өгөхгүй байгаагаас болж гаалийн мэдүүлэг хийх боломжгүй болсон. Гэтэл өнөөдөр мэргэжилтэн Болороо нь “Энэ асуудлаа Амарбатаар шийдүүлэхгүй яасан юм.

Одоо хяналтаас гарсан тул мэдэгдэл хийж өгөх боломжгүй” гэдэг хариуг бидэнд өглөө. Бидний зүгээс үхсэн загаснуудын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх мэдэгдлийг яаралтай гаргуулах, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД