57 дугаар цэцэрлэг ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

2015 оны 10 сарын 13

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнгө үзэмжээ алдаж, хүүхдийн эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болсон өнөө үед улсын тодотголтой цэцэрлэг, сургуулиуд ганц нэгээрээ шинэ барилгатай болсоор байна.

Үүний нэг болж, Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг будаг нь ханхалсан шинэ байрандаа өчигдөр бяцхан үрсээ хүлээн авлаа. 1965 онд дөрвөн бүлэг, 100 хүүхдийн багтаамжтайгаар барьсан цэцэрлэгийг нь мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн жил акталжээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа “50 жилийн ойн босгон дээр шинэ байртай болсондоо сэтгэл их л өег байна. Хуучин цэцэрлэгт дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх дүгнэлт 2014 онд гарсан. Иймд өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хуучин цэцэрлэгээ нурааж, суурин дээр нь шинийг барьж эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын 15-нд бидэнд шинэ байр ашиглалтад оруулах бүрэн боломжтой болсон гэж мэдээлсэн.

Тиймээс бид тухайн сард хүүхдүүдээ бүртгэж аваад аравдугаар сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн. Бага, дунд тус бүр гурав, ахлах, бэлтгэл бүлгийн тус бүр хоёр, нийт 10 бүлэг, 240 хүүхдийн багтаамжтай танхимд Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороонд оршин сууж буй цэцэрлэгийн насны нийт 300 гаруй хүүхдийг аваад байна.

Цаашид хүүхдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Яагаад гэвэл тус хороонд харьяалагддаг 2-5 насны 537 хүүхэд байдгаас 400-г нь л энд хамруулах боломжтой. Анги бүрт ойролцоогоор 40 хүүхэд сургана гэж бодвол боломжгүй зүйл биш. Хамгийн гол нь манайд ажиллаж буй 22 багшийн ачаалал нэмэгдэх хандлагатай” гэж ярилаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр зарим эцэг эх хүүхдээ албатай болгохоор эрхлэгч, арга зүйч нарын үүдийг сахиж байлаа. Үүний хариуд “Өнөөдөр ачаалал их байгаа тул маргааш ярилцъя” хэмээн буцааж байлаа.

Тус хорооны оршин суугч Ө.Оргилмаа “Энэ сайхан орчинд чадвартай хамт олонд хүүхдээ даатгаж байгаадаа баяртай байна. Эцэг эхчүүдийн сэтгэлийг өөдрөг болгож буй нэг зүйл бол анх хүүхэд бүртгэж авахдаа бусад цэцэрлэг шиг ажил удаагүй. Бид ч мөн адил албан үүргээ гүйцэтгэж буй хүмүүст ямар нэг дарамт учруулалгүй бүгдийг ёс журмаар нь хийгээд л өнгөрсөн” гэлээ.

А.ТҮМЭННОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.116.2 сайхан мэдээ