Өлзийт хороолол, Шувуун фабрикийнхан шинэ замтай болов

2015 оны 10 сарын 13

Концессийн гэрээгээр өнгөрсөн оны тавдугаар сараас барьсан Өлзийт хороолол, Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг өчигдөр нээв. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороон дахь тус замыг “Ди Ар Жэй” ХХК барьж, зураг төслийг “Аварга зам” ХХК-ийнхан хийсэн аж.

Замын нийт өргөн есөн метр, хоёр эгнээ зорчих хэсэгтэй ба хоёр талдаа явган хүний болон дугуйн замтай юм. Түүнчлэн, ус зайлуулах төмөр бетон хоолой 26 ширхгийг хийж, замын хоёр талаар 8.7 км төмөр хашлага суулган, 5000 гаруй гэрэлтүүлэг байрлуулжээ.

“Ди Ар Жэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх “Концессийн гэрээгээр барьсан болохоор хүндрэлтэй зүйл их гарсан. Гэхдээ ажлынхаа ард гарч чадлаа. Энэ замыг 20.5 тэрбум төгрөгөөр барьсан. Одоогоор 70 хувь буюу 14.5 тэрбум орчим төгрөг хүлээн авсан. Үлдэгдлийг нь ирэх жил авна. Зам барихад инженер, техник болон зам ангийн 100 гаруй хүн 60 орчим машин, механизмтай ажилласан” гэлээ.

Тус зам ашиглалтад орсноор нийслэлээс алслагдсан иргэдэд үйлчилгээ хурдан, шуурхай хүрэх, орчны агаарын бохирдол, тоосжилт буурах юм. Мөн нийслэлээс гадагш чиглэсэн дэд төвүүдийг холбох, Төв аймаг, Шувуун фабрикаас нийслэл рүү авто замын сонголттой зорчих боломж бүрдсэн нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.

Удирдлагууд болон иргэд хамтдаа авто замын нээлтийн туузыг хайчилсан нь онцгой байсан юм.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД