ӨСВӨР ҮЕЭС “ӨГССӨН, ӨССӨН” БӨХЧҮҮД

2015 оны 10 сарын 12

1960-аад оны дунд үеэс эхлэн, бөхийн ертөнцөд олон сайчуудыг нээж тодруулсан тэмцээн бол өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан юм. Дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, С.Мөнхбат, улсын арслан М.Мөнгөн, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Мягмар, З.Дүвчин, Р.Давааням, Ц.Баярсайхан, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, улсын начин Ж.Чулуун, Ц.Сумьяабээс, Н.Бүрэнбаатар, Л.Наранбаатар, Ж.Отгонбаяр, Б.Сангисүрэн, А.Батмөнх, Р.Пүрэвдагва, Л.Лха-Очир, Б.Сугаржаргал, Д.Энхбаяр нарын олон бөх эндээс л гараагаа эхэлж, дийлэнх нь медальт байрт шалгарч байсан түүхтэй. Дээр нэрлээгүй үлдсэн олон бөх байгааг ч тэмдэглэх нь зүйтэй.

ӨНӨӨ ЖИЛИЙН ТҮРҮҮ БӨХЧҮҮДИЙН ТУХАЙД

1964-1968 оныг хүртэл зөвхөн нэг насны ангиллаар болж байсан бол, 1969-2011 онд хоёр ангиллаар зохиож байжээ. 2012 онд Улаанбаатар хотноо болоход анх гурван насны ангилалтай болгожээ. Түүхийн хуудас сөхвөл улсын аварга Д.Сумьяабазар, Төв аймгийн харьяат, аймгийн заан С.Ган-Идэр нар хошой аварга, нэг удаа дэд аварга болсон амжилтаар бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг байсан бол өнөө жил энэ үзүүлэлт эвдэгдэв.

Энэ амжилтын эзэн бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ. Өнөө жилийн наадмаар төрөлх аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн тэрбээр 2013, 2014, 2015 онд дараалан түрүүлж, алтан медалийн “цуглуулга”-тай болов.

Дунд насанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Өвөрхангай аймгийн баяр наадмын өнөө жилийн түрүү, улсын баяр наадмын өсвөрийн барилдааны гурван удаагийн аварга, улсын шонхор, аймгийн арслан Батжаргалын Лхагвадорж өрсөлдөгчдөө илт илүүрхэн орхисоор хошой алтын эзэн болсон.

Ноднин Өлгий хотод болсон УАШБ-д мөн уналгүй түрүүлсэн тэрбээр уг барилдаанд оролцон барилдсан хоёр жилдээ огт унаагүй нь дээр өгүүлсэн гурван алттай Б.Бат-Эрдэнийн амжилтыг давтаж, “уналгүйгээр” гурван удаа түрүүлсэн гэх шинэ амжилтын эзэн болох боломжтойг харуулж буй хэрэг.

Бага насанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, 2014 оны улсын наадмын өсвөрийн барилдааны үзүүр, улсын шандас Нямдоржийн Өсөхбаяр мөн л уналгүй түрүүлсэн. Тэмцээний журмаар 1998 оны 10-р сараас хойш төрсөн тул доод насны ангилалд оролцож буй тэрбээр дараагийн хоёр жилд дахин манлайлах боломжтой, арал чац сайтай бөх юм.

ТҮРҮҮ БӨХЧҮҮДТЭЙ “ТУЛСАН” ХҮЧТЭНҮҮД

Нас, насны ангилалд түрүү бөхчүүдтэй “сайн” барилдсан бөхчүүдийг нэрлэвэл “Аварга” сургуулийн Д.Эрдэнэтулга, М.Лхагвагэрэл, улсын шонхор Э.Үнэнхүү нар юм. Өмнөх хоёр жилд түрүүлсэн, жин, бяр ихтэй Б.Бат-Эрдэнэтэй Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Аварга” сургуулийн оюутан Д. Эрдэнэтулга сайн барилдав.

Арга ч үгүй биз, өнгөрсөн жил Өлгийд орхиж байсан тул өнөө жил “дошинд” нь тонгойлгохоор барилдсан болов уу. Харин дунд насанд хүч үзсэн бөхчүүдээс түрүү бөх, аймгийн арслан Б.Лхагвадоржтой Завхан аймгийн Яруу сумын харьяат, мөн “Аварга” сургуулийн бөх М.Лхагвагэрэл сайн хүч үзсэн. Учраа бүрээ удаж төдөлгүй, илүүрхэн давсан арслантай золгооноос тулж үзсэн бөх М.Лхагвагэрэлээс өөр байгаагүй юм.

Бага насанд улсын наадмын өсвөрт үзүүрлэж байсан, аймгийнхаа наадамд тунаж барилдсан, арал бяр ихтэй Н.Өсөхбаяртай арсаж барилдсан бөх нь өнөө жилийн улсын шонхор Сэлэнгийн Мандалын Э.Үнэнхүү. Энэ хүү уян хатан байдлаа харуулж барилдсаар дөтгөөр байрт шалгарсан бөгөөд түрүү бөхтэй ч тун сайн барилдсан билээ.

ИРЭХ ЦАГИЙН ШИЛДГҮҮД

Тус барилдааны түрүү бөхчүүд нэгэнт олонд танигдаж “тодорсон” бөхчүүд тул илүүг үл өгүүлэн “цахиур хагалах” бөхчүүдийг нэрлэхийг зорилоо.

Ахлах насанд дэд байрт шалгарсан Сэлэнгийн Х.Наранбаярын хувьд сүмо бөхөөр барилдаж байсан туршлагатай, суурьтай бөх бөгөөд өнөө жил барилдаан нь илт өсч, зоримог дайчин барилдсаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Аймгийнхаа наадамд дөрөв давсан тэрбээр цаашдаа “цахиур хагалах” боломжтой.

Мөн тус ангилалд гутгаар байрт орсон Булган аймгийн уугуул Б.Түвшинтөгс багаасаа барилдсан бөгөөд өмнөх жилүүдэд долоо, наймдугаар байр эзэлж байсан бол өнөө жил өнгөтэй сайхан барилдаж хүрэл медаль хүртсэн. Хийгүй нягт, ухаалаг барилддаг энэ залууд ахих цол тун ойрхон болов уу.

Мөн олны анхаарлыг онцгой их татсан хүчтэн бол дунд насны ангилалд зургадугаарт шалгарсан Увс аймгийн харьяат Гал-Очир хэмээх бөх. Энэ хүү ирээдүйн их хүчтэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

УДАМ

Энэхүү барилдаанд удамт хөвгүүд олноор барилдсан агаад энд заримыг онцлон нэрлэе. Улсын харцага Г.Элбэгийн хүү Э.Батсуурь дунд насанд барилдсан бол энэ ангилалд дөтгөөр байр эзэлж, уран барилдааны шагнал гардсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Отгонбаяр хэмээх хүү нэгэн цагт шуугиулж явсан, олноо “шигшээ” хэмээн алдаршсан, улсын улам нэмэх начин Шаравын Галсангийн ач хүү ажээ.

Бага насанд улсын начин Л.Өлзийбаярын бага хүү Ө.Өсөхбаяр барилдсан бөгөөд түүний удам судрыг бүгдийг бичвэл цаг цаас их орох тул энд хүрээд орхиё.

Мөн Завхан аймгийн арслан Мөнхтөрийн хүү М.Лхагвагэрэл, Говь-Алтай аймгийн арслан Чойжилсүрэнгийн хүү Ч.Бат-Эрдэнэ, Увс аймгийн шилдэг багш, Ш.Бат-Очирын хүү Б.Ганзориг нарын удамт хүчтэнүүд зодоглосон юм.

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ