Хөлбөмбөгт төрийн эргэлт гарлаа

2015 оны 10 сарын 12

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн Ёс зүйн хорооноос холбооныхоо ерөнхийлөгч Йозеф Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн тэргүүн Мишель Платини нарыг ажлаас нь 90 хоног түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд тэднийг оффистоо ирэхээс гадна хөлбөмбөгтэй холбоотой ямар ч ажил хийхийг хориглосон байна. Энэ бол дэлхийн хөлбөмбөгт төрийн эргэлт гарлаа гэсэн үг юм.

Ёс зүйн хорооноос Блаттер 2011 онд Платинид хоёр сая швейцарь франк шилжүүлснийг авилгын хэрэг гэж үзсэн. Энэ мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн талаар Блаттер хүн үнэмшмээр тайлбар хийж чадаагүй бол Платини ФИФА-д 1998-2002 онд ажилласан цалингаа авсан гэж мэдүүлсэн нь сэжиг төрүүлсэн.

Дэлхийн хамгийн баян холбоо яагаад ажилтныхаа цалинг есөн жилийн дараа өгсөн нь хачирхалтай төдийгүй 2011 онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө их хэмжээний мөнгө шилжүүлсний дараа Платини тэр сонгуулиас нэрээ татаж авсан байдаг.

Ингээд л үе үе хоорондоо маргалддаг ч гэсэн дэлхийн хөлбөмбөгийг хуваан захирч байсан хоёр эрхэм хамтдаа хэрэгт унасан. “Би буруу зүйл хийгээгүй болохоор ямар ч шийтгэлээс айхгүй байна” гэж Платини мэдэгдсэн ч ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болох шинжтэй.

Тэр үед 90 хоногийн шийтгэлийн хугацаа дуусах ч нэр дэвшигчдийг бүртгэх комисс энэ сарын 26-нд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрийг батална. Тэгэхээр Платинигийн дэлхийн хөлбөмбөгийг захирах мөрөөдөл бараг дууслаа гэсэн үг.

Хэрэв Платинигийн шийтгэлийг хүчингүй болгохгүй бол Олон улсын арбитрийн шүүхэд хандана гэдгээ Францын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын 10-нд албан ёсоор зарласан. Дэлхийн хамгийн баян спорт хөлбөмбөгийн төлөөх Америк, Европын дайнд хэн нь ялах бол?