“БИД ЭРЧҮҮДТЭЙ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭЖ ТУНХАГЛАСАН ХЭРНЭЭ ТҮҮНИЙГ ЭДЛЭХГҮЙ Л БАЙХ ШИГ”

2015 оны 10 сарын 12

“More” сэтгүүлийн редакцаас санал тавьсны дагуу Мишел Обама, Мерилл Стрип нар эх хүн, эмэгтэйчүүдийн талаар Цагаан ордонд чин сэтгэлийн яриа өрнүүлснийг орчуулан хүргэе.

-Таны амьдралд ямар эмэгтэй хамгийн их нөлөөлсөн бэ. Багадаа хэнээс үлгэр дууриал авдаг байв?

-Мерилл Стрип (МС): Ээж минь нөлөөлсөн. Миний ээж олны танил, алдартай хүн байгаагүй. Гэхдээ ээжийн минь очсон газар болгонд гэрэл гийх шиг болдог байсан. Ер нь хүнд хэрхэн нөлөөлж чадав гэдэг их чухал зүйл юм. Би гэдэг хувь хүн бий болоход хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол ээж минь.

Дандаа л “Охин минь, чи чин сэтгэлээсээ хүсээд, зорих юм бол чадна. Энэ бүхэн гагцхүү чамаас л хамаарна” гэдэг байлаа. Гэхдээ “Миний охин мундаг шүү” гэж хэлээгүй, харин “Чи өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна. Харин залхуурвал чадахгүй.

Зорьсондоо хүрэхийн тулд тэмүүлж, түүнд хүрсэн мэтээр төсөөлж, маш их хүсэх хэрэгтэй” гэж сургадагт нь би итгэж өссөн. Багаас минь захиж, сургасан нь ердөө л энэ. Энэ үгс намайг нэлээд бардам болгосон байж магадгүй (инээв).

-Мишел Обама (МО): Бардам, өөртөө итгэлтэй, гэхдээ түүндээ хүрч, биелүүлж чаддаг уу. Яг ийм үзэл бодол, танай ээжийн сургаал ч бас өнөөдрийн намайг бий болгоход нөлөөлсөн. Тэгэхээр манай хоёр ээж их адилхан юм.

Би өөрийгөө мэдрэмжтэй хүн гэж боддог, дээрээс нь миний оюун ухаан сайн, бас нөхцөл байдал, хүмүүсийг мэдэрч чаддаг гэж боддог. Ингээд бодохоор ээж минь ч яг ийм хүн байгаа юм.

-Та хоёр ээжтэйгээ хэр адилхан бэ?

-МО: Би ээжтэйгээ их адилхан гэдгээ саяхнаас л түүнтэй хамт амьдрах болсноос хойш улам мэдэрсэн. Ээж заримдаа миний дургүй зүйлийг хийж, намайг бухимдуулна аа. Тэр үед нь “Би ч бас ингэдэг юм байна шүү” гэж боддог (инээв).

Миний охид ч гэсэн үүнийг ажигласан байна лээ. Ээж минь дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом, үнэмлэхгүй ч хүссэн бүхнээ хийж ирсэн. Гэхдээ хүүхдүүд нь түүнд таалагдаагүй юмыг ч хийхийг хүлээн зөвшөөрдөг байсан. Олонх ээж өөрийнхөө айдаг юмнаас хүүхдүүдээ хол байлгахыг хичээдэг бол манай ээж тэгээгүй. Бидэнд сонгох эрх өгсөн.

Ээж аялж, хол явах дургүй байсан, гэхдээ ах маань сагсан бөмбөгийн тэмцээнээр Парис явах болоход онгоцны тийзийг нь хүртэл авч өгөөд, үдсэн. Өөрийн айдсыг үр хүүхдэдээ дамжуулж болохгүй гэдгийг ойлгосон хэрэг л дээ. Би айдсаараа охидынхоо хүсэл мөрөөдлийг бөхөөх вий гэж ээж шигээ болгоомжилдог.

-МС: Би ээжтэйгээ адилгүй. Их дотогшоо, бодол санаагаа ил гаргахгүй талдаа хүн. Олны өмнө гарахаасаа өмнө би өөртөө “Мэри, чи үүнийг чадна” гэж шивнэдэг. Хийж чадна гэж бодвол итгэлтэй, хүчтэй болдог шиг санагддаг. Би өдгөө ч ингэж өөрийгөө зоригжуулдаг.

-Та хоёр хоёулаа охидын ээж. Эмэгтэйчүүдийг дутуу үнэлдэг, эрчүүдийн гэмээр өнөөгийн нийгэмд охидоо хэрхэн бэлтгэж, сургадаг вэ?

-МО: Ээж минь бидэнтэй үргэлж ярилцдаг байсан шиг би ч охидтойгоо байнга харилцан ярьж, ойлголцдог. Ээж надад “Чи бүхэл бүтэн хүн өсгөж байгаа шүү” гэж хэлж, захидаг байлаа. Тиймээс би эхнээсээ л нээлттэй, чөлөөтэй харилцаа бий болгохыг зорьсон.

Одоо охид маань (Малия 17, Саша 14 настай) шилжилтийн насандаа явж байна. Өсвөр насныхан голдуу л үе тэнгийнхнээсээ асууж, зөвлөлддөг. Тиймээс би “Асууж, зөвлөлдөхийг хүсэж байгаа зүйлээ ээжтэйгээ хуваалцаарай. Ээж нь хариултыг мэдэж байгаа шүү” гэж тэдэндээ сануулдаг.

Үр хүүхэд минь өөр шигээ 14 настай охины зааснаар бүү яваасай гэсэн дээ тэр. Гэхдээ бас хэт үглэж, юм болгоныг зааварлаад байдаггүй.

-МС: Зааварчилгаа ихэдвэл залхаад, зөрүүдлээд үгэнд орохгүй.

-МО: Хэлэх гэсэн санаагаа энгийн юм ярьж байхдаа, эсвэл тэдэнд тулгарсан бэрхшээлийн талаар сонсож байхдаа, заримдаа аавынхаа үгэнд уцаарлан, туниж байхад нь хавчуулаад хэлчихвэл их зүгээр. Миний ажигласнаар тийм л үед хүүхдүүд бидний яриаг арай илүү тусгаж аваад байх шиг.

-МС: Үүн дээр, Тэргүүн хатагтай байх нь бас сөрөг талтай байж мэдэх юм шүү. Учир нь, Та бусад ээж шиг хүүхдээ сургуульд нь хүргэх замдаа машинд ярилцана гэж байхгүй. Ер нь машинаар явж байхад их чухал яриа өрнөдөг юм шиг ээ.

Ээж нь “За, өнөөдөр юу болов, яав ийв” гэж байцаахгүй, жолоондоо анхаарч, дуугүй явах хооронд хүүхдүүд илүү их ярьдаг. Ер нь өсвөр насныхныг асуултаар булбал юу ч олж сонсохгүй. Тэдний амнаас үг унагахыг хүсвэл чихээ сортойлгоод, дуугүй л байх хэрэгтэй юм шиг байгаа юм.

-МО: Өөрөө ярьж эхэлтэл нь хүлээх үү?

-МС: Яг үнэн, хүлээх л хэрэгтэй. Хүмүүс надтай уулзахаараа “Та их хүчирхэг эмэгтэй мэт санагддаг” гээд л эхэлдэг. Тэгэхээр нь би “Та эрчүүдтэй уулзахдаа яриагаа “Та хүчирхэг эр шиг санагддаг” гэж эхэлдэг үү” гэж сөргүүлэн асуудаг. Үгүй л байхгүй юу.

Яагаад гэвэл, бид эрчүүд угаасаа л хүчирхэг гэж хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн. Тэгвэл бид яагаад эмэгтэйчүүд ч бас хүчирхэг гэж бодож заншаагүй юм бэ? Миний охид (Мами 32, Грэйс 29, Луйза 24 настай) бүгд их чадвартай төрсөн, өсөж томрохдоо ч мундаг байсан. Харин шилжилтийн насандаа очоод аливаад эргэлзэж, жаахан итгэлгүй болж ирсэн ч удалгүй хэвийн байдалдаа орж, нөхцөл байдлыг давсан.

Гурван охин маань ганц хүүгээс минь их өөр байсан (Хүү Хэнри 36 настай). Хүү өсгөнө гэдэг их өөр сорилт байдаг. Ер нь хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд анхаарах гол зүйл бол өөрөө үлгэрлэх явдал юм билээ. Тэд үргэлж эцэг эхээ ажиглаж байдаг. Хүүхдүүд анзаарахгүй, ажиглахгүй өнгөрдөг зүйл гэж бараг үгүй байх. Ялангуяа бага насныхан бол локатор л гэсэн үг.

-МО: Үнэхээр тэд харж, сонссоноо тэр чигт нь эргүүлээд бидэнд үзүүлдэг шүү дээ. Бид сайн эцэг эх байж чадаж байна уу гэдгийг хүүхэд маань харуулаад өгдөг. Гэхдээ хүүхэд бүхэн адилгүй. Ах, эгчээсээ тэс өөр авир, ааштай хүүхэд ч бий.

Тэгэхээр хүүхэд бүрийн завийг залуурдахын тулд бид чармайдаг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр, хүүхэд болгон төрөлх зан чанартай хувь хүн. Тийм хувь хүмүүсийг эцэг эхчүүд бид өөрийн хүссэнээр залуурдана гэсэн бодлоо орхих хэрэгтэй.

Өөрөөрөө байх боломжийг нь хүүхдэд үлдээгээд, дэмжээд л явах нь хамгийн сайн арга гэж би боддог.

-МС: Тийм шүү, тийм л дэмжлэг тэднийг маань хөгжүүлнэ.

-Өнөө үед охидод тулгарч байгаа хамгийн гол асуудал юу вэ?

-МО: Боловсрол, боловсрол, бас дахин хэлье боловсрол. Олонх хүүхэд лицейг алдар хүнд, амжилтын оргилд хүрэхийн өмнөх зүгээр л нэг зогсоол мэт бодоод байх шиг.

Сурч, боловсрох нь энэ амьдралын хамгийн чухал, хамгийн гоё, хамгийн агуу зүйл гэдгийг охид, эмэгтэйчүүд маань ухаараасай л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-МС: Харин тийм. Зөвхөн охид ч биш, хөвгүүд бас тэгж зориосой. Хөвгүүдэд ч гэсэн бодох санах юм их байна.

-МО: Санал нийлж байна.

-МС: Гэхдээ өнөөгийн охид, эмэгтэйчүүд бидэнд нэг асуудал байна. Бид эрчүүдтэй тэгш эрхтэй гэж тунхагласан хэрнээ тэр зүйлийг эдлэхгүй л байх шиг. Хүн төрөлхтний түүхэнд эмэгтэй хүн эрчүүдтэй мөр зэрэгцэн нийгмийн бүхий л салбарт хүчээ үзэх нөхцөл бололцоо анх удаа бүрдлээ гэхэд болно. Гэсэн хэдий ч бид эсэргүүцэлтэй тулсаар байна.

Төр, засаг, удирдлагын бүхий л шатны байгууллагад, Холливудад ч ийм эсэргүүцэл бий. Тиймээс охидод маань тулгарах гол бэрхшээл бол тэр саадыг даван туулах явдал. Тэгэхээр эх хүний хувьд бид тэднийг нүдэнд үл үзэгдэгч энэ мэт эсэргүүцлийг даван туулах зориг, хүчтэй болгох ёстой.

Мөн эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш байх нь айгаад, цочирдоод байх зүйл биш гэдгийг нийгэмд давхар ойлгуулахыг зорих хэрэгтэй. Бидний охид энэ эсэргүүцэлтэй тэмцэх ёстой. Би тийм эсэргүүцэлтэй тулсаар ирсэн болохоор ингэж хэлж байна.

-Тийм үү. Холливудад ч тийм эсэргүүцэл байдаг гэж үү. Хүмүүс таны энэ үгийг сонсоод гайхна байх даа.

-МС: Холливудад ийм эсэргүүцэлтэй тулсан уу гэнэ ээ? (инээв) Патрисия Аркетт “Оскар”-ын шагнал гардахдаа хэлсэн үгийг Та мэдэх үү. (Эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн цалингийн ялгааны талаар). Энэ бол санаанаасаа зохиосон худал зүйл биш, чин үнэн шүү дээ.

-МО: Ээж маань “Өнөө цаг үед та нарт бүрэн боломж бий” гэж байнга хэлдэг. Ээжийн маань үед эмэгтэйчүүдэд сонголт хомс байж. Өнөө үеийн бид ч заримдаа “Надад карьер хөөх шаардлага байна уу. Гэртээ үр хүүхдээ өсгөн бойжуулахыг илүүд үзвэл яах вэ. Би хүчирхэг эмэгтэй байх сонголтыг сонирхохгүй бол яах вэ” гэх мэтээр тээнэгэлздэг. Би ч гэсэн ийм асуулттай үргэлж тулгардаг. Учир нь хүмүүс намайг хүчирхэг эмэгтэй гэж хүлээж авдаг болохоор тэр үү, эсвэл өмнөх Тэргүүн хатагтай Хилари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа учраас ч тэр үү надаас “Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү” гэж асуудаг. Хилари, бид хоёр адилгүйгээс гадна, бас өөр хүсэл эрмэлзэл, зорилготой.

-Та алба болон ар гэрийн ажилдаа цагаа хэрхэн тэгш хуваарилдаг вэ. Хүндрэл учирдаг уу?

-МС: Миний ажил ар гэрийн амьдралын минь чухал нэг хэсэг. Би дүрд хувирч, түүгээр дамжуулан өөрийн амьдралыг баяжуулж, цэнэглэдэг тийм гайхалтай ажилтай. Хүүхдүүд маань ч бас амилуулсан дүрээр минь дамжуулж ээжийгээ дахин нээж, таньж байдаг.

-МО: Би амьдралынхаа шаардлагын дагуу ажлаа зохион байгуулсан. Угаас амьдрал биднээс ингэхийг шаардаж байсан. Миний хүүхдүүдэд юу ч дутагдаагүй. Ээжийгээ ажил хийлээ гээд тэд надаар айхтар дутаж, зовоогүй гэхэд болно. Бас би ажил хийлээ гээд тэднийгээ бага хайрлаагүй.

-МС: Танай хүүхдүүд хайраар дутаагүй, айдасгүй өсөж байгаа болохоор тэр.

-МО: Үүнээс болж би ажил, ар гэрээ тэнцүүхэн авч явах асуудлын талаар илүү нухацтай боддог болсон. Ажил хийх нь миний сонголт. Би хүссэн учраас ажил хийж байгаа юм.

-МС: Хүү маань хөгжимчин. Тэрбээр 21 настай байхдаа Талархалын баярын үеэр гэнэт “Амьдралдаа хамгийн их харамсаж явдаг зүйл минь юу гээч” гэж асуусан. Би дотроо “Одоо яадаг билээ, сургууль дээрээ тоглосон жүжгийг нь үзэж чадаагүйд минь гомдож дээ” гэж айж байтал тэрбээр “Та намайг хөгжмийн дугуйланд явуулж байгаагүй” гэдэг юм. Би тэгэхээр нь “Чамайг төгөлдөр хуурын дамжаанд явуулсан биз дээ, бүтэн хоёр жил шүү” гэж хэлсэн. Мань хүн мартчихсан байсан юм билээ.

-МО: Хүү тань өөрийгөө хөгжмийн гоц авьяастай гэж итгэдэг байж дээ.

-МС: 15 настайдаа гитар аваад, өөрөө бие дааж сурсан гэж ярьдаг нь үнэн юм билээ. Гэхдээ төгөлдөр хуурын дамжааг тас мартчихсан байдаг нь их сонин. Тэр үед хөгжимд хачин дургүй байсан болоод тэр үү, төгөлдөр хуурын дамжаанд яв гэхэд “Би сагс тоглоно” гэдэг байсан юм. Тэгэхээр нь би бараг хүчээр явуулсан. Би тэр үед жаахан хүч хэрэглэчихдэг “бар” үедээ байлаа шүү дээ.

-Та хоёр үр хүүхдэдээ юу өвлүүлэхийг хүсдэг вэ. Түүхэнд ямар үүрэг гүйцэтгэмээр байна вэ?

-МО: Би хүмүүст хэрэгтэй ямар нэг юм хийж үлдээмээр байна. Тийм ч учраас би олны дунд байж, тэдэнтэй гар барьж, үгийг нь сонсохыг хичээдэг. Ялангуяа хүүхдүүдтэй. Би хэн нэгэн бяцхан охины үгийг анхааран сонсоод, ирээдүйд хийхийг хүсэж байгаа зүйлийнх нь талаар асууж, урам хайрлаж, бас түүгээр бахархаж байгаагаа хэлээд, тэврэхэд түүний амьдралд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдэж, цаашлаад өсөн, дэвжихэд нь түлхэц болох ч юм бил үү. Энэ бол миний зорилго, миний уриа юм. Тэргүүн хатагтай гэдэг эрхэм алдар хүндтэй цаг үеийг зүгээр өнгөрүүлмээргүй байна.

-МС: Таны яриаг сонсоод дуучин Стингийг саналаа. Тэрбээр багадаа Английн хөлөг онгоц үйлдвэрлэдэг нэгэн дүүрэгт амьдардаг байж. Нэг удаа тэр дүүрэгт болсон арга хэмжээнд хатан хаан Элизабета оролцжээ. Задгай машин дээр зогсоод, цугласан олонтой гараа даллан мэндлэх хатан хааныг харсан Стинг хүү “Том болоод ийм гоё машинд суугаад, хүмүүс рүү даллаад явна” гэж бодсон гэдэг.

-МО: Гэхдээ надад тийм зорилго байхгүй л дээ.

-МС: Тэгэхээр тийм хоромхон зуурт ч насан туршид нь үл мартагдах дурсамж бий болж, мөрөөдөлтэй болж, түүндээ хөтлөгдөж болдгийн гайхамшигтай жишээ энэ. Миний үлдээх өвийг би биш, бусад хүн хийж өгдөг гэж боддог шүү. Жишээ нь, намайг шагналд нэр дэвшүүлэх ажлыг би өөрөө хийдэггүй. Гэхдээ би ямар өв үлдээж, юугаараа дурсагдах хүн бэ гэж бодохоор өөрийн эрхгүй ээжийгээ дурсан санадаг юм. Надад хайртай, бас миний хайртай хүмүүст амьдралынх нь нэг хэсэг байж чадсан болов уу, би. Тэдэндээ дурсагдаж чадах болов уу гэдэг л хамгийн чухал. Түүгээр л би өв үлдээж чадсан, эсэхээ дүгнэнэ. Өвийн тухай миний ойлголт илүү хувийн чанартай гэх үү дээ.

-Хэрэв Та тэргүүн хатагтай болон кино урлагийн од байгаагүй бол нийгэмдээ нөлөөлөхийн тулд юу хийж чадах байсан бол?

-МС: Хариуцлагатай, ухаалаг хэрэглэгч байна. Худалдан авч байгаа зүйл маань байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эсэхийг чухалчлан анхаардаг.

-МО: Дуртай зүйлээ олоод, түүн рүүгээ байнга тэмүүлнэ гэдэгтээ би бат итгэдэг. Амьдарч буй нийгэмдээ бидний хийж байгаа зүйл, жишээ нь, Мэрилийн бүтээсэн, бүтээх дүр болон чадан ядан зүтгэж буй ажил минь гээд бүгд л бусдын тусын тулд хийж байгаа гэж итгэдэг. Хүүхдүүд маань “Ээж ээ, та биеэ бод, өөрийгөө арчил, асар” гэдэг шиг. • • • • •