Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 12

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд.

Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ.

Сонгуулийн мэдээллийг ард түмэнд хүртээмжтэй, бүрэн дүүрэн хүргэх, нэр дэвшигчдийг иргэдийн өмнө тэгш эрхтэйгээр танилцуулах, иргэд өөрсдийн үзэл бодлоор сонголтоо хийхэд туслах үндэс нь бидний зорилго.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, НИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз гэсэн сувгаар нэвтрүүлнэ. Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон НИТХ-д горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Дахин тодруулахад, “Хэн нь хэн бэ танилцуулах төсөл”-ийн эцсийн зорилго нэр дэвшигчдийг тэгш эрхтэйгээр олон нийтэд танилцуулах, иргэд тэдний талаарх мэдээллийг тэнцвэртэйгээр хүлээн авч өөрсдийн дүгнэлтээр сонголтоо хийх боломжид хөтлөх билээ.

Хуудсанд тойрог тус бүрийг харьяаллаар нь харуулах бөгөөд тухайлсан тойрог руу дарж орсон тохиолдолд мэдээллийг тоо баримт, графикаар ойлгомжтой харуулж, сонгосон горилогч руугаа хандсанаар түүний мөрийн хөтөлбөр, хувь хүний амьдралын замнал, сонирхолтой мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломжийг өгч, нэвтрэх эрхээр хангана. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэнэ.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад РОЯАЛ ТЕЛЕВИЗ-ийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг, хөдөө орон нутгийн үзэгчид МАЛЧИН ТЕЛЕВИЗ-ээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэгдэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч үзэх боломжтой. Орон нутагт болж буй үйл явдлын мэдээллийг 21 аймгийн гэрээт сэтгүүлчээр дамжуулан шуурхай мэдээлнэ. Мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Төслийн дараагийн шат санал асуулгад төвлөрөх юм. Горилогчдын рейтинг тодорхойлох санал асуулгыг 26 тойрогтоо 9,10,11,12 дугаар сард дөрвөн удаа судалгаа явуулж, дүнг мэдээлнэ. Санал асуулгын хүрээнд энэ оны есдүгээр сараас ирэх оны зургадугаар сар хүртэл сар бүр нэг тойрогт 20 удаа горилогчдын талаар асуулга явуулж, сурвалжлага хийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлнэ.

Төслийн www.songuul2016.zindaa.mn цахим хуудсанд онлайн санал асуулга өдөр бүр идэвхтэй байхын зэрэгцээ нийгмийн сүлжээнд “Миний-76” фэйсбүүк аппликэйшныг ажиллуулна. Ингэснээр сонгогч өөрийнхөө 76 гишүүнийг нэрлэн, найзууддаа санал болгох хэлбэрээр төслийн үйл явц, үр дүнг идэвхжүүлнэ. Үүнд, 50 000 хүн оролцоно гэсэн урьдчилсан судалгаа бий.

Дахин тодруулахад, “Хэн нь хэн бэ танилцуулах төсөл”-ийн эцсийн зорилго нэр дэвшигчдийг тэгш эрхтэйгээр олон нийтэд танилцуулах, иргэд тэдний талаарх мэдээллийг тэнцвэртэйгээр хүлээн авч өөрсдийн дүгнэлтээр сонголтоо хийх боломжид хөтлөх билээ.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол www.songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.