Улаанбаатар хотын дөрвөн байршлыг машингүй гудамж болгоно

2015 оны 10 сарын 09

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид “Автомашингүй гудамж” төсөл хэрэгжүүлэхийг өчигдөр дэмжлээ. Эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох дөрвөн байршилд төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж тэд үзжээ.

Тодруулбал, Төв шуудангийн хойд үзүүр, Хөрөнгийн биржийн зүүн урд талын уулзвараас баруун тийш, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур “Мобиком” ХХК-ийн төв байр, Төрийн өмчийн хорооны дундуур гарсан автозамтай холбогдох хэсэг, мөн “Хангарьд” ордон, “Бодь” цамхаг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны урдуур Үндэсний түүхийн музейн урд тал, Чингисийн талбайн баруун талын автозамаас эхлэн Улаанбаатар хотын банк, МҮЭ-ийн холбооны төв байрны урдуур гарч “Өргөө” зочид буудал, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Голомт” банкны зүүн талын автозам хүртэлх газарт энэ ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Эдгээр байршлыг автомашингүй гудамж болгохын тулд хамгийн түрүүнд зогсоол гаргах ёстой гэдэгт албаныхан санал нэгдлээ. Тиймээс Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол хийхээр төлөвлөжээ.

Зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийнэ гэж урьдчилан тохиролцсон аж. Чингисийн талбайн урд хэсэгт газар доогуур барих зогсоолыг гурван давхар, 800 автомашин зогсох боломжтой хийх бол Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төлөвлөж байгаа зогсоол нь хоёр давхар, 180 автомашин багтах ажээ.

Газар доор барьсан зогсоолуудын дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилга, усан оргилуур бүхий цогц байгууламж барихаар төлөвлөв. Үүнийг тухайн газрыг эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барьж ашиглах юм байна.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 hotiin ezemshiliin gazar deer huviin baiguulamj barij, tulburtei zogsool baiguulaad, irgedees mungu saah ni dee. songuuli umnu yum yum amjuulah ni dee, hashruud.
172.101.82.153 hotiin ezemshiliin gazar deer huviin baiguulamj barij, tulburtei zogsool baiguulaad, irgedees mungu saah ni dee. songuuli umnu yum yum amjuulah ni dee, hashruud.