ДАРГА ГЭРЭЛ ЗУРАГЧНЫ БҮТЭЭЛ ДАРЖИН

2015 оны 10 сарын 08

Монгол Улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойг залуу үеийнхэн өргөн тэмдэглэж байна. Миний хувьд гэрэл зурагтай холбогдоод нэг мэдэхэд 50 жил өнгөрчээ. Иймээс бяцхан дурсамж бичье. Гэрэл зурагтай холбогдсон минь богино биш түүхтэй ч, сайрхаад байх лут уран бүтээлч гэвэл ташаа ойлголт.

Тэгэх тусмаа өдгөө цэцэрлэгийн насны жаалууд хүртэл гар утсаар бие биенийхээ дүрсийг татаж сатаардаг болжээ. Харин би Говь-Алтай аймгийнхаа Дарви сумын бага сургуульд сурагч байхдаа гэрэл зургийн тухай ойлгож ядаж явсан нэгэн. Бүр хожуу 1960-аад оны эхээр багшийн сургуульд байхдаа ангийнхаа Н.Лхагва, Х.Дашзэвэг нартай нийлж, нөхдийнхөө зургийг авч угаасан болж, халтартуулж байсны ул мөр миний фото цомогт бий.

1967 онд Сөгнөгөрийн “Цагаан нуга” пионерийн зусланд ажиллаж байхад минь манай ахлах удирдагч Дэмчигийн Мөнх-Очир зургийн хор найруулахаас эхлээд бүх нарийн зүйлийг заан сургаж, гүйцэтгэлийг нь нэг биш удаа нягтлан шалгаж байсны ачаар би хар, бор ажлыг хийхдээ хүний гар харахгүй болсон.

Тэр намар манай 28 дугаар сургуулийн захирал, эрхэм буянт хүмүүн П.Мэгзэм багш надад физикийн кабинетаас “BERA” аппарат нэгийг өгч ханын сонин, зурагт мэдээлэл гаргаж байх үүрэг хүлээлгэсэн тул гэрэл зурагтай бат орооцолдож эхэлсэн түүхтэй. Тэр “BERA” бид хоёр хилийн дээс ч цуг давсан, хот хөдөө ч цөөнгүй манаргасан байдаг юм.

Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид сурч байхад Монголын фото мастеруудын анхдагчийн нэг М.Цэрэнжамц бидэнд нэлээд нарийн ширийн зүйл зааж, техникийн дэвшил, түүний өгөөжийг таниулсан ачтан. Сургуулиа дүүргээд “Үнэн” сонинд 1976 онд спортын тоймчийн албанд томилогдон очлоо. Тэр үед намайг зураг авдаг, мэдээгээ бичдэг юм чинь хоёр хүн явуулаад яах вэ гэсхийгээд намайг хөдөө орон нутагт янз бүрийн ажилд үе үе явуулах нь сайхан л байлаа.

Гэтэл 1979 оны зургадугаар сард гэрэл зургийн тасгийн дарга болгох шийд гарлаа. Би хэр хэмжээгээ багцаалалгүй яах вэ. Чадахгүй гээд зүтгэлээ. Зүтгэх хэд хэдэн шалтаг байсан юм. Түүний нэг нь Москвад фото сэтгүүлчээр төгсөөд ирсэн, бас цөөнгүй жил ажилласан М.Лхагвасүрэн тэр тасгийн даргаар хэзээ томилогдохоо хүлээж ядаж суусан нь нууц биш. Түүний ч зөв.

Хоёр дахь нь тэр тасагт очиход надад баримаар өөдтэй аппарат байгаагүй. Гуравт миний үндсэн сэдэв спорт. Түүнээсээ холдоно. Зураг авахаасаа илүү би спортын мэдээ бичих сонирхолтой. Ийм гурван шалтгааныхаа эхний хоёрыг хэлээд Ц.Намсрай эрхлэгчдээ учирлаа. Эрхлэгч миний яриаг анхааралтай сонсож байгаад.

-Чулуун аа. Нэгэнт шийд гарчихсан. Япон руу цоо шинэ аппарат захиж авчраад чамд бариулна. Бас Германд чамайг явуулж фотогоор мэргэжил дээшлүүлнэ. Чи намар болтол хуучин ажлаа хийж бай гэснээ миний бодлыг таасан юм шиг спортынхоо сэдвийг битгий орхи. Зургийг нь аваад бичээд байвал харин сайн гээд хөдөлсөнгүй. Би за, зүү болсон санагдана.

Эрхлэгч минь жилийн дотор хоёр амлалтаа гүйцээж, би нэгэн амлалтаа насан турш биелүүлж спортоо сонирхсоор өдий хүрлээ. 1980 оны есдүгээр сарын 18-ны пүрэв гаригт Я.Нармандах гэдэг залуутай галт тэрэгний буудлаас Германд мэргэжил дээшлүүлэхээр цоо шинэ НИКОН аппараттай мордож байлаа.

Тэр аяллаас арваннэгдүгээр сар лавхан гаргаад ирэхэд манайхныг III хороололд цоо шинэ гурван өрөө байранд оруулсан байж билээ. Тэр цагаас хойш бага сага завсарлагатайгаар “Үнэн”, “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонинд фото албаны дарга байсаар тэтгэвэртээ суулаа.

“Дарга” гэрэл зурагчин байх он жилүүдэд Б.Лувсанжамц, О.Сумъяа, М.Лхагвасүрэн, В.Гончигсүрэн, Т.Дамбадаржаа, Р.Энхбат, С.Цацралт, Т.Чимгээ, Н.Байгалмаа, Ж.Орхон, С.Энхжаргал, Р.Гоцбаяр, Ш.Отгонжаргал, Б.Тошка, П.Баттулга, Ц.Батбаатар, Э.Харцага, Г.Эрдэнэтуяа, Б.Бямба-Очир нарын залууст хэрээ мэдэхгүй номчирхож, даргархаж явснаа завтай болсон үедээ бодоход зугаатай байх юм даа.

Фото албаны даргын албаа “Үнэн” сонины Н.Бөхдамбий гуай, “Өдрийн сонин”-ы Д.Баатархүү дүү, “Өнөөдөр” сонины Т.Чимгээ бүсгүй нарт хүлээлгэж өгснөө би мартдаггүй юм. Тэд сүрхий болцгоосон. “Дарга” сэтгүүлчийн уран бүтээл даржин байдаг ч юм уу, миний чадал тэнхээтэй холбоотой ч байж мэднэ. Надад сайрхаад байх бүтээл цөөвтөр.

Анх 1970 оны нэгдүгээр сарын 1-ний “Пионерийн үнэн” сонинд 28 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Сумъяагийн фотог нийтлүүлснээс хойш фото сэтгүүлчийн жим эхэлсэн түүхтэй. “Үнэн-78”, “Үнэн-81”, “Үнэн-83” фото уралдаанаас шан хүртэж явсан бичиг бий. Бас “Залуучуудын үнэн- 1983”, “Улаанбаатарын мэдээ-1981” оны уралдаанд байр эзэлсэн баримт нь үлджээ. Харамсалтай нь тэр үед уралдаанд фото илгээхэд хальсыг дагуулдаг журамтай байж билээ.

Зөвлөлт, Германы сонинд цөөн фото нийтлүүлсэн хайчилбарыг хадгалсаар өдий хүрлээ. “Советский спорт” сониноос зарласан уралдаанд нэг “морь” айрагдуулсан хэдий ч дахиж гадаадад зураг илгээсэн удаагүй. Гэрэл зураг түүх өгүүлдэг учраас агшин бүр үнэ цэнэтэй. Би гэрэл зургийн мастер явсан гэдэг үүднээс биш, гэрэл зурагчдынхаа дунд манаргаж явсан гэдгээ илэрхийлэн хоёрыг толиулав.

Р.ЧУЛУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.80 minii aav mash saihan Hun sain aav . taniga mash in sanaj b
66.58.202.7 chuluun guidaa eryyl enhiig hysie,tanai ohiny negen naiz